Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Арваадхан хоногийн дараа болох сонгуулиас урьтаж, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах  нэг сая төгрөгийнхөө үлдэгдэл 670 мянган төгрөгийг зургадугаар сарын 25-ны дотор олгохоо Засгийн газар мэдэгдээд байгаа юм. Харин  санхүүжилтийг нь  хаанаас бүрдүүлж байгаагаа албаны эх сурвалжууд тайлбарлаж чадахгүй “энэ тэндээс цуглуулж” энэ тэр гэсхийн ам таглах болоод удаж буй.  Харин Сангийн сайд өнгөрсөн долоо хоногт энэ талаар хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Эрдэнэтийн ноогдол ашиг, мөн нөөцийн төлбөрийн 70 хувиас “Хүний хөгжлийн сан” бүрддэг. Энэ чиглэлээр орох орлогуудыг төвлөрүүлж байгааг дуулгав. Уг нь Монгол Улс Оюутолгойн урьдчилгаа төлбөрийг аль хоёр, гурван жилийн өмнө аваад “идчихээгүй” бил үү. Эндээс харахад дөрвөн жилийн өмнөх амлалтаа гүйцээхийн тулд Засгийн газар  ёстой л үйлээ барж байгаа шинжтэй, энд тэндээс санхүүжилт хайн их мөнгөний эрэлд хатаж байгаа аж.

Өнгөрсөн гуравдугаар сард 21 мянган төгрөгийн олголт арваад хоногоор хойшилсон шалтгаан нь мөн л “Хүний хөгжил сан”-гийн данс хоосорсонтой холбоотой байсан. Улсын хөдөлмөр халамжийн газрынхан тухайн үед Сангийн яамнаас санхүүжилтийг нь хийхгүй удаашруулж байгаа хэмээгээд үүний дараахан “Хүний хөгжил сан”-гаас олгодог 21 мянган төгрөгийг тараахын тулд Монголбанк шинээр мөнгө үйлдвэрлэж байна гэх шум дэгдэж, энэ асуудал УИХ-ын чуулганы хуралдаан дээр хүртэл яригдаж байсан удаатай.

Он гарсаар Засгийн газар Монголбанкнаас хцццоёр удаа зээл авсан байна. Төв банкны тухай хуулинд “зээлийн үлдэгдлийн нийт хэмжээ нь дотоодоос төсөвт сүүлийн гурван жилд орсон орлогын дунджийн арван хувиас хэтрэхгүй байна” хэмээн заасан байдаг аж. Тиймээс  Засгийн газар дахин  Монголбанкнаас нэмж зээл авах боломж хуулиараа хаагдсан  учраас хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөг болон “Хүний хөгжил сан”-гаас энэ зургадугаар сард олгож дуусгавар болох 21 мянган төгрөгийн эх үүсвэрийг олохын тулд байдаг бүх арга чаргаа ашиглахаар шийдсэн гэлтэй. Өөрөөр хэлбэл, “Хүний хөгжил сан”-гийн дансанд мөнгө төвлөрүүлэхийн тулд зарим төрийн өмчит компаниудынхаа дансыг “шүүрдэж” эхэлсэн гэх яриа байгаа юм.  Энэ талаар  Сангийн яамныхнаас мэдээлэл авахыг хүссэн боловч тэд хариулахаас татгалзсан.  Оюутолгойн урьдчилгаа, Эрдэнэтийн ноогдол ашиг гэж хэдий хэрийн мөнгө төвлөрч байгааг, бүр нарийвчилбал, Оюутолгойгоос хэдийг, Эрдэнэтээс хэдийг татан төвлөрүүлж, ямар хэмжээний мөнгө босгоод байгааг хэлээд өгөх хүн  салбарын яамдуудад алга байна.

Улсын хөдөлмөр халамжийн газрынхан Сангийн яамныхан мөнгө  хэзээ төвлөрүүлнэ тэр цагт нэг сая төгрөгийнхөө үлдэгдэийг тараахад бэлэн байгаа гэнэ. Өнөөхөндөө бол тус газрын данс хов, хоосон байгаа гэнэ лээ. Харин маргааш, нөгөөдрөөс мөнгө орж ирнэ гэсэн боловч яг хэзээ гэдэг нь тодорхойгүй, ирсэн цагт нь л мөнгө тараахаас өөр аргагүй байхгүй гэж учирлаж буй. 

Тэгвэл Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамныхан “энэ тэндээс татан төвлөрүүлж байна” гэдгээс өөр тайлбар хийгээгүй юм.  Холбогдох яамны сайд нар нь УИХ-д нэр дэвшиж, нэг  нь өглөө үдэшгүй,  өөд уруугүй тойргоо тойрон гүйж, нөгөө нь яамны ажил энэ тэртээ зууралдах завгүй Дорнодын цэнхэр талаар нойр хоолгүй давхиж яваа болохоор “Хүний хөгжил сан”-гийн мөнгөнд санаа зовж байгаа хүн үнэндээ алга байх шиг. Данс нь хоосон, мөнгө нь хэзээ, хаанаас төвлөрөх нь бүрхэг байгаа “Хүний хөгжил сан”-гаас зургадугаар сарын 25-ны дотор хөгшид болоод, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 670 мянган төгрөгийг тарааж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Сонгууль хаяанд ирчихсэн болохоор нэр дэвшиж буй сайдуудад төрийн ажилд анхаарлаа хандуулах зав хаанаас байх билээ. “Хүний хөгжил сан”-гийн мөнгөний төлөө эрэлд хатаж явснаас тойргийнхоо хэдэн иргэнд өөрийгөө таниулах уулзалт хийх нь тэдэнд хэрэгтэй байлгүй яахав. Үнэндээ яамны ажлаас илүү сонгуулийн ажил нь тэдэнд хамгаас чухал байгаа хойно. Хэдэн хөгшин, хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгөө цагтаа авна уу байна уу, ямар ч хамаагүй байх л даа. Тиймээс Засгийн газар  сонгуулийн ажлаар завгүй яваа сайдуудаа зовоохгүйн тулд эвтэйхэн аргаар энэ асуудлыг зохицуулахыг шийдсэн нь төрийн өмчит компаниудаасаа мөнгө татаж эхэлсэн байж болох юм. Ямар сайндаа л төрийн өмчит нэгэн компанийн ажилчид цалингаа авья гэтэл мөнгө нь бөгөөд  оньсого шиг асуудалтай учраад байгаа гэх. Магадгүй, эндээс харахад Засгийн дансанд нь байршаад байгаа хэрнээ байхгүй цалингаа цагтаа авч чадахгүй хачирхалтай газар энд тэндхийнхээ төрийн өмчит компаниудын халаасыг гөвж байгаад ч хамаагүй сонгуулийн өмнө хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн магнайг тэнийлгэхээр шийдсэн байж болох юм. Холбогдох яамны мэргэжилтнүүдийн энд тэндээс мөнгө цуглуулж байна гэсэн үгнээс харахад иймэрхүү хардлага төрж байна.  Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 670 мянган төгрөгийг олгоход Монгол Улсын Засгийн газарт 200 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй.  Энэ мөнгийг хаанаас яаж босгосон ч гэлээ  эргүүлж төлөх өр болох нь тодорхой. Өнгөрсөн жил гэхэд Тавантолгойн зүүн Цанхийн нүүрсийг таван жилийн хугацаатай “ломбард”-анд тавьж Хятадын төрийн өмчит “Чайналько”-гоос 250 сая ам.долларыг зээлж “Хүний хөгжил сан”-гийн мөнгийг тараасан. Харин өдгөө Засгийн газарт барьцаалах орд байхгүй болохоор ийнхүү төрийн өмчит компаниудын дансыг дугуйлж эхэлсэн дэг.

Инфляци үйлдвэрлэн ингэж зовж байхаар иргэдэд хандаж “энэ мөнгийг чинь өгөх санхүүжилт боломж бололцоо алга байна” гэж хэлэх эр зоригтой бол ч. Гэхдээ ийм улстөрийн эр зориг манай улстөрчдөд даанч байхгүй л дээ.  

Ж.НЯМСҮРЭН
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж