Гайхамшиг хажууханд маань байна

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Гайхамшиг хажууханд маань байна

Монголын дуурийн уран бүтээл­чид гадаадын зочин дуучинтай хамтарч Италийн суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Пуччинийн “Тоска” дуурийг дахин нэг удаа үзэгчдэдээ толилууллаа. Энэ дуурь монголчуудын хувьд цоо шинэ бүтээл биш юм. Өмнө нь тоглож байсан, үе үеийн “Тоска”-нууд өөр өөрийн өнгөөр их урлаг бишрэгч эрхэмсэг үзэгчидтэйгээ учран золгож л байсан. Энэ удаагийнх сонгодог урлагийн уурхайн нэг болсон Армен улсын Хөгжмийн дээд сургуулийн бүтээгдэхүүн ганган уянгалаг тенор О.Айвазян дуурийн гол дүрийн нэг сүмийн зураач Каварадоссид хувирснаар онцлог байлаа. Улс орон тэр чигтээ “Сонгуулийн цунами”-д өртсөн гэхээр цаг үе гэхэд харин ч олон үзэгч “Тоска”-д цуглав. Дуурь ч сайхан болсон. Үзэгчид дуучид, хөгжимчид, удирдаач Ж.Бүрэнбэхээр бахархаж, гадаад дуучны гоё хоолойд сэтгэл тун хангалуунаар тарж одсон юм.

Зочин дуучин О.Айвазян сайхан зөөлхөн уянгалаг тенор хоолойтой юм. Хурц ширүүн харц, нүүр дүүрэн сахлынх нь цаана нинжин сэтгэл, хүн чанар нуугдаж байдаг арменчуудын зан авир дуучнаас мэдрэгдэх шиг болсон. Тоглолтын төгсгөлд хөшигний ард уран бүтээлчдэд баяр хүргэхээр бүчсэн хүмүүсийн дунд нэгэн хөгжилтай агшин тохиосон юм. Тенор залууд төгөлдөр хуурч М.Цогбадрах Арменд төгсгөгчдийн нэрийн өмнөө баяр хүргэхдээ цэцэгний оронд гоё дөрвөлжин хар хайрцагтай тансаг зэрэглэлийн брэнд архи идээний дээж болгон бариад “Цэцэг Армен хүртэл явахад хатчихна. Тиймээс ийм цэцэг бэлэглэе” гээд өгөхөд нь дуучин “Тайзан дээр анх удаа архи бэлгэнд авч байна. Монгол андуудын маань чин сэтгэл шингэсэн бэлэг болохоор надад сайхан санагдаж байна, баярлалаа” гэсэн. Тэрбээр Монголд анх удаа ирлээ, ийм хөгжимлөг ард түмэн гэж санаагүй байсан хэмээн ярилцлага өгөхдөө сэтгэгдлээ хуваалцсан нь бий. Монголын теноруудаас эрс өөр өнгөөр дуулж өөрийгөө илэрхийлээд буцсан дуучин залуутай монгол дуучид олон тайзнаа гарч уран бүтээлээр нэгдэхдээ нэгдэж, өрсөлдөхдөө өрсөлдөх биз ээ.

Зочин уран бүтээлч үзэгчдэд таалагдсаныг хэлэхийн сацуу өөрийн театрын дуучдаар эрхгүй бахархсанаа нуух аргагүй юм. Гол дүр Тоска юу. Гоцлол дуучин Б.Эрдэнэтуяа тоглолтын өмнө өөртөө тун итгэлтэйгээр “Би бол Тоска” гэж хэлж байсан нь батлагдав. Зөвхөн Б.Эрдэнэтуяагийн, өөр хэнийхтэй ч адилгүй өвөрмөц өнгийн сопрано хоолой нь гайхамшиг. Хүчтэй, зоригтой, дүрдээ итгэлтэй, эрэмгийн дайчин тэрбээр уг дуурийн Флория Тоска хэмээх дуурийн дуучин, Каварадоссид хайртай эмэгтэйн дүрийг жинхэнэ утгаар нь амилуулж үзэгчдийг тэртээх Наполеоны байлдан дагууллын үеийн Итали, Франц орноор аялуулах шиг болов.

Тоскагийн дүрийг Б.Эрдэнэтуяа тод томруунаар зурсантай адил дуурийн үйл явдлыг өрнүүлж, хөгжөөж өгдөг Цагдаагийн дарга Скарпьяад тоглосон дуурийн гоцлооч, “Жинжий” хэмээх тодотголоороо олны танил болсон Ц.Баттөр ноён нуруутай, хэзээ ч, ямар ч үед бэлэн “дайчин” гэдгээ харуулсан юм. Тэрбээр дуурийн эхнээс дуусах дөхтөл нь буюу Скарпьяа Тоскад алуулах хүртэл бараг завсаргүй шахам дуулж дуурийн тулах багана байж чадсан юм. Нэг дор ийм удаан, хоолойн чадал нь огт буурахгүйгээр яаж ингэж дуулж болдог байна аа гэж бодохоор, магтах үг олдохоо байтал сайн дуулав. Дуучдын чансаагаар бахархсан үзэгчид “Манай дуурийн урлаг дэлхийн түвшинд хүртлээ хөгжсөн юм байна даа” хэмээж байв. Гайхамшгийг гаднаас хайх хэрэггүй, тэр чинь бидний дунд байж байна шүү дээ, ердөө хажууханд маань, тухайлбал манай ажлын газраас хэдхэн метрийн цаана байна шүү дээ хэмээн бодож бахархлаа.

Р.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж