Экспортын нүүрсэнд татвар ногдуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Экспортын нүүрсэнд татвар ногдуулна

УИХ-ын гишүүн Л.Болд тэргүүтэй найман
гишүүн Зорилтот татварын хууль санаачлан боловсруулснаа өнөөдөр УИХ-ын
дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. Хуулийн төсөлд тусгаснаар экспортын
нүүрс, төмрийн хүдэрт зорилтот татвар ногдуулахаар заагаад байна. Ингэхдээ боловсруулалтын төвшингөөс нь хамааруулан дээрх татварыг
ногдуулахад улсын төсөвт жилдээ 488 тэрбум төгрөг буюу 370 орчим сая
ам.доллар төвлөрөх тооцоо гарчээ. Түүгээр Улаанбаатар хотын гэр хороолол
руу инженерийн шугам татаж, иргэд тохилог сууцанд амьдрах боломж
нөхцөлөөр хангахад гол зорилго нь оршиж байна.

Одоогоор нийслэлд 1.2 сая гаруй иргэн амьдардгаас 60 хувь гэр хороололлынхон. Гэр хороололд оршин суугчид жилийн дөрвөн улирлын гуравт
нь нүүрс түлдэг. Тэгвэл гэр хорооллол руу  төвлөрсөн халаалтын шугам,
цэвэр, бохир усны шугам татах ажлыг дээрх хөрөнгөөр шийдсэн цагт хорт
утаа арилна. Тэр хэрээр нийслэлийн иргэд аюулгүй орчинд амьдрах баталгаа
бүрэн дүүрэн хангагдана гэж төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд
хэллээ.

Нүүрсний экспортын татвар нь нүүрс олборлогч, экспортлогч бүх оронд
6.5-25 хувьтай аж. Мөн нүүрсний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн
нэгжүүд нь нийт ашгийнхаа 56-70 хувийг улсдаа төлдөг болох нь
судалгаагаар тогтоогджээ. Харин Монгол Улсын хувьд нүүрс олборлогч аж
ахуйн нэгжийн орлогоосоо төлөх нийт татварын хэмжээ 40 хувьтай бөгөөд
дээд тал нь долоон хувийн экспортын татвар ногдуулснаар татварын хэмжээ
47 хувь болох аж.

Эл хуулийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбоотойгоор эрхэм гишүүд Зарим
бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд
нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлийн гэр хорооллыг дэд
бүтэцжүүлэхэд шаардагдах санхүүгийн арга хэмжээний тухай хуулийн
төслүүдийг мөн өргөн мэдүүллээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж