Эрхэмээ хүүгийн жаргал яг дөрвөн жил үргэлжилжээ. Тэр үед ээж аавтайгаа цуг амьдарч хагас бүтэн сайн өдрүүдэд парк, цанын бааз, хүүхдийн тоглоомын төв явж, ресторанд орж, тоглоом бэлгэнд авдаг байлаа. Гол нь хайрладаг байв. Аав нь түүнийг мөрөн дээрээ суулган эрхлүүлнэ, тэр үед түүний инээд хөөрөнд нь хэн ч садаа болохгүй, цангинсан хүүхдийн хоолгойгоор баярлаж хөхөрч байсан. Энэ бүхнийг Эрхэмээ одоо ч санадаг. Гэвч өнөөдөр түүний аз жаргалыг бүрдүүлж ирсэн хэн ч үлдсэнгүй.
Нэг өдөр аав нь ажилаасаа халагдсан. Мөнгө олдоггүй, арчаагүй гэж аавыг нь ээж нь загнаж байхыг сонсох болсон. Эцэг эхийнхээ дуу хоолой чангарсан тэр үед аль алиных нь чигчий хуруунаас барингаа дээшээ харж “Та хоёр сайнд л даа” гэж гуйдаг байв. Тэр үед яагаад сайндаагүйг Эрхэмээ хүү одоо ч гэсэн ойлгодоггүй. Нэг өдөр ээж нь цэцэрлэгээс нь авахдаа өнөөдрөөс эхлэн аав дээрээ очихгүй, эмээгийндээ амьдрах болно гэж хэлсэн. Аав ирхиймуу гэж асуухад, тэгэлгүй яахав гэж тайтгаруулсан.
Анхандаа аав нь ирдэг л байлаа. Хуучин шигээ аавтайгаа цуг гадуур гарна, юм үзнэ. Гэхдээ ээж нь өмнөх шигээ хамт явахгүй. Эрхэмээг өгч явуулчихаад буцаад ирэхэд нь ээжийнхээ гэрээр ч оруулахаа больсон. Энэ арчаагүй амьтантай би өнгөрүүлсэн цаг хугацаандаа харамсч байна гэж хорвоогийн хамгийн сайн аав гэж бодож явдаг хүний тухай ээж нь ярьж байхыг мөн л сонсчээ. Аав нь ирэх нь улам багассаар байлаа. Харин оронд нь Ууганаа гэдэг шинэ ах ирдэг болсон. Гэхдээ Эрхэмээ хүүд огт таалагдаагүй. Эрхэмээ рүү огт анхаарахгүйн мөртлөө ээжийг нь хурдал шалавла гэж дандаа яаруулна. Ээж нь ирэхээ болилоо. Тэр өдрөөс эхлэн Эрхэмээ хүүгийн жаргалтай бага нас бүрмөсөн дууссан.
Эмээ нь 24-ийн цэцэрлэгт оруулсан. Хагас бүтэн сайн өдөр түүнийг авахгүй байх нь ердийн хэрэг болсон. Цэцэрлэгийн асрагч багш тэр үеэр Эрхэмээг загнаж Чам шиг орхидсоос болж амарч “чадахгүй байна” гэж зандчина. Эмээгээсээ ээжийгээ асууна. Ээж нь ажил ихтэй болохоор амжихгүй байгаа гэж тайлбарлана. Аавын тухай бол дандаа муу зүйлээр хариу хэлнэ.
Эрхэмээ сургуульд оржээ. Хичээлээ тараад өдөр өнжүүлэхэд явна. Эмээ нь орой очиж авна. Ээж нь шинэ хүүхдийн ээж болсон. Аавын тухайд сураг хэлчих хүн олдохгүй. Сураглаад ч нэмэргүй гэдгийг ойлгох болсон. Эмээгээсээ өөр хэнд ч хэрэггүй гэдгийг бас мэдэрнэ. Бусад хүүхдүүдийг ээж аав нь сургуулиас нь авч байгааг хараад атаархана. Ингэж байтал эмээгийнх нь утсаар ярихыг сонссон. Эмээдээ ч хэрэггүй болж таарсан. Үхэх санаа толгойнд нь орсон.
…Өнөөдөр монголд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж байгаа гурван хосын нэг нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгдөг. Ийм өргөдлөө өгсөн хосуудын 40 хувь нь санасан хүссэн салалтаа биелүүлж 2 тийш болцгоодог. Гэр бүл салалтын 78 хувь нь нэгээс 3 хүүхдүүдээ хагас өнчрүүлдэг. Өнөөдөр монголын шоронд хоригдож байгаа нийт хоригдлуудын 70 хувийг эцэггүй өссөн хүмүүс эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь бүтэн өнчин, эсвэл хараа хяналтгүй орчинд бие хүн болон төлөвшжээ. Эрхэмээ хүүг иймэрхүү хувь тавилан хүлээж байна. Энэ бүхэн хэний буруу вэ.