Гэмт хэргийн улмаас 82 хүн хөнгөн, 12 хүн хүндэвтэр, 7 хүн хүнд гэмтэж, 17 хүний амь нас хохирсон байна.
Хурлын үеэр Багануур дүүргийн прокурор Б.Пүрэвжаваас олны анхаарал татсан хэргүүдийн талаар тодруулсан юм.
-Он гарсаар хэдэн хэргийг шүүхэд шилжүүлээд байна бэ?
-Нийт 198 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулснаас 41 хэргийг нь шүүхэд шилжүүлж, 78 хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хоёр хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, дөрвөн хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн бөгөөд одоо 32 хэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдаж байна.
-Багануурын ХААН банкнаас мөнгө завшсан ахлах теллерийн хэрэг шийдэгдсэн үү?
-Н.Уянга гэгч нь ХААН банкны Багануур дахь салбарт ажиллаж байхдаа 2008-2010 онуудад 230 иргэний харилцах данснаас 13,8 сая төгрөгийг завшиж ашигласан гэмт хэргийг үйлдсэнийг дүүргийн Цагдаагийн хэлтэс илрүүлсэн. Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулж байна. Хэргийн байдлаас дүгнэхэд, ХААН банкны салбарын удирдлагууд, их хэмжээний хохиролтой хүнд гэмт хэрэг гаргасан байхад хуулийн байгууллагад мэдэгдэхгүй, нуун дарагдуулж, хариуцлагагүй байдал гаргасан бөгөөд энэ байдлыг ч хамтад нь шалгаж байна.
-Багануурын чанга дэглэмтэй хорих ангиас гурван ялтан оргосон хэрэг гарсан. Яг энэ үеэр хоригдож байсан 50 орчим насны ялтан нас барсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтын хариу гарсан уу?
-Багануур дүүрэг дэх Хорих 427 дугаар ангийн ялтан Б.Батболд, Т.Анхболд, Д.Батбаяр нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны 22 цагийн үед бүлэглэж оргосон. Эдгээр ялтнуудыг оргосны дараахан буюу шөнийн 00 цагийн үед ангиас шуурхай хяналтын тоо авч байх үед ялтан Б.Баяраа тоон дээр сууж байгаад, гэнэт татаж унан амиа алдсан. Хорих ангиас ирүүлсэн дуудлагын дагуу прокурор, мөрдөн байцаагч, шинжээч нарын бүрэлдэхүүн ялтаны нас барсан шалтгааныг тогтоохоор ажилласан. Мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаар Б.Баяраа нь бөөрний гаралтай даралт ихдэх өвчний улмаас тархины зөөлөн бүрхүүлийн доорхи цус харвалт, тархины оворго уушигны хаваншилтаар нас барсан нь тогтоогдсон. Тиймээс прокуророос энэ хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Оргосон ялтнуудын хувьд эрлийн бүлгийнхэн Б.Батболд, Т.Анхболд нарыг маргааш өдрийнх нь 07 цагийн үед Төв аймгийн Баяндэлгэр сумын нутгаас, Д.Батбаярыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилсан.
-“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр дэглэм бууруулахыг шаардан өлсгөлөн зарласан. Түүний дэглэмийг бууруулах уу?
-Дүүргийн прокурорын газраас өнгөрсөн тавдугаар сарын 29-нд ялтан Ж.Мэндбаярын ял эдэлж буй дэглэмийг бууруулахаар прокурорын тогтоол бичиж тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Ялтан Ж.Мэндбаярын ял эдлэх “дэглэмийг бууруулах тухай” прокурорын дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 126.126.2, 134,2,2 зэрэг заалтуудыг зөрчсөн үндэслэлээр дэглэм бууруулах боломжгүй гэж үзсэн. Үүний дараа хорих ангиас энэ сарын 05-нд Ж.Мэнбаярын ял эдлүүлэх дэглэмийг бууруулах тухай санал ирүүлсэнийг хүлээн авч хянаад дүүргийн прокурорын газраас энэ сарын 15-нд прокурорын тогтоол бичиж шүүхэд хүргүүлээд байна. Ж.Мэндбаярын ял эдлэх дэглэм бууруулах асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаан одоогоор болоогүй байна.