Дөрвөн настай охиныг нагац нь хүчирхийлсэн байсан

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Дөрвөн настай охиныг нагац нь хүчирхийлсэн байсан

Улсын хэмжээний гэмт хэргийн гаралт, нөхцөл байдлын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн тө­вийн дарга, цагдаагийн хурандаа Т.Сайн­жаргалаас тодрууллаа.

-Сүүлийн үед оюутнууд, арван жилийн сургуулийн төгсөх ангийнхан гэмт хэрэг үйлдэх нь олширч байгаа гэсэн мэдээлэл бай­на. Хаврын улиралд ямар төрлийн гэмт хэрэг ихэсдэг вэ?
-Урин дулаан цаг болохоор хүчин, архидан согтуурснаас үүдэлтэй танхай, дээрмийн гэмт хэрэг ихсэх магадлалтай байдаг. Их дээд сургуулийн төгсөгчид гэмт хэрэг үйлдээд байна гэж шууд хэлэх боломжгүй. Төгсөлтийн баяраа тэмдэглэж байгаа залуус архи, согтууруулах ундаа хэт­рүү­лэн хэрэглэдэг нь гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг. Өнгөрөгч мягмар гаригт  амралтанд хонхны бая­раа тэмдэглэж байсан 22 настай З… ангийнхаа охиныг хүчирхийлсэн хэрэг гарлаа. Түүнээс гадна төгсөх ангийн хүүхдүүд хулгайн гэмт хэрэг үйлддэг. Учир нь хонхны баяраа хийх мөнгө байхгүй учир бусдын өмнө хүнд байдалд орохгүй гэхдээ хулгай залилан хийх тохиолдол байдаг. Иймд бусдыгаа хүнд байдалд оруулж, гэмт хэрэг рүү түлхэхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
– Хүчингийн хэрэг яагаад ихэсдэг юм бэ. Сэтгэцийн өөрчлөлттэй ир­гэдийн өвчин сэдэрдэг үү. Ур­жиг­дар­ дөрвөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан байсан. Тэр хүн сэт­гэцийн өөрчлөлттэй юм болов уу?
-Сэтгэл мэдрэлийн өвчтэй иргэдээс гадна архи хэтрүүлэн хэрэг­лэж, өөрийгөө хянах чадваргүй хүн ийм хэрэг үйлдэх нь олон. Баянзүрх дүүргийн I  хороонд дөрвөн настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан. Цаг­даагийнхан шуурхай эрэн хайсаар охины нагац, 19 настай хүн энэ гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон. Сэт­гэцийн өөрчлөлтгүй, эрүүл хүн юм билээ. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
-Авто замын осол сүүлийн үед эрс нэмэгдэж байна. Хулгайн гэмт хэрэг их гардаг байсан бол одоо авто замтай холбоотой хэрэг, зөрчил хамгийн их гарах боллоо?
-Зам засварын ажил хийж эхэлсэнтэй шууд холбоотой.Нийслэлийн хэмжээнд орон байр, халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их гардаг байсан бол сүүлийн өдрүүдэд авто машинтай холбоотой гэмт хэрэг их гарах боллоо. Жолооч нар нөхцөл байдалдаа зохицуулж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Бага насны  хүүхдээ харгалзах хүнгүй явуулахгүй байхыг онцгой анхааруулмаар байна. Замын ачаалалтай энэ үед хүүхэд мөргүүлж, гэмтэж бэртэх хэрэг ихсэх хандлагатай байна. Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт есөн настай охин машинд мөргүүлж гэмтлээ.
-Хаврын улиралд хамгийн их хохирол учруулдаг хэргийн нэг нь ой хээрийн түймэр. Анхаарал болгоомжгүйгээс болоод олон мянган га газрыг шатаасан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үү?
-Энэ сарын 10-ны байдлаар есөн аймгийн 16 суманд 26 удаа ой хээрийн түймэр гарч 12319 га газар шатлаа. Түймэрт өртөн хоёр хүн нас барж, гурван хүн гэмтсэн. Архангай, Төв аймагт тус бүр нэг, Дархан-Уул, Ховд аймагт тус бүр хоёр Сүхбаатар, Хөвсгөл аймагт тус бүр гурав, Дорнод Булганд тус бүр дөрөв, Сэлэнгэд зургаан түймэр гарсан. Ховд аймгийн Буянт суманд гарсан түймрийн улмаас 2400 га газар шатсан. тус сумын иргэн Г татсан тамхиныхаа ишийг унтраалгүй орхисноос түймэр гарсан болохыг тогтоон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Төв аймгийн Заамарт гарсан түймэр мөн тамхины ишээ унтраалгүй орхисноос гарсан. Энэ хэрэгт Н-ыг шалгаж байгаа. Ой хээрийн түймэрт дээрх аймгуудын 830 бог, 106 бод шатаж үхсэн. Хүний анхаарал болгоомжгүй үйлдлээс ой хээрийн түймэр гардаг. Иймд иргэд татсан тамхины ишээ гүйцэт унтрааж, цогтой үнсээ ил задгай орхихгүй байх, аялал зугаалгаар явахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж