Хомс хотоос иргэдийг гаргахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Хомс хотоос иргэдийг гаргахыг шаардав

Өчигдөр НҮБ Сирийн цэргийнхэн болон босогчдын хооронд гол тулаан болж буй бүслэгдсэн Хомс болон бусад байлдааны бүсээс өвчтэй, өндөр настай хүмүүс, хүүхэд эмэгтэйчүүдийг нүүлгэн шилжүүлэхийг шаарджээ. Хошууч генерал Роберт Мүүд “Цэргийнхэнд бүслэгдсэн Хомс хотоос иргэдийг гаргахаар НҮБ-ын ажиглагчид ажиллаж байна. Гэвч энэ оролдлого бүтэлгүйтсэн” хэмээжээ. Ерөнхийлөгч Башар Ассадын зэвсэгт хүчин босогчдыг дарахын тулд Сирийн тосгод болон хотуудад өргөн хэмжээний дайралт хийж байгаа юм байна.

Сирийн Дамаск хотод мөргөлдөөн ширүүссэнээс өнгөрсөн бямба гаригт НҮБ-н 300 ажиглагч тусгай ажиллагааг түр зогсооход хүрсэн аж. Ажиглагчид Дамаскаас Хомс хотод очиж, энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй газар хүргэхийн тулд 90 минут гал зогсоохыг хоёр талд санал болгожээ. Сирийн Засгийн газар энэ төлөвлөгөөг хүлээн авсан байна. Гэвч хоёр тал галаа огт зогсоогоогүй гэнэ.

Сирийн зэвсэгт хүчнийхэн  босогчдыг зайлуулахын тулд улс орон даяар хот тосгонуудад танк болон нисдэг тэрэгнээс дайралт хийж бөмбөгдөсөөр байна. Харин босогчид Сирийн хүчнийхний эсрэг дайрч, тэдний танкнуудыг шатааж байгаа ажээ. Өчигдөр босогчдын дайралтанд Сири даяар найман цэрэг буудуулж, 30 энгийн иргэн суманд өртөн амь үрэгдсэн байна.

Хомс хотод нүүлгэн шилжүүлэх 1000 өрх байгаа бөгөөд олон тооны шархатсан иргэнийг эмчлэх эм тариа эмч нарт байхгүй байгаа ажээ.

2011 оны гурван сард Ерөнхийлөгч Башар Ассадыг хөөн зайлуулах эсэргүүцлийн хөдөлгөөнөөр эхэлсэн бослого нь 15 сарын хугацаанд иргэний дайны хэмжээнд хүрээд байгаа билээ. Энэ хугацаанд 14000 гаруй энгийн иргэд болон босогчид, 3400 гаруй цэрэг амь үрэгджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж