Ингээд “Гамлет” жүжгийн тендерийн салхийг хагалан тайзнаа сугалаа ёсоор Б.Баатар найруулагч зураачийн хамт өөрийн төсөл уран бүтээлийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр жүжгийн тайзны скиз, гол дүрүүдийн хувцасны загварыг тайзнаа дэлгэн харуулсан. Билэг танхай найруулагч Б.Баатар сонингоор хийсэн цаасан малгайг өмсөөд “Би сонингоор бүхнийг хийнэ. Тэр цайз мэт заваан амьдралыг сонинг цоолоход гэрэл гэгээ гардаг шиг л зүйлийг би үзүүлнэ. Тиймээс…” гээд толгойдоо өмссөн өнөөх сонингоор хийсэн цаасан малгайгаа базаж чулуудан “Би үүнийг л үзүүлнэ” гэж аархлаа. Харин тэрбээр жүжгийн жанраа инээдэм, ханиадам бүхий “цуглуулга” гэж томьёоллоо. Харин өөрийгөө Б.Баатар найруулагч “Гамлет”-ыг Монгол орших уу, эс орших уу, дэлхий орших уу, эс орших уу гэж том ярьж тавих ёстой болохоос жүжгээ тавчихаад зурагтаар олонтаа ярин төрийн шагнал горьдож буй хүмүүсийн эсрэг би явна хэмээн өөрийгөө тодорхойлсон юм. Тэрбээр танилцуулгынхаа төгсгөлд “Энэ жүжгийг хэн ч тавьсан манай театрын “Гамлет” уран бүтээлчийн чадлаа сорьдог бүтээл байх болтугай” хэмээн өндөрлүүлсэн.
Дараагийн өрсөлдөгч найруулагч Ц.Найдандорж хамтран ажиллах “Боролдой” студийн найруулагч, зураач Д.Мягмарын хамт тайзнаа төслөө танилцуулав. Ц.Найдандорж найруулагч энэхүү жүжигт дорны сүнслэг ахуйг илүүтэй харуулан жүжгийн гол шугамаа үзүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр тайзны скиз зургийнхаа үндсэн санааг дэлгэн харуулаагүй ч бүгд уран бүтээлчдийн санаанд бэлэн байгаа хэмээв.
Харин Ч.Түвшин найруулагч төсөл дээр хамтран ажиллах зураач н.Одончимэг, хөгжмийн зохиолч Оки нартай тайзнаа хэрхэн ажиллах төлөвлөгөөгөө танилцууллаа. Тэрбээр энэхүү жүжигтээ өнөөгийн байгаа байдал бус цаашид бид хэрхэн, хаашаа очих гээд байна вэ, орших уу эс орших уу гэдэгт анхаарлаа төвлөрүүлэн трагед жанраар футур арт стилээр хийхээр төлөвлөжээ. Тэрбээр аливаа төр өөрсдийгөө байгааг мэдэгдүүлэхийн тулд сайхан, амжилттай ажиллаж байна гэсэн тоглолт хийх тусам тухайн ард түмэн ядран доройтож байдгийг энэ жүжигтэйгээ холбон харуулах аж. Түүний тайзны скиз сонирхол татахаар байлаа. Театрын тааз баганадсан өндөр хана хэрмүүд байх бөгөөд эдгээр баганууд 360 градус эргэдэг бүтээн байгуулалтыг харуулсан баригдаж буй барилгууд байх гэнэ. Харин эдгээр бүтээн байгуулалтын дунд Клавдия хөшөө сүндэрлэж эхлэх бөгөөд тэр сайхан болох тусам өнөөх тэнгэр багандсан хана хэрэм нуран унасаар буйг харуулах ажээ. Хамгийн сүүлийн мөчид алтадсан Клавдия хөшөөний том толгой тайзан дээр нуран унаж, Гамлетын юм уу, эцгийнх нь толгой түүн дээр ирж залгагдан Гамлет энэ засаглал, бүтцийг өөрчилсөндөө маш сэтгэл ханамжтайгаар нөгөө ертөнцөд одох аж.
Харин найруулагч Н.Наранбаатарын багт ерөнхий зураачаар Б.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Б.Чинбат нар ажиллах аж. Тэрбээр тендер зарласан учраас энэ жүжгийг найруулья гэж сэдээгүй “Ромео Жулетта” жүжгийг олны хүртээл болгосныхоо дараа “Гамлет” жүжгийн тайзнаа тавих төлөвлөгөөтэй байсныхаа дагуу энэхүү жүжгийг хийхээр хоёр жилийн өмнө түүнд төрсөн эмзэглэл, сэдэлжилт явж байгаа хэмээн ойлгоорой гэв. Тэрбээр уг жүжгийг трагед жанраар модерн стилээр тайзнаа тавих аж. Түүний жүжгийн гол шугам бол төр орших уу, эсвэл хүн орших уу эцэстээ орших уу эс орших уу тухай өгүүлэх аж. Тэрбээр Гамлет бол төрийн онол гэвч энэ бол хийсвэр, үүнийг хөрсөн дээр буулгахаар хүний онол байгаа. Тиймээс энэ жүжиг эцэстээ саруул ухаанаар төр улсаа эс авч явж чадваас түүх өөрөө чамаас ял асууна хэмээн энэ жүжгээр хэлэхийг зорьжээ. Харин жүжгийн тайз нь хүний уураг тархи шиг байх гэнэ. Тэр уураг тархи болсон тайзны нүд нь өөрөө асч, хамраас нь уур савсах бөгөөд аман дахь усан хоргонд нь Офиля унаж үхэх аж. Түүнийхээр энэхүү тайз өөрөө нүүр царай болж байгаа ч нэг талаас харвал цайз, нөгөө талаас хүний оюун ухаан учраас энэ жүжиг өөрөө Гамлетын оюун ухаанд болж байгаа үйл явдлыг л харуулах юм байна.
Хамгийн сүүлд тайзнаа Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж өөрийн багийн хамт төслөө танилцуулсан юм. Тэрбээр Гамлет жүжгийг авангард жанраар тавих аж. Тэрбээр торлогдсон үнэн, хязгаарлагдсан эрх чөлөөний төлөө гэсэн санааг гол чиглэлээ болгон энэхүү жүжгийг тайзнаа амилуулах юм байна. Түүний Гамлет жүжиг нийгэмд эрх чөлөөг олгон үнэнг тунхагласнаар төгсөх гэнэ.
Төслийн танилцуулгын дараа шүүгчид, уран бүтээлчид өрсөлдөж буй найруулагч нарын төлөө саналаа өгснөөр дэлхийн театруудын урын санд хүндтэй байрыг эзэлдэг суут зохиолч У.Шекспирийн “Гамлет” жүжгийн төслийн сонгон шалгаруулалтаар “Бооцоо”, “Нууц амраг чинь больё” “Парисын дар эхийн сүм”, “Цэцэрлэгт учирсан хоёр”, “Тэнгэрийн хүү” зэрэг жүжгээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулж чадсан Н.Наранбаатар “Гамлет”-ыг тайзнаа амилуулах эрхтэй болов.
Хоёр дахь удаагаа тайзнаа тавих гэж байгаа энэ жүжгийг Монголын театрын урлагийн нийт уран бүтээлчдийн шалгаруулалтад ирүүлсэн төслөөр дүгнэх юм.
У.Шекспирийн жүжигт тоглож, түүнийг найруулна гэдэг бүтээлчдийн нэр төрийн хэрэг болдог ба энэ том хүсэл мөрөөдлийг нь биелүүлэх боломжийг УДЭТ-ын зүгээс нийт уран бүтээлчдийн дунд ийнхүү нээлттэй олгохоор болжээ. Шалгарсан төслийн багийн уран бүтээлийг УДЭТ-аас 100 хувь санхүүжүүлэх бөгөөд 150 сая төгрөгөөр эл бүтээл тайзнаа амилах юм.
Энэхүү дэлхийн сонгодог бүтээлийг УДЭТ-ын тайзнаа хоёр дахь удаагаа тоглох гэж байгаа бөгөөд анх удаа 1979 онд Төрийн шагналт Ч.Чимэдийн орчуулгаар Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Галсанжав найруулж, Гамлетын дүрийг Ардын жүжигчин Л.Жамсранжав бүтээж байсан юм.