Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хуулиудад зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг хавсарч байгаа бол тухайн гишүүний хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар шалгана гэсэн заалтыг дээрх хуулиудад нэмсэн байна.
Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, БНЭУ-ын Экспорт-Импортын банк, БНФУ-ын Засгийн газар зэрэг улс, байгууллагатай байгуулсан хэлэлцээрийг тус тус баталсан байна. Эдгээр хуулийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтэллээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг хавсралтын хамт эмхэтгэлд нийтэллээ. Үндсэн чиглэлд өсөлтийн үр шимийг нийгмийн бүх бүлгүүдэд хүргэх макро эдийн засгийн бодлого, бодит салбарын хөгжлийн бодлого, байгаль орчин, бүс нутгийн хөгжлийн бодлого, хүнд өгөөжтэй нийгмийн бодлого, төрийн үйлчилгээ, засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбар дахь бодлогын хүрээнд ямар зорилт, арга хэмжээ төлөвлөсөн, тэдгээрийг хэрэгжүүлснээр хүрэх түвшин, үр дүнг тодорхой тусгажээ.
Эмхэтгэлийн энэ дугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарим зарлиг, Монгол Улсын Засгийн газрын зарим тогтоолуудыг тус тус нийтэллээ.
2012.06.19