Сонгуулийн шинэ үзэгдэл

Хуучирсан мэдээ: 2012.06.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн шинэ үзэгдэл

Энэ удаагийн сонгууль шинэ хуулийн дагуу зохион байгуулагдахаар болсон. Сонгууль авах, зохион байгуулах, мөн сурталчилгаа. Бүгд хуулийн хязгаарт орсон. Ийнхүү хязгаарлуулсан нь нэр дэвшигчдийн өөрсдийгөө сурталчлан таниулах аргад өөрчлөлт оруулав. Өөрөөр хэлбэл урьд өмнөх сонгуулиудад ашиглагдаж байгаагүй арга хэрэгслүүд, шинэ хэлбэрийн пи ар нэвтрэв.


“БОР ШУВУУНУУД”

Улаан дарцаг киног санагдуулам туг далбаа намируулан давхилдах жаалууд. Бөөн бөөнөөрөө хашгиралдан алхах “цагийн оюутнууд”. Тэд энэ удаагийн сонгуулийн нэгэн хэлбэр болов. Халуун наршихыг үл ажран яваа тэдгээр залуус нам, нэр дэвшигчдийн төлөө гэхээс илүүтэй өдрийн хөлс болох 20 мянган төгрөгний төлөө явж байгаа гэвэл үнэнд ойр. Эдгээр залуус цаашид хэрэгжих “цагийн ажлын” төлөө биш, өнөөдөртөө оногдох өдрийн хөлсөнд бол улаан, ногооноор нь подволк углацгааж буй. Харин нам, нэр дэвшигчдэд тэдгээр залуусын гудамж талбайгаар явж ухуулан сэнхрүүлэх нь чухал биш, дундуурхан цуглах уулзалтын ард туг барьж дүүрэн мэт харагдуулахад чухал. Мөн өнөөх залуусын болоод тэдний гэр бүлийнхний саналыг авахад чухал үүрэгтэй. “Охин минь, хүү минь зайлуул, халуунд халж, хүйтэнд хөрж дэмжсэн хүнийг нь дэмжинэ” гэх сэтгэлгээ нэр дэвшигчдэд ашигтай.  

САМБАРЫН ДАЖИН

Хотын төвийн бүхий л самбарууд сонгуулийн сурталчилгаагаар дүүрэв. Өмнөх сонгуулиудаас ялгаатай нь нийслэлийн нэр дэвшигчдийн хуудас нэмэгдэж, дээрээс нь сурталчилгаа нааж болохгүй байх газруудыг тогтоож өгсөн тул байгаа хэдийнхээ талбай дээр зодолдож байна. Сонгуулийн сурталчилгаа эхлэнгүүт бүхий л самбаруудын өмнөх бараа үйлчилгээний сурталчилгаа зогсчихсон юм биш. Үнэндээ самбаруудыг “дээрэмдэж” эхэлжээ. Урд нь тодорхой хугацаагаар сурталчилгаа байршуулах гэрээ хийсэн атлаа нэг л өдөр өөр нэг малийсан царайтай нөхрийн зургийг тавиад “Танайхаас гурав дахин өндөр үнэ төлнө гэж байна. Яах вэ, өгсөн мөнгийг чинь буцааж өгнө. Угаасаа сонгууль болж байхад, ойлгох байлгүй дээ” хэмээнэ. Нэр дэвшигч дарга нарт эрх нь байгаа юм хойно бүр огт самбар байгаагүй газар самбар босгож сурталчилгаагаа байршуулж байна. Хөдөө орон нутагт гарын арван хуруунд багтах сурталчилгааны самбар нь аль хэдийн эзнээ олчихсон арга ядсан нэгэн нь банкны сурталчилгааны хуудсан дээр давхарлаж наана гэж зүтгэх вэ дээ. 

ЦАХИМ ОРОН ЗАЙН ТУЛААН

Хязгаарлагдаагүй сурталчилгааны орон зай интернэтийн хуудсуудаар явж буй. Гол талбар нь олон нийтийн сүлжээ болох файсбоок хуудас. Хөөрхөн царай, нууцлаг нэр бүхий залуусын төлөөлөл гэх тодотголтой нөхдийн баг энд “тархи угаалт” хийж байна. Энэ талбар нь ч олон сонгогчийн анхаарлын төвд буй тул намууд ч төлбөрт зай авахдаа гар татахгүй байгаа бололтой. Үүнийг нь ажигласан нэг нь “Энд болох сонгуулиас болж тэнд файсбоок руу мөнгө урсаж байна” хэмээн халаглах аж. Шинэчлэл өөрчлөлтийн утга агуулгатай нарыг хүсэмжилсэн дуу МАН-ын балешигуудад таалагдсангүй. Тэд хариуд нь “үргэлж нартай байх нь онцгүй, бороо гоё” гэх зурагт хуудсыг чулуудна. Мөн өнөөх талийгаач Паула наймаалжийн сонголт-МАН гэх мэт зургийг тараана. Бүр байтлаа орон нутгийн гэнэн сонгогчдийг хуурахдаа цахим мэдээллийн сайтуудыг ашиглана. Өнөөх сураггүй сайтууд дээр гарсан “мэдээ шиг гүжирдлэг”-ийг нь орон нутгийн штабынхан хэвлээд “за хөө, тэр хотын интернэтэд өнөө нэр дэвшиж буй нөхрийн талаар ийм мэдээлэл гарсан байна шүү” хэмээнэ. Нээрэн л “соёлжсон хотынхонд зориулсан сайт гээчид худлаа зүйл бичихгүй байлгүй дээ” гэх гэнэн нэгэнд энэ бол найдвартай сурталчилгаа.

ОНЦГОЙРОХ ОРОЛДЛОГО

Нэгэнт хуулиар аль нэгнийх нь тараах материал, ухуулах сонин илүү тоотой хэвлэж тараахыг хориглосон тул онцгойрох оролдлогыг хийнэ. Ухаантай хүмүүсээс ухаалаг болж харагдах, шударга хүмүүс дундаас хамгийн шударга болж харагдахын тулд хийх боломжтой бүхнийг хийж байна. Нэг хэсэг нэр дэвшигчид нь автобусаар аялж, нөгөө нэг нь хог шүүрдэж, зарим нь өөрийнхөө хүүхдийн угж, памперсийг олонд тайлбарлаж,  эсвэл өглөөгүүр дагуулуудын хамт гүйлдэнэ. Ажлаа тайлагнах нэрээр илүүрхэж, засгийн газрын шийдвэр нэрээр амлалт өгч, гишүүнийхээ ажлыг хийх нэрээр хууль санаачилсан болж онцгойрсоор байна.

Энэ мэтчилэнгээр сонгуулийн шинэ үзэгдэл цааш үргэлжилсээр. Цаашид илүү шинэ, илүү сонирхолтой хэлбэрүүд гарч ирсээр байх бололтой.

Б.МАНД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж