2012 оны энэ сарын 19-ний өдрийн өглөөний 06 цаг 40 минут орчимд Хан-Уул дүүрэгт байрлах Анун төвийн агуулахын байранд гал гарсныг тус төвийн харуул хамгаалалтын алба илрүүлж, онцгой байдлын газрын гал унтраах ангид дуудлага өгчээ. Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Ү.Дашням хэлэхдээ “Дуудлага хүлээн авснаас хойш гал унтраах эхний анги 3 минутын дотор галын газарт шуурхай хүрэлцэн ирсэн. Нийслэлийн гал унтраах 6 анги шуурхай ажиллаж 07 цаг 20 минут гэхэд галын тархалтыг хязгаарлаж, аюулгүй болгосон. Галын шалтгааныг тодруулахаар шинжээчид газар дээр нь ажиллана” гэлээ.
Галыг цаг алдалгүй шуурхай хязгаарлаж ойр орчмын бусад үйлдвэр, объектод гал тархахаас бүрэн сэргийлж чадсан. Анун төв нь тавилгын үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг бөгөөд агуулахад гарсан галыг унтраах хүртэл аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар ойр орчмын үйлдвэр, албан байгууллагын цахилгаан, сүлжээг түр тасалсан байна. Удахгүй цахилгаан, сүлжээг сэргээж, хэвийн үйл ажиллагаа хангагдах болно.