“Anemone” нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөддөг

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Anemone” нэртэй нисэх онгоцтой болохыг мөрөөддөг

“Учиртай гурав” киноны “Чи яг дурлал” шиг дууны клипээ үзэгчдэд хүргэснээс хойш шинэ бүтээл төрүүлээгүй “Anemone” хамтлагийг сураг алдарсан хэмээн шүүмжлэх нэгэн байсан. Гэхдээ тэд өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй. Охид анхны бие даасан цомгийн ажилдаа шамдан орсон бөгөөд  ерөнхий продюсероор нь хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат, хөгжмийн найруулагчаар нь Н.Халиун ажиллаж байгаа юм.  

“Anemone”-ийн охид уран бүтээлийн олз омог арвинтай байгаа. Тэдний дөрөв дэх клип “мэндэлсэн”. “Надад мөрөөдөл бий” хэмээх цоо шинэ дуундаа хийлгэсэн шинэ клип нь өнөөдрөөс телевиз,  радиогоор цацагдаж, вэбсайт, Youtube-дээр тавигдаж эхэлнэ. Мөн тэдний талаарх нэгэн шинэ мэдээлэл байгаа нь Оно буюу Оюунтуяа хамтлагаасаа гарсан тухай юм. Оногийн хувьд “Making the band-1” төсөлд хамрагдаж “Anemone” хамтлагийн гишүүн болсноор анх урлагт хөл тавьсан. Мөн тэрбээр хамтлагтаа дуулахын сацуу СУИС-ийн эстрад дуулаачийн ангид суралцдаг байсан билээ. Оно Японд сурахаар болсон тул  хамтлагаасаа гарч уран бүтээлээ тодорхой хугацаагаар завсарлахаар болсон юм байна.

“Anemone” буюу Яргуйжин охидын уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцлаа.

Н.ХАЛИУН: ОХИД ДУУГАА ӨӨР ӨӨРИЙН МӨРӨӨДЛӨӨР ХӨГЛӨЖ ДУУЛСАН

“Надад бүхнийг гийгүүлэх аз жаргалтай мөрөөдөл бий

Чамд бүхнийг бишрүүлж гайхашруулах хүсэл бас бий

Хүн бүхэнд мөрөөдөл бий хязгааргүй

Мөрөөдөл бүхэнд гэрэл бий

Мөрөөдөж хүсч тэмүүлж алхам алхам ойртож

Гэрэлт мөрөөдөлдөө би заавал хүрнэ”  хэмээн энэ цагийн авьяаслаг залуу яруу найрагч Золзаяа буюу та бидний мэддэгээр ZZ шүлэглэжээ. Харин дууны амин сүнс нь болсон аялгуу буюу хөгжмийг найруулагч Н.Халиун хийсэн байна.

“Надад мөрөөдөл бий” дуу хэрхэн бүтсэн талаар “UP MUSIC” продакшны хөгжмийн найруулагч, “Anemone” хамтлагийн продюсер Н.Халиун ийн ярьсан юм.

-Залууст болон өсвөр үеийнхэнд ер нь хөгжим сонирхдог бүх хүнд энэ дуу таалагдана гэж бодож байна. Яагаад гэвэл бүх насны хүмүүст мөрөөдөл байдаг.  Дуу маань өөрөө нийтлэг сэдэвтэй болохоор олон хүнийг хамарч, хүн болгонд мөрөөдлийг нь шинээр амилуулах болов уу гэж бодож байна.

-Энэ дуу төрсөн түүх хэр сонин бол?

-Хүн болгоны нүдэнд мөрөөдөл гэрэлтэж байдаг. Миний хувьд зөвхөн энэ хамтлагийнхаа хүсэл мөрөөдлийг нь олж харахаас илүүтэй тэднийг сонсч байгаа залуусын хүсэл мөрөөдлийг нь олж харах гэж хичээдэг. Энд тэнд тоглолтоор явж байхад хүүхэд бүр их гэгээн, ариун итгэл, сэтгэлээр энэ хамтлагт бас дуунд нь хандаж харагддаг. “Anemone” хамтлагийн бас нэг имиж үргэлж гэрэл гэгээтэй дуу дуулдаг. Энэ өнгө аясынх нь үргэлжлэл болгон “Надад мөрөөдөл бий” дууг зохиосон. Нөгөө талаар үүрэн харилцааны “Скайтел” компани бидэнд энэ дуун дээр хамтарч ажиллах санал тавьснаар дуу бүтээх ажилдаа орсон. Хамтлагийн охид авьяаслаг болохоор дууг богино хугацаанд сурч, өөр өөрийн онцлогоо харуулан дуулцгаасан. Тэд дуугаа яг л өөр өөрийн мөрөөдлөөр хөглөж дуулсан даа.

-Төрөл, жанрын хувьд энэ дууг яаж тодорхойлох вэ?

-“Anemone” хамтлаг поп стильтэй. Тийм болохоор хөнгөн поп стильтэй, цоглог ритмтэй дуу болсон. Мөрөөдөл гэдэг маш өөдрөг, их хөгжилтэй сэдэв болохоор бүжгийн хэмнэл шаардсан дуу болсон.

-Энэ хамтлагийн продюсерээр ажиллаж байгаагийн хувьд уран бүтээлийг ямар чиг баримжаатай байлгана гэж төлөвлөдөг вэ?

-Бид анхнаасаа өсвөр үеийн шүтээн болсон хамтлаг байгуулах зорилготой байсан.  “Anemone” хамтлаг хүүхэд залуусын дунд нэрд гарсаны. Бид анхны бие даасан цомгоо “Anemone” хэмээн нэрлэж байгаа. Энэ цомгийн хамрах хүрээ яг л өсвөр үеийнхэнд чиглэсэн байна. Хүн ер нь бага балчир насандаа л хүмүүжиж, амьдралд хөл тавих бүх бэлтгэлийг олж авдаг. Харин урлаг талаасаа дуу, хөгжимд хандах үзэл нь “Anemone” хамтлагаар хөглөгдөж байгаасай гэсэн бодлоор хөгжмийн чиг баримжааг нь тусгайлан өсвөр үе рүү чиглүүлсэн.

ХҮН БҮХЭН МӨРӨӨДЛӨӨР ЖИГҮҮРЛЭН АМЬДАРДАГ

 

“Anemone” хамтлагийн охид шинэ дууныхаа тухай сонирхуулж, хүүхэд насны гэгээн мөрөөдлөөсөө хуваалцлаа.

-Анх энэ дууг та нарт санал болгоход таалагдсан уу?

-Жулиа /хамтлагийн ахлагч/: Халиун ах энэ дууны аяыг зохиож байхад бид яг хажууд нь байсан. Тэр үед шүлэг нь хараахан бэлэн болоогүй байсан төдийгүй энэ дууг бид нарт өгнө ч гэж бодоогүй. Гэтэл Халиун ах “Охидоо ороод ир. Энэ дууг сонс доо” гээд тэгээд л бидэнд өгсөн дөө.

-Жанна: Энэ дуу их гэгээлэг. Бүх насны хүн сонсч болно. Бидэнд ч мөрөөдөл бий. Та нарт ч мөрөөдөл бий. Хүн бүхэн мөрөөдлөөр жигүүрлэн амьдардаг учраас энэ гэгээлэг зүйлийг магтан дуулсан. Хүн бүхэн өөр өөрийн мөрөөдлөө бодоод энэ дууг сонсоорой гэж хэлмээр байна.

-Чухам ямар мөрөөдлийг  илэрхийлэх бол?

-Жулиа: Бид хэдий дөрвөн өөр хүн ч хамтлаг гэсэн нэрийн дор итгэл, сэтгэлээрээ нэгдсэн, хүсэл мөрөөдөл, зорилго нэгтэй охид. Бид тэрхүү мөрөөдлөө л энэ дуундаа чин сэтгэлээсээ шившин дуулсан. 

-Дууны хуваарилалтаа хэрхэн хийсэн бэ?

-Цэнгэлэн: Хуваарилалтыг Халиун ах гишүүдийн дуу хоолойн өнгөнд тааруулан хийдэг. Өөр өөрсдийн дуулна гэж бодсон хэсгүүдээ дуулсан. Хүн бүр өөрсдийн дуулах ур чадвараа харуулсан гэж бодож байна. Бичлэгийг нь “UP MUSIC” продакшнд хийсэн.

-Энэ дуу залууст ямар сэтгэгдэл төрүүлэх бол?

-Жанна: Манай продюсерүүд эхний хоёр цомог аялгуу сайтай дуунуудтай байх ёстой гэж хэлдэг. Энэ дуу ч бас маш аялгуулаг. Анх сонсоход л чихэнд наалдаад. Тиймээс хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногших болов уу гэж бодож байна. 

-Клип нь удахгүй цацагдана гэсэн. Өмнөх клипүүдээс юугаараа өөр болсон бэ?

Халиун: Клипийг “Wanted” энтертайнмент хийсэн. Тэд манай “Хаврын хайр” дууны клипийг бас хийсэн юм. “Надад мөрөөдөл бий”-гийн хувьд илүү гэгээлэг, шинэлэг, өнгөлөг болсон. Ямар нэгэн зохиолд баригдаагүй. Бид бүгд дор дороо өөрийнхөө мөрөөдлийг бодож дуулсан. Мөн клипний төгсгөлд гадаад болон монгол хүүхэд залуус хамтдаа бүжиглэдэг. Манай хамтлаг мөрөөдөлтэй байхад тэр хүүхдүүд ч бас өөрийн гэсэн мөрөөдөлтэй гэдгийг харуулсан санаа юм.

-Та нарын мөрөөдөл клипэнд  орсон биз дээ?

-Халиун: Бидний нэг гоё мөрөөдөл байдаг нь олон жилийг хамтдаа сурч мэдэж, хийж бүтээж өнгөрөөгөөд “Anemone” нэртэй нисэх онгоцтой болох. Тэр мөрөөдлөө энэ клипэндээ оруулсандаа их бэлгэшээж байгаа.

-Та нарын хүүхэд насны хүсэл мөрөөдөл өөрчлөгдсөн үү?

-Жулиа: Ээж маань намайг эмч мэргэжилтэй бол их зөвлөдөг байсан. Гэхдээ “Making the band” шоу оролцсоноор миний хүсэл мөрөөдөл ёстой л 360 градус эргэсэн гэхэд болно. Цаашид дуучин мэргэжлээр шамдан суралцах болно. 

-Цэнгэлэн: Миний сэтгэлд байсан нууцхан мөрөөдөл минь “Making the band” шоунд оролцсоноор нээгдсэн. Урьд нь энгийн нэгэн оюутан охин үйлдвэрлэлийн менежмент, менежерээр суралцдаг байсан. Гэхдээ энэ мэргэжлээ орхиогүй. Энэ жил сургуулиа төгссөн. Харин бүр багадаа онгоцны үйлчлэгч болохыг мөрөөддөг байсан. Мөн дараа нь манай гэрт эмч нар олон  болохоор намайг ч бас эмч болгох сонирхолтой байсан. Гэхдээ би эмч биш цагдаа болно гэж хэсэг зүтгэсэн. Ер нь юм юманд сонирхолтой, их сониуч охин байсан.

-Халиун: Би багаасаа л дуулах дуртай охин байсан. Ширээн дээрээ гарчихаад дуулаад л. Манай эмээ намайг Хүүхдийн ордонд дугуйланд оруулна гээд дагуулаад явдаг байж билээ. Анх наймдугаар ангидаа амьд хөгжмийн охидын хамтлаг байгуулж байсан. Ритм гитар тоглодог байлаа. Түүнээс хойш арваннэгдүгээр ангидаа ороод л дуучин болохоор шийдээд СУИС-д орсон.
 
-Жанна:
Хүмүүс бага насандаа их олон янзын мэргэжилтэй болно гэж боддог шүү дээ. Миний хувьд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөөсөө огтхон ч няцаж байгаагүй. Өөр мэргэжилтэй болно ч гэж төсөөлж үзээгүй. Чухам яаж дуучин болохоо л мэдэхгүй явсан. Гэхдээ СУИС-д хүссэн мэргэжлээрээ сурч байна. Цаашдаа ч сайн дуучин болохын төлөө ихийг суралцах болно. Бурхан миний хүсэл мөрөөдлийг сонссон болохоор надад манай хамтлагийн охидыг илгээсэн болов уу.

-Тэгвэл танай хамтлагийн хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Цэнгэлэн: Бидний хувьд анх цомогтой болох юмсан гэж мөрөөддөг байсан. Одоо өанхны цомгийн ажилдаа орчихсон явж байна. Мөрөөдөл маань шат шатаар биелж яваад баяртай байдаг. Цомгоо гаргасны дараа тоглолтоо хийнэ. Дахиад ч цомог гаргана. Хамгийн гол нь маш олон жил хамт байж, сайн сайн уран бүтээлүүд хийхийг хүсдэг.

-Халиун:
Ер нь хамтлагт хамгийн чухал нь олон жилийн нөхөрлөл, итгэлцэл байдаг болов уу. Бид удаан хугацаанд оршин тогтнож байж л сайн хамтлаг болж, сайн уран бүтээлүүд хийнэ. Ц.Чулаанбат, Н.Халиун гэсэн хоёр гайхалтай продюсертэй таарсан азтай. Бид яг л нэг гэр бүл шиг. Багагүй хугацааг хамтдаа өнгөрөөсөн болохоор бидэнд тэр хүмүүс яг л аав шиг минь, ах шиг минь дотно  болсон. Биднийг түшиж, тулж явдагт нь их талархаж явдаг.

-Жанна: Нэгэн нууц задлахад, бид хамтлаг дотроо Чука ахыг “аав”, Халиун ахыг “ээж” гэж дууддаг. “Ээж” илүү загнана. “Аав” бол алсаас хянаад л. Хааяа нэг том хурал хийдэг. Манай хамтлаг анх 2011 оны гуравдугаар сарын 11-нд байгуулагдаж байсан. Саяхан бидний нэг жилийн ой тохиосон. Энэ өдөр зургуулаа ширээ тойрч суугаад төрсөн өдрийн бялууныхаа лааг хамтлагийнхаа “аав”, “ээж” хоёртойгоо хамтдаа үлээгээд л, их л сайхан дурсамжтай тэмдэглэсэн.

-Зуны зугаатай өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх төлөвлөгөөгөө гаргасан уу?

-Жулиа: Энэ зун  бид маш завгүй ажиллаж өнгөрөөх төлөвтэй. Гэхдээ зуныг амралт, аялалгүйгээр төсөөлөшгүй байдаг. Тэр ч үүднээсээ хамтлагаараа хөдөөгүүр аялах бодолтой байгаа. Бид дөрөв хөдөө явах их дуртай л даа.

-Танай хамтлагийн гишүүн Оног хамтлагаасаа гарсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Жанна: Оно маань Японд сурч, урлагийн чиглэлээр мэргэжил эзэмшихээр болсон. Бид анх бүх л зүйлээ тавуулаа эхэлсэн. Түүнийг хамтлагаасаа гарна гэж хэн ч төсөөлөөгүй. Эхний үед бидэнд маш их хэцүү байсан. Түүнийг өдөр бүр санадаг. Тайзнаа дөрвүүлээ гарахад нэг л эвгүй мэдрэмж төрөөд л. Гэхдээ нэгэнт Оно маань өөрийнхөө амьдралын зорилгыг тодорхойлоод түүндээ хүрэхийн тулд явах гэж байхад бид саналыг хүлээж авахаас аргагүй байсан.
 
-Түүний орыг нөхөх шинэ гишүүн авах уу?

-Цэнгэлэн: Түүнийг гарсны дараа бид шинэ гишүүн авах уу, эсвэл дөрвүүлээ уран бүтээлээ үргэлжлүүлэх үү гэж ярилцсан л даа. Оног нөхөх хүн бидэнд олдохгүй болов уу гэж боддог. Тиймээс дөрвүүлээ л байхаар шийдсэн.

-Жулиа: Оно заримдаа чив чимээгүй болчихдог. Хааяа их галзуу, цоглог болчихдог. Тэр их зоригтой. Биднийг үргэлж хурцалж өгдөг байсан. Бас сайн дуулдаг, сайн бүжиглэдэг. Бид үргэлж Оногийн талд байдаг байсан. Одоо ч байсаар байх болно. Өөрийнхөө бодож санасан зүйлдээ заавал хүрээрэй гэж найздаа хэлмээр байна.

-Халиун: Богинохон ч гэсэн бидний хамтдаа өнгөрүүлсэн цаг хугацаа их дурсамжтай. Бид “Оно байхгүй, онцгүй байна даа” гэж хүмүүст хэлүүлэхгүйн тулд их хичээж байгаа. Цаашид бид дөрвүүлээ уран бүтээлээ таслалгүй, эрчтэй, хүчтэй хийнэ гэдгээ амлая. Яг одоо бол бидний амьдрал энэ хамтлагтай шууд холбоотой болсон. Магадгүй бидний амьдралын зорилго, хүсэл тэмүүлэл бүхэн энэ хамтлагт бий байх. Орой унтах, өглөө босох бүртээ хамтлаг гэж амьдардаг болсон.  

Ц.ЗЭНДМЭНЭ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж