Ахуйн цахилгааны хэрэглээг цахилгаан машинаас хангана

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Ахуйн цахилгааны хэрэглээг цахилгаан машинаас хангана

Цахилгаан машинтай холбоотой яригдсаар ирсэн нэгэн асуудал нь түүнийг хэрхэн цэнэглэх тухай юм. Гэхдээ саяхныг хүртэл зөвхөн нэг чиглэлд, тодруулбал ахуйн цахилгаан сүлжээнээс цэнэглэх боломжтой болоод байгаа билээ. Тэгвэл Тоёота компани эсрэгээр нь цахилгаан машинаас ахуйн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжийг туршиж байна.

Тоёотагийн бүтээсэн V2H (vehicle to home) систем Prius Plug-in автомашиныг ахуйн сүлжээнээс цэнэглэх болон түүнээс хувийн сууцны цахилгааны хэрэглээг хангах боломжийг зарим талаар бүрдүүлсэн, хоёр чиглэлээр цэнэглэх технологи юм. Автомашинд зориулагдсан жижиг оврын батерей хувийн сууцны цахилгааныг бүрэн хангах боломжгүй нь мэдээж. Гэхдээ шаардлагатай тохиолдолд аваарын үеийн нөөц эх үүсвэр маягаар ашиглах боломжтойг тэд олж харжээ.

Нөгөө талаас цахилгааны хэрэглээ багатай үед машины батерейг цэнэглэж, оргил ачааллын үед түүгээр сууцны цахилгааны хэрэглээний зарим хэсгийг хангах замаар цахилгааны төлбөрийг бууруулах боломжтой юм. Тоёота компаний мэдэгдэж байгаагар Prius Plug-in автомашины батерейд хуримтлагдах цэнэгээр дундаж хэрэглээ бүхий япон айлын 4 хүртэлх хоногийн цахилгааны хэрэглээг хангах боломжтой ажээ.

V2H системийн туршилт нь тус улсын Эдийн засаг, Худалдаа Үйлдвэрлэлийн яамнаас Тоёота хотод хэрэгжүүлж буй ухаалаг грид системийн төслийн хүрээнд хийгдэж байна. Тоёота хот нь тус яамнаас хэрэгжүүлж буй эрчим хүчний шинэ төрлийн системийг турших бүс нутгийн нэгээр сонгогдсон юм. Төслийн хүрээнд хувийн 40 орон сууцыг хамруулан нарны батерей, цахилгаан хадгалах төхөөрөмж, ахуйн эрчим хүчний зохицуулалтын систем, автомашинаар хоёр чиглэлд цэнэглэх технологийг тус тус ашиглаж цахилгааны эрчим хүчний хэрэглээг тогтвортой хангах боломж, хэрэглээний оновчтой, ухаалаг хэлбэрийг судлаж байна.

Харин Тоёота компаний V2H системийг 10 загвар орон сууцанд туршиж байгаа ажээ. Тоёота, машин болон орон сууцны хооронд цэнэглэх технологи дээр ажиллаж байгаа цорын ганц компани биш юм. Ниссан мөн адил Leaf машинаас ахуйн цахилгааны хэрэглээг хангах технологийг хөгжүүлж байна. Тэдний хувьд дундаж япон айлын 2 хоногийн цахилгааны хэрэглээг автомашинаас хангах боломжийг бүрдүүлээд байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн газар хөдлөлт, цунамигийн гамшигаас хойш ийм төрлийн технологи Япон улсад олон төрлөөр боловсруулагдаж байна. Тухайлбал зурагт, богино долгионы зуух, хөгжим зэрэг ахуйн цахилгаан хэрэгслүүдийг залгаж ажиллуулах боломжтой цахилгаан автомашины загварууд бүтээгдээд байна. Ийм төрлийн автомашиныг манай хөдөө орон нутагт болон аялал жуулчлалын байгууллагуудад ашиглахад тохиромжтой санагддаг юм.

Эх сурвалж: robomec.blogspot.com
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж