“Камертон 2” шоунд олон олон онцлогтой залуус орж байгаагийн нэг нь 309 дугаартай оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ. Түүний амьдралыг “Камертон” хамтлаггүйгээр төсөөлх аргагүй гэнэ. Учир нь оролцогч маань “Камертон” хамтлагийн үнэнч шүтэн бишрэгч байхаас гадна тус хамтлагийн бүхэл бүтэн түүхийг өгүүлэх гэрэл зураг, цомог гээд тэртээх он жилүүдэд сонин хэвлэлд гарсан материалуудыг нь хүртэл цуглуулаад амжсан юм байна. Тэр ч бүү хэл “Камертон” хамтлагийн залуус болон хэвлэл мэдээлэлийнхэн хүртэл түүний цуглуулгаас ашиглах материал гуйдаг гэсэн шүү. Харин Ц.Зэндмэнэ-Эрдэнэ “Камертон” хамтлагийн үнэч шүтэн бишрэгч байгаад зогсохгүй муугуй дуучин гэдгээ шоуны хоёрдугаар шатны тайзнаа Б.Бадар-Ууган агсны “Дэлхий ээж” дууг өөрийнхөөрөө дуулан батлаад амжсан шүү. Энэ удаагийн зочин шүүгчээр “On"Off” продакшний найруулагч С.Ононбат ажилласан бөгөөд тэрбээр оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнийг рок попынхонтой хамтарч ажилладагаар “i.Net” сайтын сэтгүүлч, гэрэл зурагчин гэдгээр нь мэддэг болохоос түүнийг дуулдаг гэдгийг одоо л мэдэж авлаа хэмээн гахйаж байсан шүү. Гэхдээ тэрбээр энэ даваагаа амжилттай давсан. Оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ яг л өөрийнхөөрөө энэ дууг донжыг нь тааруулан дуулж, шүүгчдээс биднийг дэлхий ээжийн өвөр дээр бүүвэйллээ хэмээн “сайн” гэсэн үнэлгээг авч дараагийн шатандаа тунан үлдсэн. Ямартай ч түүний “Камертон” хамтлагийн тухай сан хөмрөгт нь багтах хамгийн надин бас үнэтэй дурсамж нь “Камертон 2” шоу болж байгаа биз ээ.
Ингээд, 309 дугаартай оролцогч Ц.Зэндмэнэ-Эрдэнэ “Дэлхий ээж” дууг хэрхэн дуулсаныг ЭНД дарж үзнэ үү.
Г.Даша