М.Уранцэцэг: Би олимпоос медаль авч ирнэ л гэж бодож байгаа

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

М.Уранцэцэг: Би олимпоос медаль авч ирнэ л гэж бодож байгаа

Жүдогийн улсын шигшээ багийн шилдэг тамирчны нэг нь Мөнхбатын Уранцэцэг. Жүдо бөхийн төрлөөр хичээллээд төдийлөн удаагүй богиновтор намтартай нэгэн. Харин улс орондоо төдийгүй тив, дэлхийн тэмцээнд үзүүлсэн амжилт нь хэнээс ч дутахааргүй. Тиймдээ "Лондон-2012" олимпийн наадамд зодоглохоор болсон юм. Түүнтэй ярилцлаа.

-Олимпод оролцох ховорхон хувь заяаны эзэн болсонд баяр хүргэе!

-Баярлалаа.

-Миний дүү аль нутгийн хүн бэ?

-Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн.

-Бөх болох багын хүсэлтэй байв уу. Удамд чинь бөх хүн байсан юм уу?

-Удмын шинж чанар надад хэр наалдсаныг хэлж мэдэх юм алга. Харин манай аавын тал бөхийн удамтай. Эрчүүд голдуу барилддаг хүмүүс юм билээ. Аав Мөнхбатын хувьд үндэсний бөхөөр барилдаж аймгийн начин цол авсан. Тэгээд ч тэр үү би багаасаа л барилдаж, ноцолдож өссөн дөө. Сургуульд байхдаа ангийнхаа банди нартай хүртэл барилдчихна. Бас ч үгүй бооцоотой үзнэ гэж байгаа. Бооцоогоо авч хөөрхөн хэдэн төгрөгтэй болчихно. Яагаад ч юм, барилдах л дуртай байж.

-Тэр чигээрээ л явсаар, барилдсаар жүдоч болсон байхнээ дээ?

-Уг нь боксын тамирчин болох хүсэлтэй байлаа. Баянхонгороос ирж нийслэлийн 38 дугаар сургуульд орсон. Жаахан охин спортын төв ордноор явамхай. Сайндаа ч биш бокс хаана нь тоглодог юм сонирхоод л… Гэтэл боксын заал нь засвартай хэн ч байхгүй. Засвар нь хэзээ дуусах юм бол гэж өдөр бүр очиж харна. Тэгээд нэг өдөр явж байгаад жүдогийн тамирчдын бэлтгэлийн үеэр таарав. Нэг л гоё юм шиг. Барилдаж болмоор ч юм шиг санагдсан даа.

-Тэгээд л боксын хаалттай заалыг мартаж жүдо руу урвасан уу?

-Самбын дасгалжуулагч Баярсайхан багшид саналаа хэлснээр жүдогоор хичээллэж эхэлсэн. Гэхдээ хааяа боксын заалыг эргэдэг л байлаа. Тэгээд бүтэн cap жүдогоор бэлтгэл хийсний дараа зориг шулуудаж билээ. Жүдотой хувь заяагаа холбосноор буруудсангүй ээ. Юм гэдэг цаанаасаа л зам нь тавигдсан. Хүн тэр замд яагаад ч юм орж очдог юм байна.

-Хэдийнээс уралдаан тэмцээнд орж эхлэв дээ. Анхны амжилт, анхны медаль гээд ярьвал бахархалтай байх байлгүй дээ?

-Эхлээд өсвөрийн, дараа нь залуучуудын тэмцээнд ордог байлаа. Орсон тэмцээн бүрээсээ л медаль зүүчихнэ. Медалиас мултарч байсан удаа тун ховор. 2006 онд "Женко" клубын тамирчин болж байхдаа өсвөрийн шатны тэмцээнд ордог байв. Тэгээд 2008 онд жүдогийн насанд хүрэгчдийн улсын аваргад оролцож түрүүлээд алтан медаль авсан. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчин болж байлаа. Энэ нь олимпийн дундах дөрвөн жилтэй таарсан. Тэгээд улсынхаа болон тив, дэлхийн тэмцээнд оролцож эхэлсэн дээ. Тэр бүхнээс оноо цуглуулж явсаар өнөөдөр олимпод зодоглох болчихоод байж байна.

-Олимпод оролцоно гэдэг тамирчин бүхэнд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан. Хүний хүсэл мөрөөдлийн нэг оргил гэж хэлж болох биз ээ?

-Тийм ээ. Над шиг хэнз гэхээр тамирчин хүнд хүн төрөлхтний спортын хамгийн том наадамд барилдах болсон нь баяртай, бахархалтай байлгүй яах вэ. Миний хувьд олимпод оролцох төдий биш медаль авна гэж бодож өөрийгөө бэлдэж, зоригжуулж байгаа шүү.

-Аварга болж алтан медаль хүртсэн тэмцээн олон биз?

-"Женко" клубын тамирчин болсныхоо дараагийн жил самбогийн улсын аварга, 2008 онд жүдогийн улсын аварга мөн Монголд болсон кураш бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож мөн аваргалж алтан медалийн эзэн болж байлаа гээд ярьвал их юм ярихаар. Хамгийн сүүлд гэвэл Францад болсон "Их дуулга" тэмцээн. Энэ бол маш чансаа өндөртэй тэмцээн байсан. Тэндээс хүрэл медальтай ирсэн. Хамгийн сүүлд Узбекистаны Ташкентэд болсон тэмцээнд түрүүлж Азийн аварга боллоо. Ингэснээр жиндээ чансаагаар тавд орж чадлаа. Олимпийн эрх авлаа, сайхан байна.

-Хамгийн анхны медаль чинь ямар тэмцээнийх байв даа?

-Баярсайхан багшийнхаа нэрэмжит тэмцээнд анх удаа оролцож хүрэл медаль авснаа дурсах дуртай. Энэ тэмцээн, тэр медаль намайг их зоригжуулсан юм даа.

-Олимпийн өмнөх гадаадад болсон олон тэмцээнд зодоглохдоо өрсөлдөгч бүртэйгээ барилдаж чадсан уу?

-Учраа таарсан бөхчүүдийнхээ барилдааныг мэдэж авсан. Гол гол жүдочидтой барилдаж чадсан. Тэднийхээ барилдааныг зөвхөн мэдэх төдий биш судалгаа хийж байгаа. Одоо бүр шахуу судалж тэрэнтэй нь тэгж барилдах юм шүү гэсэн арга тактикаа боловсруулж байна.

-Өөрийн чинь жингийн гол өрсөлдөгч хаанахын хэн гэдэг жүдоч байна вэ?

-Ер нь олимпод дандаа шилдгүүд очдог болохоор бүгд хүчтэй өрсөлдөгч. Муу бөх, муу өрсөлдөгч гэж байхгүй шүү дээ. Яг хамгийн хүчтэй өрсөлдөгч гэвэл Румыний бөх, олимпийн аварга Дмитрий, Японы бөх, дэлхийн аварга Томоко нар гэж болно. Миний хувьд тэдний хэн нь ч надаас илүү юм байхгүй, би ялна л гэж бодож барилдана. Тэгж барилдаж ирсэн.

-Гэр орныхон чинь хэр дэмждэг вэ?

-Манайхан бүгд дэмждэг. Тэр дотор манай ээж Цэрмаа гэж багш хүн бий. Намайг жингээ барьж байлгахын тулд хоол ундыг маань зохицуулахаас эхлээд бие, сэтгэл зүйн талаар сэтгэлээрээ, үгээрээ байнга хүч сэлбэж байдаг юм. Ээж бол миний нэг "дасгалжуулагч" гэж болохоор хүн. Бас ах М.Бат-Эрдэнэ тэмцээн болгон дээр ирж намайг зоригжуулж байдаг хүн. Өөрөө жүдог нарийн мэдэхгүй хэрнээ хар ухаанаар маш үнэтэй зөвлөгөө өгдөг. Монгол бөхийн мэх дандаа заадаг. Би ч ахыгаа хэнээс ч илүү сонсдог юм.

-Хүүхэд ахуйдаа ч ер нь аль нэг спортод бие сэтгэлээ зориулсан хүн тухайн төрлийнхөө хэн нэг сайн тамирчинг дуурайх, түүн шиг болохсон гэх мөрөөдөл байдаг. Тэгвэл чи ямар хүн шиг бөх болъё гэж боддог вэ?

-Жүдогоор хичээллэсэн цагаасаа эхлээд л Цагаанбаатар ах шиг, Эрдэнэт-Од эгч шиг бөх болохсон. Тэдэн шиг барилдаж сурахсан гэж боддог байлаа. Одоо ч тэр бодол хэвээр. Цагаанаа ахын хурц дайчин, ухаалаг барилдааныг шимтэн хардаг, Эрдэнэт-Од гавьяатын юманд сэтгэлээсээ ханддаг, аливаад бүхнээ зориулж, дайчилж чаддаг давуу чанарыг их хүндэлдэг. Дагаж дуурайхсан гэж боддог. Т.Эрдэнэт-Од эгч одоо миний дасгалжуулагч, Эмэгтэй хүнийг эмэгтэй дасгалжуулагч удирдах нь их сайхан юм байна. Өөрөө ч сайн бөх байсан болохоор хэлсэн үг заасан арга мэх нь үнэтэй сaнaгддаг юм.

-Олон тэмцээнд оролцож, олон медаль авсан гэж хэллээ. Ер нь хэдий багцааны тооны медальтай болсон бэ?

-Тоолоод байдаггүй л дээ. Ямар ч гэсэн хоёр тууз дүүрэн медаль бий. Одоо олимпийн медаль нэмнэ дээ гэж бодож байгаа.

-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээе.

-Баярлалаа. Танай сониноор дамжуулаад намайг дэмждэг бүх хүмүүст талархаж явдгаа илэрхийлье. Тэр дотор жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч X.Баттулга, "Бридж" группын захирал Дорждэрэм болон Цагдаагийн академийн захирал, багш нар, хамт олонд бас аав, ээждээ, ахдаа баярладаг гэдгээ хэлье. Та бүхнийхээ итгэл, дэмжлэгийг амжилтаар хариулнаа.

Д.ЦЭРЭННАДМИД

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж