Сонгогчдын бүртгэл шалгах хугацаа өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Сонгогчдын бүртгэл шалгах хугацаа өнөөдөр дуусна

УИХ-ын сонгуульд оролцохоос өмнө иргэд өөрсдийн овог нэр, регистрийн дугаар, оршин суугаа хаяг, ам бүлийн тоогоо тулгах хугацаа өнөөдрөөр дуусч байна. Иргэд бүртгэлээ шалгахдаа өөрсдийн харьяа тойргийн хэсгийн хороонд иргэний үнэмлэхээ авч очих юм. Бүртгэлийг нягтлах ажил зургадугаар сарын 8-наас эхэлсэн бөгөөд өнөөдөр 20.00 цаг хүртэл үргэжлэх юм байна.

Өнөөдөр бид Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн хэсгийн хорооны бүртгэл нягталж буй байдалтай очиж танилцлаа. Энд 12.00 цагийн үед очиход бүртгэлээ шалгаж буй иргэн алга. Тойргийн комиссын ажилтнуудаас иргэдийн бүртгэл баталгаажуулалт ямар явцтай байгааг лавлахад “Иргэд бүртгэлээ баталгаажуулахгүй байна.  Бараг тойрог дээрээ ямар хүмүүс дэвшиж байгааг ч мэдэхгүй хүн зөндөө байх шиг байна. Энэ удаагийн сонгуулийн ирц муу байх вий гэдэгт санаа зовж байгаа” гэв. Гэтэл бас тойргийн хэсгийн хороодод хэчнээн хүн хандаж, бүртгэлээ баталгаажуулж байна гэдэг тоог одоогоор мэдэх боломжгүй гэнэ. Сонгуулийн тойрог тус бүр дүнгээ нэгтгэн дүүргийн тойргийн хороонд өгч, тэндээс хот, улсын тоо гарах ажээ.

Сонгууль дөхсөн энэ өдрүүдэд хууль бусаар сонгогчийн саналыг худалдан авах, төөрөгдүүлэх, будлиантуулах үйлдэл ихэсдэг тул иргэдийн зүгээс хууль бус үйлдлийг тухай бүрт нь Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж байхыг албаныхан анхааруулж байна. Иргэдийн зүгээс ч гэсэн өөрсдийн бүртгэл, ам бүлийн тоогоо сайтар нягтлах учир нь санал авах зориготойгоор айл өрхийн гишүүд дээр зохиомлоор хүн нэмдэг хуул бус үйлдэл, бүртгэл зөрснөөс сонгуулиа өгч чадахгүй байх зэргээс хэрэгтэй юм.

Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн тухайд ажиглаж байхад, хорооны бүртгэлдээ дөрвөн гишүүнтэй нэгэн ам бүлд нэмж, энэ өрхтэй ямар ч холбогдолгүй гурван хүний  нэр бүртгэсэн байхыг харлаа. Энэ талаар тус тойргийн хорооны ажилтнуудаас асуухад “Өмнө нь газар эзэмшиж байсан хүний нэр байх боломжтой” гэсэн хариулт өгч байх юм. Илүү дэлгэрэнгүйг хорооны иргэдийн бүртгэлийг хариуцсан нийгмийн ажилтан өгөх ёстой гэсэн боловч тэр хүн нь биднийг очиход эзгүй байв. Өрхийн бүртгэл буюу тухай өрхийн хаяг дээр нэмэгдсэн гурван хүн чухам ямар учиртай болох талаар бид эргэн сурвалжлах болно.

Энэ мэт маргаан хэсгийн хороодод гарч байгаа тул иргэд, сонгогчид та бүхэн сонгууль өгөх бүртгэлээ шалгаагүй бол өнөөдрийн дотор саналаа өгөх харьяа дүүргийн сонгуулийн хэсгийн хороонд очиж, бүртгэлээ баталгаажуулахыг анхааруулж байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж