Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Үндэсний аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Улсын Их Хурлын 2010 оны 39, 2011 оны 57 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2012 оны 4 сарын 11–ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэдэд  эзэмшүүлэх, аж ахуйн  нэгжид худалдахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 116 тоот тогтоолыг гаргасан. Уг тогтоолын 3–т “Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулах” мөн 5–т “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны нэрлэсэн үнийн талаархи саналыг Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр 2012 оны 5 дугаар сарын 1-ний дотор нэрлэсэн үнийг зохих журмын дагуу тогтоох” гэж заасан билээ.

Засгийн газрын зүгээс УИХ-ын 2010 оны 39-р тогтоол, 2011 оны 57-р тогтоолын“Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг ард иргэдэд эзэмшүүлэх, үндэсний ААН-үүдэд нэрлэсэн үнээр нь худалдах тухай заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой авч байгаа арга хэмжээнүүд нь хууль зөрчиж байна гэж үзэж байна.

Тухайлбал:
1. Засгийн газрын 2012 оны 116-р тогтоолд 2012 оны 4-р сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн Монгол улсын иргэн бүрт 1 072 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр тогтсон бөгөөд энэ нь Монгол улсын нийт иргэдэд “Эрдэнэс таван толгой” ХК-ийн нийт гаргасан хувьцааны 20 гаруй хувьтай тэнцэж байна. Харин үүнтэй холбоотой авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2012 оны 5-р сарын 29-ний өдрийн байдлаар нийт 1 532 853 иргэн буюу нийт хүн амын 55% нь эзэмшиж амжаагүй хувьцаагаа Засгийн газарт худалдах хүсэлт гаргасан байна. Иргэдэд хувьцаа эзэмшүүлэх биш иргэдээс хувьцаа худалдан авах талаар ажил зохион байгуулж байна.

2. 2012 оны 4-р сарын 11-ний өдрийн Засгийн газарын 116 тоот тогтоолд 5-р сарын 1-ний дотор хувьцааны нэрлэсэн үнийг тогтоох, “…Улсын Их Хурлын 2012 оны 39 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн “б”-д заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжүүдээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг худалдаж авах талаар өөрийн харьяалагдах татварын хэлтэст 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хувьцааг нэрлэсэн үнээр нь тэнцүү хэмжээгээр худалдах ажлыг зохион байгуулахыг” холбогдох албан тушаалтануудад даалгасан. Үүнтэй холбоотойгоор авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд Засгийн газрын 2012 оны 05 сарын 30 –ны өдрийн хуралдаанаар хувьцааны нэрлэсэн үнийг иргэдэд олгох 1 сая төгрөг болон 1072 ширхэг хувьцааны үнэнд дүйцүүлэн  933 төгрөгөөр тогтоосон бөгөөд 6 сарын 13-ны өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Үндэсний аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг худалдах, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн хувьцааг Засгийн газар худалдан авах үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэлэлцэн баталсан тухайгаа мэдээлсэн билээ. 6-р сарын 15-ны өдрийн байдлаар энэхүү журам нь олон нийтэд мэдээлэгдээгүй байгаа хэдий ч олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр мэдээлж байгаагаар 7-р сарын 1-ний өдрийг хүртэл ААН-үүдээс хувьцаа худалдан авах хүсэлтийг хүлээн авах ба харин Татварын албадаас 7-р сарын 1-ний дотор хувьцаагаа шууд худалдан авахыг шаардаж байна. Учир нь Татварын албан дээр ААН-үүдээс хувьцаа худалдан авах хүсэлтийг хүлээн авахдаа төлбөр төлсөн баримтыг хавсаргахыг шаардаж байна. Үүнээс үзэхэд ААН-үүдийн хувьцаа худалдан авах хүсэлтийг хувьцаа худалдан авахтай хамтатган 7-р сарын 1-ний дотор хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм байна. Хэрэв энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь үнэн бол үндэсний ААН-үүдийн дийлэнх хэсэг нь хувьцаа худалдан авах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох юм. Тухайлбал: 

  • Засгийн газраас хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөг, нэг ААН-ийн худалдаж авах хувьцааны тоог хамгийн ихдээ 36240 ширхэг байхаар тогтоосон бөгөөд нийт үнийн дүн нь 33 811 920₮ (Гучин гурван сая найман зуун арван нэгэн мянга есөн зуун хорин төгрөг) болж байна. Монгол улсын үндэсний ААН-үүдийн дийлэнх хэсэг нь жижиг дунд бизнес эрхлэгчид бөгөөд бизнесийн хамгийн таатай улиралд гүйлгээнд эргэлдэж байгаа хөрөнгөө чөлөөлөхөд хуанлийн 15 хоног хангалтгүй юм. 
  • “Эрдэнэс тавантолгой”ХК–ийн засаглал, үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөө, ашиг орлого, хувьцааны талаархи урьдчилсан судалгаа, шинжилгээ, анализ гэх мэт хөрөнгө оруулалт(хувьцаа худалдан авах) хийхэд шийдвэр гаргадаг гол үзүүлэлтүүдийн мэдээлэл дутмаг байгаа нь аж ахуйн нэгжүүдэд эргэлзээ төрүүлсээр байна.

3. Засгийн газраас иргэдийн хувьцааг худалдан авах эх үүсвэрээ Үндэсний ААН-үүдэд хувьцаа худалдсаны орлогоос бүрдүүлнэ хэмээн зарлаж байгаа нь Хүний хөгжил сангийн тухай хуулийг зөрчиж байна. Уг хуулийн үндсэн зорилго нь “… ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэж, тогтвортой өсөн нэмэгдэх байнгын нөөц бүрдүүлэн иргэддээ тэгш хүртээх зорилгоор хүний хөгжил сан байгуулах, түүнийг бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, зарцуулах, гүйцэтгэлийг нь тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад…” орших бөгөөд 3.2-д зааснаар “…стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн төрийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, хувьцаа борлуулсны орлого…;”нь Хүний хөгжил сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ хэмээн заасан. Гэтэл Хүний хөгжил санд төвлөрөх хөрөнгийг өөр зүйлд зарцуулахаар төлөвлөж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна.

4. Аж ахуйн нэгжүүдүүдэд хувьцаа худалдахтай холбоотой тогтоол шийдвэр, түүний хэрэгжилтийн талаар нэгдсэн мэдээлэл, сургалт зохион байгуулах шаардлагатай байна.

Иймд “Эрдэнэс тавантолгой” ХК–ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх, ААН-үүдэд худалдах асуудлаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар дахин хэлэлцэх нь улс орны эдийн засгийн чухал асуудал болохыг хариуцлагатай мэдэгдэн байр сууриа илэрхийлж байна. Мөн үндэсний аж ахуйн нэгжүүдэд энэ асуудалтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамдсан асуудал, санал хүсэлтээ албан байдлаар ирүүлэхийг уриалж байна.

“МОНГОЛ 999 ҮНДЭСНИЙ НЭГДЭЛ”ХК
2012.06.16
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж