Улаанбаатарт нээлтээ хийсэн олон улсын “Туурайн төвөргөөн 2012” урлагийн их наадмын багийнхан Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн нутгийг зорилоо. Наадамд оролцож буй ХБНГУ, Швейцарь, Австри, Бразил, АНУ, Францын уран бүтээлчид төмөр замаар аялж Монголын тал нутаг, говийн байгалийг сонирхох хүсэлт гаргасан тул 50 хүнтэй урлагийн багийг Сайншандад галт тэргээр хүргэхээр болжээ. “Туурайн төвөргөөн 2012” наадмын уран бүтээлчид энэ сарын 19-23-нд Догшин хутагтын нутагт саатаж Дорноговь аймгийн Сайншанд сум, Данзанравжаагийн музей, “Саран хөхөө” театрын туурь, Хамарын хийд, “Үлэмжийн чанар” дуу төрсөн Дэлхийн энергийн төв болох Шамбалын орон зэрэг түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудад цуврал концерт, аялан тоглолт зохион байгуулах юм. Их наадмын үеэр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрынхан тоглолтоосоо үзүүлж, дэлхийн орчин үеийн урлагийн төлөөлөл болсон хөгжимчидтэй хамтран говийн зуны академи сургалт, олон улсын бага хурал хийж, Шилмэл загвар компанийнхан шилдэг загваруудаа үзүүлэх ажээ.
“Туурайн төвөргөөн 2012” их наадам дараа нь Өвөрхангайд үргэлжлэх юм.
Д.ОЮУН