Сар биднээс алслан холдох үед (эхний хэсэг)

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Сар биднээс алслан холдох үед (эхний хэсэг)

Дэлхийн эргэлтийн тэнхлэг богино хугацаанд хүчтэй хэлбэлзэнэ. Эргэлтийн тэнхлэг болон нарыг тойрон эргэх траекторын хавтгай давхцах үед хойд, өмнөд туйлын мөсөн давхарга нарны хурц гэрлийн нөлөөнд орж хайлна. Эх газрын ихэнх хэсэг мөсөөр хучигдаж, европ тив элсэн цөл болон хувирна. Хойд америкт хүчтэй аадар орж ихэнх амьтад амиа алдана. Бразилийн нийслэлд хагас жилийн турш нар үзэгдэхээ больж, тэсгим хүйтэн өвөл үргэлжилнэ.

Далайн түвшин огцом нэмэгдэж эргийн хотууд усанд автана. Тэнхлэгийн хэлбэлзэл 0 – 90 хэмийн хооронд, гэхдээ урьдчилан тааварлах боломжгүй, тогтворгүй хэлбэрээр үргэлжлэн явагдана. Хэдхэн 100 жилийн дотор цаг уур огцом өөрчлөгдөж, улирлууд эсрэгээрээ солигдоно. Мөстлөг болж байсан газар нутагт аагим халуун шатах болно. Энэ бүхний эцэст дэлхийн амьдрал устаж үгүй болно.

1969 онд Аполло хөлгөөр нисч саранд хүрсэн сансарын нисгэгчид нэгэн төхөөрөмжийг сарны гадарга дээр байрлуулсан юм. Уг төхөөрөмж аль ч чиглэлээс ирсэн долгионыг буцаан ойлгох чадвартай, онцгой хийцтэй бөгөөд сар болон дэлхийн хоорондох зайг хэмжихэд ашиглагдаж байна. Энэ зорилгоор НАСА, Аполло хэмээх төслийг Нью Мексико мужид байрлах Apache Point одон орныг судлах төвд 40 жилийн өмнөөс хэрэгжүүлж байгаа юм.

Дэлхийгээс сар хүртэлх зайг хэмжихийн тулд лазерийн гэрлийг ашигладаг. Лазерийн гэрэл саран дээрх ойлгогч төхөөрөмжид хүрээд дэлхийд буцаж ирэх хугацааг хэмжиж, сар болон дэлхийн хоорондын зайг хэдхэн мм-ээс 1 см-ын нарийвчлалтайгаар тооцоолдог байна. Дэлхийгээс харвал сар дэлхийтэй хамааралгүйгээр хөдөлдөг. Мөн лазерийн гэрлийн долгион дэлхийн агаар мандлын нөлөөгөөр гажих үзэгдэл ажиглагдах учир саран дээрх ойлгогч төхөөрөмжийг чиглүүлэн онилоход хүндрэлтэй байдаг байна.

Эдгээрээс гадна лазерийн гэрэл нисгэгчдийн нүдэнд сөргөөр нөлөөлөх учир хэмжилт хийхэд онгоцны нислэгийн хувиарыг харгалзан үзэх ёстой. Нэг удаагийн лазерийн гэрлээр хэдэн их наядаар тоологдох протоныг илгээдэг. Тэдгээрээс саран дээрх ойлгогчид хүрч, эргэн ирэх протон дөнгөж 1% байлаа ч хүлээн авагч төхөөрөмж түүнийг мэдрэх чадвартай. Гэрэл саранд хүрээд эргэж ирэх 76 мянган км зайг 2.5 секунд хугацаанд туулна. Харин НАСА 40 жилийн турш үргэлжлүүлэн хийж буй хэмжилтээр сар дэлхийгээс жилд 3.5см-ээр холдож байгааг тогтоожээ.

Энэ хэмжээ хэдийгээр өчүүхэн бага мэт санагдах боловч он жил өнгөрөх тусам нэмэгдэж, дэлхийд үзүүлэх нөлөө мэдэгдэхүйц хэмжээнд хүрч магадгүй юм. Сар дэлхийн хувьд маш чухал зүйл гэдгийг мартаж болохгүй. Дэлхийн амьдрал сарны үүсгэх татах хүчтэй маш нягт холбогддог. Нарны аймгийн гаригуудын хэмжээг тэдгээрийн дагуулуудтай харьцуулж үзвэл дэлхий хамгийн том дагуултай гэдгийг мэдэж болно. Сансарын биетүүдийн хоорондын зай ойрхон, жин их байх тусам тэдгээрийн хоорондох таталцлын хүч их байдаг.

Харьцангуй том хэмжээтэй сар, харьцангуй их татах хүчээр үйлчилж дэлхийн эргэлтийн өнцөг буюу эргэлтийн тэнхлэгийг найдвартай тогтворжуулсаар иржээ. Дэлхий нарны аймгийн тэнхлэгтэй харьцуулахад 23.5 хэмийн налуу тэнхлэгийг тойрон эргэдэг. Эргэлтийн энэхүү тэнхлэг тогтвортой байдгийн ачаар дэлхийн эргэлт ч мөн адил тогтвортой явагддаг. Энэ нь дэлхий дээр амьдрал үүсч, хөгжихөд зайлшгүй шаардлагатай нөхцөлүүдийн нэг юм. Одоогоос 100 мянган жилийн өмнө дэлхийн тэнхлэгийн маш бага хэмжээний өөрчлөлтийн нөлөөгөөр африкийн ногоон ой элсэн цөл болон хувирсан гэж үздэг.

Энэ нь хүний өвөг дээдэс африкаас бусад тивүүд рүү нүүдэллэж, дэлхий даяар тархах нөхцөл болжээ. Харин европ  тив болон хойд америкт хэдэн 10 мянган жил үргэлжилсэн мөстлөг болсон юм. Далайн түрэлт, таталт ч бас сарны татах хүчний нөлөөгөөр үүсдэг. Дэлхийн бөмбөрцгийн сар ойрхон байрлах хэсэг болон түүний эсрэг талд далайн усны түвшин өндөрсдөг. Сарны талд далайн ус саранд татагдаж овойдог бол эсрэг талд татах хүч сул учир адилхан овойх үзэгдэл ажиглагдана. Далайн түрэлт, таталт сарны байрлалаас хамааран 12 цагийн давтамжтайгаар явагддаг.

Сарны татах хүч далайн уснаас гадна эх газарт ч бас нөлөөлнө. Түүний нөлөөгөөр эх газрын хэсгүүд 30 см хүртэл хэмжээгээр овойж, хотойдгийг нарийн мэдрэмж бүхий төхөөрөмжүүдээр хэмжиж болдог. Мөн нар хүртэх үед нар болон сарны татах хүч давхцах учир далайн ус болон, эх газрын хэсгийн овойлт илүү их хэмжээтэй байдаг. Хэрэв сар дэлхийгээс холдож түүний татах хүч багасвал экватор орчимд 4м-ээс дээш хэмжээгээр овойсон далайн ус туйлууд руу тархана. Үүнээс үүдэн Нью-Иорк, Рио дэ Жанеиро зэрэг далайн эргийн хотуудын орчимд усны түвшин аюултай хэмжээнд хүрнэ. Мөн уур амьсгалын өөрчлөлт хүчтэй явагдаж олон хүн орон гэрээ алдах болно.

Иймэрхүү үйл явдал алс ирээдүйд тохиолдох магадлалтай боловч сар биднээс алслан холдсоор байгаа нь хөдлөшгүй үнэн юм. Сарны ирээдүйг төсөөлөхийн тулд түүний өнгөрснийг судлах хэрэгтэй. Сар болон дэлхий 4 тэрбум 500 сая жилийн өмнө үүсчээ. Гэхдээ сарны үүслийг тохиолдлын чанартай гэж үзэж болно. Нарны аймаг бүрэлдэн тогтох үед эргэлдэгч матеруудын бөөгнөрлөөс үүссэн анхны гаригуудын нэг нь дэлхий юм. Бүрэлдэн тогтсоныхоо дараахан дэлхий асар халуун, чулуулаг бүтэцтэй байжээ. Гэтэл түүнтэй өөр нэгэн анхдагч гариг 45 хэмээр мөргөлдсөн байна.

Мөргөлдөлтөөс үүссэн чулуулгууд үүлэнцэр хэлбэрээр сансарт тархжээ. Харин дэлхийн ойролцоо байрлах чулуулгууд түүнийг тойрон эргэлдэх явцдаа нэг нэгэндээ татагдан нэгдсэнээр сарыг үүсгэсэн бол үүлэнцэрт агуулагдаж байсан төмөрлөгүүд дэлхийд татагдан унаж хүчтэй соронзон орон үүсгэх нөхцөл болсон юм. Соронзон орны нөлөөгөөөр агаар мандал бий болж амьдрал үүсэх эхний нөхцөл бүрэлджээ.

Нарны аймгийн гаригуудаас дэлхийтэй хамгийн төстэй нь Ангараг гариг юм. Тэнд амьдрал байхгүй ч эрт цагт ус, агаар байсан гэж үздэг. Ангарагт байсан ус, агаар ямар шалтгаанаар алга болсон нь тодорхойгүй боловч дэлхийтэй харьцуулахад сар мэт тогтвортой дагуул байдаггүйг тооцож үзэх ёстой юм. Сар байхгүй байлаа ч дэлхий дээр бичил биет амьтад үүсэх боломжтой. Гэхдээ тэднийг биологийн олон төрөл зүйл болон хувьсан өөрчлөгдөж, хөжихөд сар, түүний нөлөөгөөр хадгалагдах дэлхийн тэнхлэгийн тогтворжилт зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийн нэг юм.

Эрт цагт Ангараг болон Сугар гаригт дэлхийтэй адил амьдрал үүссэн байж болох магадлалтай боловч хувьсан өөрчлөгдөх боломж байсангүй. Учир нь тэдгээр гаригуудад сарны адил их хэмжээний татах хүчээр нөлөөлөх дагуулууд байдаггүй. Хэрэв сар байгаагүй бол дэлхийг ч бас адилхан хувь тавилан хүлээж байсан ч байж магадгүй юм. Үүнээс гадна сар биднийг сүүлд од болон солируудаас хамгаалж байдаг. Сарны гадаргад тэнгэрийн биеттэй мөргөлдсөний ул мөр болох, хэдэн 1000 км хүртэлх диаметр бүхий тогоонууд байдаг. Хэрэв томоохон хэмжээний солир саран дээр бус дэлхийд унавал дэлхийн амьдралд мөхлийн аюул учруулах болно.

Бидний өнгөрсөн цаг үед ч бас ийм аюул тохиолдож байсан юм. 65.5 сая жилийн өмнө 10км диаметртэй солир дэлхий дээр унаж үлэг гүрвэлийг мөхөөхөд хүргэсэн гэж үздэг. Тухайн үед мөргөлдөлтөөс асар их хэмжээний дулаан ялгарч, дэлбэрэлтээр цацарсан хад чулуу агаар мандлын дээд давхаргад ч хүрчээ. Мөргөлдөөнөөс хойш дөнгөж 1 цагийн дараа агаарын температур 260 хэмд хүрсэн байна. Хагас жилийн турш тэнгэрийг бүрхсэн утаа, манан нарны гэрлийг хааж динозавруудын хамт дэлхийн амьтадын 70%-ыг устаж үгүй болоход хүргэжээ.
Харин сар биднийг иймэрхүү олон төрлийн аюулаас хамгаалсаар ирсэн юм.

үргэлжилж магадгүй, үгүй ч байж магад …

http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж