”Монголоос олдсон нь тогтоогдвол эх орондоо авчирна”

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

”Монголоос олдсон нь тогтоогдвол эх орондоо авчирна”

Б.НАРАНЗУН: “ТИРАНОЗАУРУС БАТААР’’ МОНГОЛООС ОЛДСОН ГЭДЭГ НЬ ТОГТООГДВОЛ ЭХ ОРОНДОО АВЧИРНА

Монголоос олдсон байж болох “Тиранозаурус Батаар’’ үлэг гүрвэлийн араг ясыг өнгөрсөн тавдугаар сарын 20-нд АНУ-ын Нью-Йорк хотноо “Хэритэж Аокшн” байгууллагаас дуудлага худалдаанд оруулахаар зарласан билээ. Монгол Улсаас АНУ-ын шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулж чадсан. Энэ асуудалтай холбогдуулан БСШУЯ-ны Соёл урлагийн газар болон холбогдох албаны хүмүүсээр бүрдсэн ажлын хэсэг АНУ-д ажиллаад ирсэн билээ. Энэ талаар БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзунтай ярилцлаа.

-“Тиранозаурус Батаар’’ үлэг гүрвэлийн араг ясыг монголынх гэдгийг нь тогтоохоор ажлаад ирлээ. Ажлын хэсэг ямар үр дүнтэй ажиллаад ирэв?

-“Тиранозаурус Батаар’’ үлэг гүрвэлийн араг ясыг монголын нутаг дэвсгэрээс гаралтай юу, үгүй юу, хаанаас олдсон байж болох зэргийг нь тогтоохоор БСШУЯ-наас болон бусад холбогдох албанаас ажлын хэсэг гарч энэ сарын 3-9-ний хооронд АНУ-ын Нью-Иорк хотод ажиллаад ирлээ. Үлэг гүрвэлийн яс маань тээвэрлэлтийн компанийн агуулахад хадгалаастай байсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан, Шинжлэх ухааны академийн Палеонтологийн төвийн лабораторийн эрхлэгч, доктор Х.Цогтбаатар болон ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаа. Биднийг очиход тэд олдворыг үзүүлэхээр бэлдээд тавьсан байсан. “Хэритэж Аокшн” байгууллага нь дуудлага худалдаанд оруулах хүсэлтэй байсан компани. Энэ компани өмнө нь биднийг хүсэлт тавьж байхад үл тоомсорлосон байдалтай байсан бол энэ удаад хамтарч ажиллах хүсэлтийг хүлээж аваад, бидэнд нэг өдрийн турш үлэг гүрвэлийн ястай танилцах боломжийг олгосон. Энэ нь эрдэмтэд болон шүүх, хяналтын байгууллага үлэг гүрвэлийн ясын гарлыг тогтоох боломжтой байсан. Ингээд манай талаас доктор Х.Цогтбаатар, үлэг гүрвэлээр мэргэшсэн Канадын эрдэмтэн Филлип Карри гэх эрдэмтэн, Шинжлэн ухаан академийн хүрээлэнгийн төлөөлөгч болох н.Болорцэцэг гэх гурван мэргэжлийн өндөр ур чадвартай хүмүүсийн баг бүрдүүлж, дүн шинжилгээ хийсэн.

-Монголых гэдгийг нь яаж тогтоосон бэ?

-“Тиранозаурус Батаар’’-ын га­рал үүс­лийг шинжлэх ажилд па­леонтологийн судалгаа шинжилгээний ажлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын шинжээч Марк Норэн, Канадын Палеонтологи, үлэг гүрвэлийн тэргүүлэх судлаач Филлип Керри нар хамтран ажиллаж байна. Дээрхи гурван мэргэжлийн хүмүүс хийсэн. Эдгээр хүмүүс маань 11 төрлийн шинж тэмдэгээр харьцуулалт хийсэн байгаа. Нийт бүтцийн буюу марпологийн судалгааг хийсэн. Марпологийн шинжилгээгээр маш олон зүйл нь Өмнөговиос олдсон гэх баталгааг нь гаргаж өгсөн. Мөн үлэг гүрвэлийн ясыг мэргэжлийн бус аргаар зөөвөрлөсөн байгаа нь шинжилгээгээр илэрсэн.

-Мэргэжлийн бус гэдэг нь хууль бусаар хилээр давж гарсан гэсэн үг үү?

-Яг энэ бүгдийг нь тогтоохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Ажлын хэсэг энэ үлэг гүрвэл Монголоос гаралтай гэдэг нь үнэн эсэхийг шалгахаар очсон. Мэргэжлийн хүмүүс эртний ховор ясыг тээвэрлэх, зөөвөрлөхдөө ясанд гэмтэл учруулдаггүй юм байна лээ. Гэтэл уг гүрвэлийн ясыг мэргэжлийн бус аргаар зөөвөрлөсөн нь хууль бусаар олборлосон байж болзошгүй гэсэн таамгийг баталж өгч байгаа юм.  Тухайлбал, гэмтсэн ясыг холбосон, гавлын ясыг гурван хэсэг болгон хуваах гэх мэтийн зүйлүүд нь хууль бусаар олборлосныг нь баталж байгаа юм. Умард Америкаас олддог олдвор нь хар, хүрэн, тослог өнгөтэй байдаг. Олон жил хөрсөнд хадгалахдаа янз бүрийн хиймийн бодист өнгө нь хувирсан байдаг юм байна. Харин Өмнөговиос Нэмэхтийн үед олдсон гэх яс нь ихэвчлэн цайвар өнгөтэй байдаг аж. ‘’Тиранозаурус Батаар’’  үлэг гүрвэлийн араг ясыг эрдэмтэд анх хараад л Монголых гэж аман байдлаар хэлж байсан. Үүний дараа бүтэн өдрийн турш тус тусдаа дүн шинжилгээ хийж, гаргаж өгсөн. Энэ бүх дүн шинжилгээг нэгтгээд Монголын Өмнөговиос олддог Нэмэхтийн үеийн олдвор гэдгийг палентлогийн талаас нь 100 хувь баталж, нотолсон. Мөн Филлип Карри гэх эрдэмтэн нь Тиранозаурус гэх махчин үлэг гүрвэлийг олон жил судалсан, энэ гүрвэлийг судалсан дэлхийд ганц гэхэд болохоор том эрдэмтэн байсан.

-Монголынх гэдгийг нь тогтоо­чихсон. Шүүхийн байгууллагад ханд­сан гэсэн?

-Бид эрдэмтдийн дүгнэлтийг нэгтгээд тухайн газрын харьяа шүүхийн байгууллагад хүлээлгэж өгөхөөр монголын талыг өмгөөлж буй Роберт Пэйнтер хуульчид хүлээлгэж өгсөн. Энэ хүн Монголын талыг өмгөөлж буй хүний хувьд хэлэхдээ, маш олон хууль эрхзүйн акт, баримтуудыг нэгтгэх ёстой гэсэн. Мөн эрдэмтдийн дүгнэлтийг ч нэгтгээд шүүхийн байгууллагад өгөх ёстой. Энэ ажил ер нь бол гурван үе шаттайгаар явах байх. Эхний ээлжинд үүсэл гарлыг нь тогтоох, дараа нь хууль эрхзүйн хувьд баталгаажуулж авах, харин үүний дараа баталгаажаад монголын талд шийдвэр гарвал монголд авчрах дараа дараагийн ажлууд хийгдэх болно. Гэхдээ хууль эрхзүйн албан ёсны дүгнэлт гараагүй тохиолдолд ямар нэг дүгнэлт хийх эрт байна. Хэрэв монголын талд шийдвэр гарвал бид монголдоо авчрах, яаж хамгаалах гээд дараагийн ажлуудыг хийгээд явна. Хамгийн гол нь Монголоос олдсон гэдгийг нь батлах ёстой. Эхний даалгавраа амжилттай хийсэн. Манай талаас Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан хууль эрхзүйн талаас нь судалж байна. Энэ ажлыг хийхэд цаг хугацаа шаардсан ажил учраас дүгнэлт хэлэхэд эрт байна. Хуульчийн зүгээс ч гэсэн үүнээс өөр мэдээлэл гаргахыг хориглосон. Зөвхөн шинжлэх ухаан талаас нь гарсан дүгнэлтийг хэлэх боломжтой гэсэн.

-Шүүхийн шийдвэр хэзээ гарах вэ?

-Энэ хэрэг дээр олон улсын өмгөөлөгч Роберт Пэйнтер гэж хүн ажиллаж байгаа. Түүний хэлснээр шүүх хурал тав хоног хойшлох төлөвтэй байгаа юм билээ. Гэхдээ АНУ-ын Даллас хотын шүүхийн захирамж албан ёсоор ирээгүй байна. Монголын талыг өмгөөлж байгаа өмгөөлөгчийн хэлснээр 1-2 сарын хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж байсан. Бид олон улсын эрх зүйн хүрээнд ажиллах шаардлага гарч байгаа юм.

-“Тиранозаурус Батаар’’-ын Мон­голдоо авчрах болвол хадгалж, хам­гаалах боломж нь бий юу, манайд?

-Боломжтой. Хадгалаад, хамгаалах боломж нь байлгүй яахав. Гэхдээ урьдчилж таамаг гаргах боломжгүй байна. Бодитой дараагийн ажлуудаа хийх нь их чухал байна.

-Өнгөрсөн даваа гаригт Хэнтий аймгаас хирсний яс олдсон. Ажлын хэсэг гарч ажиллаж байна. Урьдчилсан байдлаар хирсний яс гээд тогтоочихсон байгаа. Цаашид малтлагыг үргэлжлүүлэх үү?

-Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Хан Хэнтий чуулгын барилга барих явцад эртний амьтны гарал үүсэлтэй байж болох яс олдсон гэх мэдээлэл ирсэн. Энэ мэдээлэл ирсний дагуу бид барилгын ажлыг зогсоосон байгаа. Мэдээллийн дагуу холбогдох албаны хүмүүс хуралдаад эхний ээлжинд барилгын ажлыг зогсоож, зөвшөөрөлгүй ухахгүй байх, зөвшөөрлийн дагуу ухах шийдвэрийг гаргасан байгаа. БСШУЯ-ны хуралаар шийдвэрлээд малтлага хийх зөвшөөрөл авсны дараа малтлагыг үргэлжлүүлэн хийж, олдворыг шинжилгээ хийж, ямар үеийн амьтан байж болох гээд гарал үүслийг нь тогтооно. Аймгийн музейн ажилчид болон Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид хирсний яс гэж тогтоогоод байгаа. Харин БСШУЯ-аас гарсан ажлын хэсэг эхний ээлжинд хирсний яс мөн байж болзошгүй гэсэн дүнг танилцуулсан. Үүний дагуу малтлагыг үргэлжлүүлэн явуулах шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу малтлагыг үргэлжлүүлэн хийнэ. Тухайн үед нь үр дүнг нь танилцуулна.

-Палентлогийн мэргэжилтнүү­дийн эхний дүгнэлт юу гэж гарсан юм бэ?

-Хэрлэн сумын 4-р багийн нутаг дэвгэрт явагдаж байгаа Хан Хэнтий чуулгын шинэ байрыг барихаар ажиллаж буй  “Хөвсгөл геологи” компаний Н. Батсүх инженерээр удирдуулсан ажлын баг олж илэрүүлсний дагуу энэ  сарын 15-нд Палеонтологийн төвд мэдэгдэж 16-нд газар дээр нь очиж танилцсан байсан. Тухайн олдвор нь эртний цаг үед тооцогдох өвсөн тэжээлтэн амьтны чулуужсан ясны үлдвэр байсан ба тандах малталт хийсэн. Чулуужсан ясны зарим хэсгийг тус аймгийн мэргэжлийн хяналтын газар, музейд мэдэгдсэний дагуу энэ сарын 15-нд газар дээр нь  очиж дунд чөмөг, шагайт, богц, хүзүүний яс, хондоргоны яс, хавирганы яс, сээрний яс бусад жижиг ясны хэсгүүдийг авч музейн байранд хадгалсан гэж мэргэжилтнүүд хэлсэн. Шинжилгээ хийгээгүй болохоор тийм гэж хэлэх боломжгүй ч өвсөн тэжээлтэн, ясыг нь харахад хирснийх байж болох юм байна гэсэн. Тиймээс малтлагыг үргэлжлүүлэн хийх зөвшөөрлийг өгсөн байгаа. Мэргэжлийн хүмүүсийн баг үр дүнг нь танилцуулна. ‘’Тиранозаурус Батаар’’  үлэг гүрвэлийн араг ясыг ярьж эхэлснээс хойш Хэнтий аймагт олдсон энэ ясыг эртний ховор амьтных байж болзошгүй гэдгийг иргэд мэдэгдэж байгаа нь сайшаалтай байгаа юм.

-“Үйсэн дээрхи бичиг” хэмээх хосгүй бүтээлийг Герман улсад сэргээхээр явуулсан. “Үйсэн дээрхи бичиг” хэзээ эх орондоо ирэх вэ?

-Одоогоос 20 жилийн өмнө Үндэсний номын санд хадгалж байсан үйсэн дээр бичсэн номыг ХБНГУ-д сэргээн засварлахаар явуулжээ. Монголчуудын бичгийн хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг 1992 онд Монгол, Герман хоёр улсын Засгийн газрын соёлын хэлэлцээрийн дагуу сэргээн засварлаж, судлахаар болжээ. Тухайн үед сэргээн засах ажилд Монголын талаас академич Ш.Бира, түүхч, доктор Ц.Ишдорж, Германы талаас нэрт монголч эрдэмтэн Хайсенг, К.Загастер нар ажилласан аж. Он цагийн эрхээр уг ном их хэмжээгээр гэмтсэн байсан бөгөөд сэргээн янзлахад ихээхэн хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулж байгаа. Үйсэн дээрх бичиг” хосгүй үнэт бүтээл гэдэг утгаараа хадгалалт хамгаалалт нь асар өндөр төвшинд байх ёстой. Тиймээс хосгүй үнэт бүтээлийг Монгол уруу яаж тээвэрлэх вэ, хэрхэн хадгалж хамгаалах вэ гэдэг асуудлыг ярилцаж байна. Гэхдээ “Үйсэн дээрх бичиг’’-ийг удахгүй авчирахаар бид ажиллаж байна. сэргээлтийн ажил нь дууссан. Одоо харин тээвэрлэлт, түүний зардал, протокол зэрэгт анхаарлаа хандуулан ажиллаж байна. Хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. “Үйсэн дээрхи бичиг” нь маш их бутарсан, гэмтэлтэй, бутраад унасан байсныг нь нэгтгээд, дээрхи бичгийг нь судлах олон жилийн ажил явагдсан. Тодорхой хувь нь өмнө нь Монголд ирж байсан. Герман улсад зөвхөн сэргээхээр орж ирсэн. “Үйсэн дээрхи бичиг”-ийг Монголоос аваад явсан юм шигээр ойлгож болохгүй юм. Германы эрдэмтэд үүнийг сэргээж, бидний ховор бүтээлийг сэргээж өгч байгааг ойлгох нь зүйтэй байх. Үүнийг сэргээхэд маш их хөрөнгө, мөнгө, цаг хугацаа зарцуулагдаж байгаа.

-МИАТ компанийн ажилтан их хэмжээний судар гаргахыг завдсан гэж байсан. Энэ ямар учиртай сударууд юм бэ. БСШУЯ-нд бичиг хүргүүлсэн гэж байсан?

-МИАТ компанийн ажилтан гарсан гэх мэдээлэл манайд одоогоор ирээгүй байна. Гаалийн байцаагч нь олсон гэж байсан ч БСШУЯ-нд албан ёсоор судар болон бичиг баримтыг нь ирүүлээгүй байна. Ямар судар болохыг нь бид мэдэхгүй байна. Хилээр гаргахыг завдаж, баригдсан бол үүнийг нь БСШУЯ-ны мэргэжилтнүүд тодорхойлолт гаргаж өгдөг. Манай одоогоор албан бичиг ирээгүй байна. Ирсэн тохиолдолд ямар учиртай судар болох, үүсэл гарлыг нь тодорхойлдог. Тодорхойлолт гаргана гэдэг нь тухайн зүйл нь ховор үнэт зүйл мөн эсэх, ямар гарал үүсэлтэй гэх мэтийг нь тодорхойлоод өгдөг. Ховор бүтээл гаргахыг завдсан уу, үгүй юу гэдгийг нь харин шүүхийн байгууллага юм уу хууль эрхзүйн байгууллагууд тогтооно.

-Ер нь ховор олдворуудыг хилээр гаргах, хамгаалахад БСШУЯ-аас ямар бодлого барьж ажилладаг юм бэ?

-Мэдээж түүхийн дурсгалт бүтээл, ховор олдвор зэргийг хамгаалахыг бодлогоор зааж өгдөг. Харин үүнийг хамгаалах, хилээр гаргахгүй байхыг нь Гаалийн байгууллага ч гэдэг юм уу, хулийн байгууллагад хариуцах ёстой. Түүхийн, ховор олдвор бүтээлүүдийг сүүлийн үед сайн хамгаалдаг болсон. Хэнтий аймагт яс олдоход иргэд мэдээлж байх жишээтэй. Энэ мэт хууль хяналтын байгууллага нь ч иргэд нь ч хамгаалдаг болсон. Өмнө нь хууль хяналтын хяналт бага байснаас гарсан олдворууд бол байдаг байх.

Ш.ОЮУНЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж