Монголын
рок, попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан цөөн
дуучны нэг нь соёлын тэргүүний ажилтан, дуучин Ж.Алтанцэцэг. Уйгагүй
хөдөлмөр, урлагаа гэсэн чин сэтгэл түүнийг өнөөдрийн амжилт руу
хөтөлжээ. Түүнтэй уулзаж, ярилцсанаа хүргэе.
-Тантай
холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл мэдээж хэрэг таны шинэ
студийн ажил байгаа. Студийнхээ нээлтийг хэзээ хийхээр төлөвлөсөн бэ?
-Хүмүүс
бага зэрэг мэдээлэл авсан байх. Би “Prosounds” нэртэй дуу бичлэгийн
студи нээхээр шийдэж, сүүлийн хэдэн сарын хугацаанд энэ ажилдаа илүү
анхаарлаа хандууллаа. Бодож байгаад, студийнхээ нээлтийг энэ сарын
31-нд буюу өөрийнхөө төрсөн өдрөөр хийе гэж шийдсэн.
-Студийн байршил хаана вэ?
-Студи
маань дуучин Д.Болдын студи байсан байранд байгаа. Энэ байрыг нь
манай нөхрийн ах худалдаж авсан юм л даа. Тэгээд студи нээгээч гэсэн
саналыг н.Амараа ах өөрөө надад тавьсан юм. Дуучин хүнд тийм студитэй
болох боломж нээгдэж байхад үгүй гэх шалтгаан байхгүй шүү дээ. Уран
бүтээлч хүн, тэр тусмаа дуучид өөрийн гэсэн сайн студитэй болохыг
хүсдэг байх. Анх энэ саналыг охиноо төрүүлээд хоёр сар болж байхдаа
хүлээж авсан юм байна. Одоо охин маань найман сар хүрчихлээ.
Охиноо өсөхтэй уралдан багагүй л ажил амжууллаа. Студийн продюсероор
Рагу гэрээгээр ажиллаж байгаа.
-Та Рагугийн талаарх шинэ мэдээллийг дуулгахгүй юм уу?
-Аан.
Юу асууж байгааг тань би бараг ойлгочихлоо. Рагу маань монгол охинтой
гэрлэсэн. Би саяхан Сингапурт болсон хуриманд нь оролцчихоод ирлээ.
-Хамтлаг, дуучдын уран бүтээлийн захиалга авч эхэлсэн үү?
-Авсан, авсан. Дуучин Болд, ВХ, “Дөрвөн зүг” хамтлагийнхантай одоогийн байдлаар манай студитэй хамтран ажиллаж байна.
-Монголд
дуу бичлэгийн олон л студи байна. Тэднээс ямар нэгэн даваа талтай
байх юм уу, онцлог үйл ажиллагаа явуулж байж шинэ студи амжилттай
ажиллах байх. Жишээ нь, та өөрийнхөө студийг тэр шаардлагыг хангасан
гэж бодож байна уу?
-Сайн, шилдэг нь
байлгахын төлөө л ажиллана даа. Манайд ажиллах гэж байгаа Рагугийн
маань хүсэл мөрөөдлийн студи болсон гээд хэлчихэд л ойлгомжтой байх.
Рагу Лондонд саунд инженерийн анги төгссөн, мэргэжлийн хүн л дээ.
Студийн дууны дугарах түвшин, техник төхөөрөмжийн хүчин чадал
зэргийг олон хүн өндрөөр үнэлж байгаа. Америкийн хамгийн сүүлийн үеийн
тоног төхөөрөмжүүдийг авчирч, суурилуулсан. Энэ бол том давуу тал.
Студиэ ганцхан рок, поп биш урлагийн бүхий л салбарт хүргэж
ажиллуулахыг зорьж байна. “Prosound” бол зөвхөн дуу бичлэгийн студи
биш. Видео, дүрс бичлэгийн салбарт ажиллана. Манайхан “I project” вэб
сайт ажиллуулж байна. Мөн “S music” хөгжмийн суваг байгаа. Ер нь
хөгжмийн ертөнцөд олон шинэлэг үйлчилгээ үзүүлэхийг зорьж байна.
Студи дотроо бүтээлийн дэлгүүр нээж байгаа. Жишээ нь, дуучид манайд
ирж дуугаа бичүүлж, клипээ хийлгүүлэхийн сацуу реклам, сурталчилгааны
агентлагтай хамтран ажиллаж, телевизийн нэвтрүүлэгт оролцох
боломжтой. Нүүрээ будуулах, хувцсаа оёулах гэх мэтчилэн урлагийн оддын
хэрэглээний бүх зүйлийг багтаахыг зорьсон. Энэ бүхэн биеллээ олж
эхэлсэнд маш их баярлаж байна. Бэрхшээл их гарч байсан. Ийм их ажлыг
амжуулчихна гэж үнэхээр бодож байсангүй.
-Та
хамгийн сүүлд “Нисч ирсэн дурлал” бие даасан тоглолтоо хийсэн. Тэрнээс
хойш хоёр жил өнгөрсөн байна. Одоо студийн ажилтай байлаа гээд
өөрийнхөө уран бүтээлийг хойш тавихгүй байгаа?
-Тоглолтоо
хийлгүй яахав. Студийн ажил удахгүй жигдэрчих байх. Харин ч өөрийн
студитэй болсон юм чинь уран бүтээлийн ажилд маань илүү дөхөмтэй болох
байх гэж бодож байгаа.
-Та Монголын шилдэг эмэгтэй дуучдын нэг. Бас дива. Рок, попын өнгөнд зогсох дива дуучин өөрийгөө хэрхэн үнэлдэг вэ?
-Дива…Энэ
тодотголыг би бодохдоо зөвхөн уран бүтээл төдийгүй нийгэмд эзэлж
байгаа байр сууриараа ч шилдэг байх ёстой гэсэн үүрэг гэж ойлгодог.
Тэгэхээр би сайн дуулах ёстой, бас сайн ажиллах хэрэгтэй, урлагийнхаа
төлөө.
-Ихэнх студиуд өөрсдийн гэсэн дуучин төрүүлдэг болсон. Та энэ талаар бодож үзсэн үү?
-Нээлтээ
хийснийхээ дараа энэ тухай ярилцаж болох юм. Манай Б.Ангирмаа студийн
гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа учраас ерөнхий бодлогыг нь хариуцаж
ажиллана. Ангираа нэг юм бодож л яваа байх.
-Та СУИС төгссөн билүү?
-Тэгсэн.
Оюутан байхдаа их нийгмийн идэвхитэй хүүхэд байлаа. 1992 онд СУИС-д
орсон жилээ “Варьете” чуулгад ардын дуучнаар ажиллаж, “Ая дууны
жигүүр”-т оролцож байсан гээд бодохоор зоригтой байсан байгаа шүү. “Ая
дууны жигүүр”-ээс гадна оюутны шоу хаана болно тэр болгонд л оролцдог
байлаа. Тэр нь надад үр дүнгээ өгсөн гэж боддог. 1993 онд Монголын
эстрадын хатан хаан шалгаруулах нэг уралдаан болсон юм. Тэр уралдаанд
оролцож, хоёрдугаар байрын шагнал хүртлээ. Тэр үйл явдал надад их том
шалгуур болсон санагддаг. Тэгэхэд Мишээл нэгдүгээр байр, дуучин
Наран гуравдугаар байранд орж байсан. 1994 онд Ангирмаа маань тоглолтоо
хийхэд бид гурав оролцож байсан даа. Тэр тоглолтоос зориг орж, 1995 онд
“Вавилон мөрний эрэг дээр” гэж сайхан тоглолт хийснийг үзэгчид санадаг
байх. Тэр тоглолт одоо ч санаанаас гардаггүй, сайхан тоглолт болж
байсан.
-Тэр
үед та гадны олон улсын урлагийн наадмуудад их оролцдог байсан
санагдаж байна. Дандаа л хилийн чанадаас шагналтай ирсэн тухай мэдээ
гардаг байсан?
-”Вавилон мөрний эрэг
дээр” тоглолтын дараагаас дуучин Наран бид хоёр гадагшаа хэд хэдэн
удаа уран бүтээлийн уралдаанд оролцсон. Бид хоёр тухайн үед хоёулаа
Тувагийн наадмаас шагнал аваад л, тэр тухайгаа хэвлэлд ярилцлага өгч
байхад их л сайхан санагдаж байсан шүү. Урлагийн хүн болж эхэлсэн
анхны он жилүүд шүү дээ. Ерөнхийдөө 1996, 1997 он миний хувьд рок
попын гишүүн гэж тооцогдож эхэлсэн үе маань юм уу даа. Сургуульд
сурахынхаа хажуугаар янз бүрийн тоглолтод их оролцдог байлаа. 1997 онд
би СУИС-аа төгссөн. Төгссөнийхөө дараа бол надад уран бүтээл хийх,
дуулах урам, сонирхлоос их юм байгаагүй.
“Итгэл
өгөөч наддаа”, “Чиний явсан намар” зэрэг дуугаа яг тэр үед л
Л.Энхманлай ахынд очиж бичүүлж байлаа. Гэрт нь бараг долоо хонож байж
дуугаа бичүүлж билээ. Тэр үед тийм л байлаа. Одоо эргээд бодоход би
хэзээ ч зүгээр суугаагүй юм байна шүү. Надад тэр үед уран бүтээл хийхэд
зарцуулах хөрөнгө мөнгө гэж байсангүй.
Ёстой
дуу хуурын араас уйгагүй, бүр үнэн сэтгэлээсээ явсан даа. Үүний маань ч
үр дүн гарсан. Би олны танил болж эхэлсэн. Хүмүүс намайг хүндэлдэг,
хайрладаг болж эхэлсэн. Олон найз нөхөд, ах, эгч нартай болж, ард
түмнийхээ дунд дуулж явахыг улам илүү хүсэх болсон. Хүсэл мөрөөдлөө
биелүүлэхийн тулд би зүгээр суугаагүй ээ. Миний болон хамтран
ажилласан олон хүний, олон жилийн хөдөлмөрийн үр шимд дуучин
Н.Алтанцэцэг гэж хүн бий болсон шүү дээ. Одоо ийм гоё студитэй
болсондоо үнэхээр баяртай байна. Тэр бүр хүн болгонд байгаад байдаггүй
студитэй болоод, зүгээр ч нэг дуу дуулах биш урлагийн олон салбарт
үйлчлэх хэмжээний газартай болсон нь миний мөрөөдлийн томоохон орон зай
дүүрч байна л гэсэн үг. Студийнхээ ажлыг явуулахдаа рок, поп гэж
явцуурахгүй гэж хэлсэн дээ. Ялангуяа ардын урлагийг дэмжих тал дээр би
анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж бодож байгаа.
-Та ардын дууг нээрэн сайхан дуулдаг шүү. Магадгүй, танд одоо өөр ямар нэгэн урсгалаар дуулах сонирхол байдаг уу?
-Pop
opera буюу поп дуурийн чиглэлээр дуулж, уран бүтээл хийе гэж мөрөөдөөд
л явж байна даа. Гэхдээ болох байх аа. Айхтар төлөвлөөд яриад байх нь
гол биш л дээ. Одоо студитэй болсон юм чинь шинэ уран бүтээлүүд аяндаа
гарч ирэх байх. Уран бүтээл зүгээр сууж байгаад гараад ирнэ гэж
байхгүй. Хоорондоо ярилцана, догдлоно, баярлана. Хамтдаа инээж
баясаж, гал шиг ассан хамт олноос сайхан уран бүтээл гардаг. Тийм
халуун, дотно уур амьсгалд байна гэж бодохоор надад маш сайхан
санагддаг. Миний уран бүтээлд ч гэсэн нөлөөлөх байх гэж бодож байна.
Би зөвхөн ганцаараа хийх биш, үйлчлэх л болчихоод байгаа байхгүй юу.
Хүн сайхан хоол идэх гээд ороод ирэхэд үйлчилгээ сайтай байх ёстой.
Үүнтэй адил чин сэтгэлээсээ үйлчлэх ёстой гэж бодож байгаа.
Б.Мөнхтуяа /2009 оны 7 сарын 29/