”Гоо үзэсгэлэнгээ яагаад нуух ёстой гэж”

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

”Гоо үзэсгэлэнгээ яагаад нуух ёстой гэж”

Монголын гоо охид дэлхийн үзэмжид өнгө нэмсээр. Тэдний нэг “Гоёл-2011” наадмын топ модель “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч, багш Э.Сэлэнгэ юм. Тэрбээр тун удахгүй Өвөр Монголын нийслэл Хөх хотод урилгаар очиж тус улсын загварын ертөнцөд хөл тавих гэж байгаа охид, бүсгүйчүүдэд анхан шатны мэдэгдэхүүн өгөх зөвлөх багшаар ажиллах гэж байгаа юм билээ. Түүнийг  “Miss Mongolia-2008”, “Best Model Miss” тэмцээнд амжилттай оролцсоноос гадна, “Азийн супер модель” наадмын “Тэгш алхаатай мисс”-ээр, “Монголын гоо үзэсгэлэн дэлхийн тавцанд-2011” реалити шоунд түрүүлж байснаар нь уншигч та сайн мэдэж байгаа биз ээ.
-Зуны дэлгэр цагт сайхан бүсгүйчүүд энд тэндгүй гунхан алхахад танд ямар бодол төрж байна вэ?

-Манай залуус өдөр ирэх тусам улам гоё болж, өнгөжиж байна. Тиймээс загварын ертөнцөд бусадтай хөл нийлүүлэн алхаж байгаа надад сайхан байлгүй яах вэ.

-Энэ зуны загварын чиг хандлага ямар байх төлөвтэй байна вэ?

-Тод өнгө бүх хүний гоёо. Үсний будалт ч ялгаагүй. Надад моод Монголоор дуусдаг гэдэг үг таалагддаггүй. XXI зуунд амьдарч байгаа бид бусад орны загварын чиг хандлагатай ойрхон л алхаж байна шүү дээ.

-Танаар сүүлийн үед сонин сайхан их үү?

-Саяхан Олон улсын боловсролын дээд сургуулийн сэтгүүл зүйн ангийг бакалаврын зэрэгтэй төгссөн. Энэ л миний сонирхуулах зүйл болж байна даа.

-Яагаад энэ мэргэжлийг сонгов?

-Дунд сургуульд байхдаа “UBS”-ийн “Нэг алхам” нэвтрүүлэг гардаг байхад хөтлөгчөөр ажиллаж байгаад “Боловсрол суваг” телевизийн фото моделийн реалити шоу хөтөлдөг болсон. Тэр үеэс л надад энэ мэргэжил сайхан санагдаж эхэлсэн. Гэхдээ хөтлөгч хүн хэн нэгний бэлтгэсэн зүйлийг хүмүүст хүргэдэг ажил. Харин сэтгүүлч хүн зөвхөн өөрөө л тэр ажлаа бүгдийг нь гүйцэтгэдэг болохоор би тэр хөдөлмөрийг амтлахыг  хүссэн юм. Сэтгүүлч гэдэг мэргэжил асар өндөр хариуцлагатайн зэрэгцээ сайхан мэргэжил. Сэтгүүлч хэзээ ч, хаана ч нэвт. Ямар ч том даргыг сэтгүүлч л буулгаж авна. Хэр баргийн хүнийг хүлээж авдаггүй хэрнээ “Тэр сонин, телевизийн сэтгүүлч байна. Уулзах гэсэн юм” гэхээр “Ороод ир” гэдэг. Тиймээс энэ мэргэжил маш том бамбай байгаа биз дээ. Хамгийн гол нь залуу сэтгүүлчид энэ бамбай руугаа сум зоолгохгүйн тулд маш хянуур ажиллах хэрэгтэй. Ахмад сэтгүүлчид энэ мэргэжлийг “Нийгмийн сэтгэлзүйч” гэж ч хэлдэг шүү дээ. 

-Хэзээнээс мэргэжлээрээ ажиллах гэж байна вэ?

-Одоогоор төлөвлөөгүй байна. Ямар ч байсан энэ мэргэжлийн дагуу сурч мэдсэнээ хэрэгжүүлнэ. Анх нэвтрүүлэгч, хөтлөгчөөр ажиллаж байсан болохоор ямар ч байсан телевизэд ажиллана.     

-“Шилмэл загвар” компанид хэзээнээс ажиллаж байна вэ?

-Нэг их удаагүй ээ. Бага насны хүүхдүүдэд хичээл ордог. Тэдэнд хувийн болон хүнтэй харьцах харилцааны соёл заадаг. Хүн болох багаасаа гэдэг шүү дээ. Олонтой дөнгөж хөл нийлүүлэх гэж байгаа тэдэнд анхнаас нь санаа тавих нь зүйтэй. Аав ээжүүд нь ч хүүхдүүддээ маш их анхаардаг.

-Танай компанийн “Mongolian Beauty” тэмцээн ямар шатандаа явна вэ?

-Бүртгэл дууссан. Энэ сарын 18-наас тэмцээн эхэлнэ. Шалгаруулалт явагдана гэсэн үг. Бас нэг сонирхуулах зүйл гэвэл би ойрын хугацаанд Өвөр Монголын загварын ертөнцөд хөл тавих гэж байгаа охид, бүсгүйчүүдэд анхан шатны зөвлөгөө өгөхөөр болсон. Тэр охид Манжуурт болох тэмцээнд оролцох юм.
 
-Яагаад таныг сонгосон юм бол…

-Манай компанид хүсэлт тавьснаар захирал намайг сонгосон байсан. 

-Өвөр Монголд загвар өмсөгчдийг сургагч багш хэр олон байдаг юм бол?

-Одоо л явахдаа мэднэ дээ. Өмнө нь намайг тэнд очиход нэг их олон байгаа нь мэдэгдээгүй. Тэд ч манай компанид хүсэлт тавихдаа хомс байдгийг хэлсэн гэсэн. Өвөр Монгол нь БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар хөгжиж байгаа ч гэлээ соёлын түвшин нь маш доогуур шүү дээ.

-Хэдэн сарын хугацаатай очих вэ?

-14 хоног. Охидод алхалт, биеэ хэрхэн авч явахыг л заана.

-Та хоёр жилийн өмнө топ модель болсон. Тэр үед өөртөө хэр итгэлтэй байв?

-Би энэ талаар ярих бүртээ баяртай байдаг. Учир нь миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан мөчүүдийн нэг. Заримдаа хэн нэгэнтэй зөвхөн энэ сэдвээр ярилцаад л суумаар санагддаг. Даанч тийм боломж ховор юм даа. Би тэр наадамд оролцохоос өмнө гадаад, дотоодын олон тэмцээнд оролцсон. Тиймээс шүүгчид миний идэвхийг үнэлж энэ шагналыг олгосон байх. Залуу хүн учир цаашдаа олон зүйл хийнэ гэж бодсон ч байж болох. Ямар ч байсан би чадах бүхнээ дайчилж оролцсон.  

-Таныг загварын ертөнцөд ороход юу нөлөөлсөн бэ?

-Багын мөрөөдөл минь энэ юм даа. Магадгүй эмэгтэй хүүхэд бүр ингэж мөрөөддөг байх. Би бага байхдаа хөлөндөө хагалгаа хийлгэсэн юм. Тэр үед эмч намайг доголон эдгэчих вий гэсэн үүднээс “Загварын агентлагт явж зөв алхах дасгал хий” гэсэн. Ингээд л нэг мэдэхнээ энэ урлагтай амьдралаа холбочихсон байсан. Загварын ертөнц, түүнд ажиллаж, бүтээж буй хүмүүсийг нийгмийн соёл түгээгч гэж ч хэлдэг. Тиймээс энэ ажилдаа дуртай, баяртай байдаг.

-Загварын ертөнцөд хөл тавих үед тань “луухгарууд” хэрхэн хүлээж авч байв?

-Загварын ертөнц угаасаа өөрийн гэсэн амттай шүү дээ. Гэхдээ энэ ертөнцөд хөл тавьж байгаа хүн бүр доод шатнаас нь эхэлдэг. Тиймээс таны хэлж байгаа “луухгар” буюу топуудтай дотно харилцах боломжгүй байсан. Хааяа дэргэдүүр өндөр, сайхан биетэй эгч нар өнгөрөхөөр “Хөөх, би хэзээ эд нар шиг ийм гоё болох юм бол” гэж боддог байлаа. Түүнээс биш дээд үе нь доодуулаа дарамталдаггүй.

-Та хоолны дэглэм хэр барьдаг вэ?

-Нэг их барихгүй ээ. Зарим хүн “Жингээ хасах гэж байна” гээд өдрийн турш хоол идэхгүй явдаг гэсэн. Тэгж биеэ зовоох хэрэггүй шүү дээ. Тухайн хүний филисофийн онцлогоос шалтгаалж хоол идсэн ч идээгүй ч таргалдаг хүн бий.

-Дахиад нэг хоолтой холбоотой асуулт байна. Таныг ааваасаа их иддэг гэж сонсоод би гайхаж байсан л даа?

-Ер нь нэг их бага иддэггүй. Би түрүүн идсэнээрээ таргалдаггүй хүн байдаг гэж хэлсэн шүү дээ. Би тийм хүн шиг байгаа юм. Гэхдээ ааваасаа илүү их идэх нь хаашаа юм бэ. Найзууд маань л намайг “Чи найз залуу, ааваасаа их идэх юм аа” гэж шоолдог. Их иддэг ч гэлээ хэр баргийн эмэгтэй хүн эрэгтэйгээс илүү байхгүй биз дээ (инээв).

-Найз залуугаа танилцуулаач?

-Тэр миний амьдралд байх ховор хүмүүсийн нэг. Тиймээс бусдад тодорхой хэлмээргүй байна.

-Тэгвэл ямар ажил хийдгийг нь сонирхуулж болох уу?

-Бас л нууцалъя.

-Таниас зарим бүсгүйчүүд гоо сайхны болон хувийн соёлын талаар зөвлөгөө авдаг уу?

-Манай “Шилмэл загвар” компани бүх төрлийн сургалт явуулдаг. Хэрвээ зөвлөгөө  авахыг хүссэн хүн байвал манай үүд хаалга үргэлж нээлттэй. Түүнээс биш хувиараа хэн нэгэнд зөвлөгөө өгөх зав байдаггүй. Тийм санал тавьж байсан хүн ч байхгүй.

-Загварынхан хувцас сонгохдоо энгийн хүмүүсийг бодвол илүү мэдрэмжтэй байдаг байх даа?

-Мэдээж. Бид чинь энэ мэргэжлийг сонгосон юм чинь үүнд л ихэнх цагаа зориулна шүү дээ. Энгийн хүмүүсийн хувьд үндсэн ажилдаа анхаараад энэ тал руу нэг их ач холбогдол өгдөггүй. Бид байнга дизайнеруудтайгаа хамтарч байдаг болохоор тийм байхаас ч аргагүй.

-Танд ямар хувцас зохидог вэ?

-Хэн ч, хаана ч үндэсний хувцсаа өмсөх дуртай монгол хувцас надад зохидог.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Улаан өнгөнд илүү дуртай. Эрч хүчтэй, цог золбоотой харагдуулдаг. Хааяа хар өнгийн хувцас өмсдөг. Энэ өнгө ялангуяа эмэгтэй хүний биеийн хэлбэрийг засдаг. Харин цагаан болон бусад тод өнгө тухайн хүнд үзэмж нэмдэг. 
 
-Та ямар машин хөлөглөж байна?

-Одоогоор машингүй байна. Энэ их замын түгжээнд машин унах ч боломжгүй байна шүү дээ.

-Өнөөдөр 10 гаруйхан настай охид загварын тайзанд гарч байна. Үүнийг хүмүүс нэг талаар сайн ч зарим нэг бизнесмен залуусын халаасанд ороход л ойртож байна даа гэдэг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хүн бүр өөрийн гэсэн бодолтой. Ингэж бодож байгаа хүн надаас эсрэг ухаарч байна. Ер нь хэн нэгэн амжилтад хүрэхийн тулд багаасаа хөдөлмөрлөх ёстой. Тэгээд ч загварын ертөнцөд эрэгтэй хүүхэд 13-15, эмэгтэй бол 15-17 настайдаа орох хэрэгтэй гэдэг. Мөн ингэж ярьж байгаа хүмүүс шиг бодолтой байна уу, үгүй юу гэдгийг та ч, би ч мэдэхгүй шүү дээ. Тэдний ихэнх нь зөвхөн амжилтад хүрэхийн төлөө зүтгэж яваа. 

-Загвар өмсөгчдийг хүмүүс хэтэрхий задгай гэж ойлгодог болохоор тэгдэг байх аа?

-Тийм байж болно. Гэхдээ хүн бүрийг адилтгаж ойлгох хэрэггүй.

-Таны талаар сөрөг мэдээлэл хааяа гардаг. Үүнийг хэрхэн хүлээж авдаг бэ?

-Би бусад загвар өмсөгчийг бодвол нэг их сөрөг мэдээлэлд автдаггүй. Гэхдээ үе үе ташаа мэдээлэл гардаг. Эхэндээ хэн нэгэнтэй холбогдож бичигдэхээрээ “Ямар сонин юм бэ. Тэр залуугийн эхнэр нь намайг юу гэж бодож байгаа бол оо” гээд л их эвгүй байдалд ордог байсан. Харин сүүлийн үед дөжирчихжээ. Ялангуяа сайтуудаар намайг янз бүрээр доромжилсон байдаг.

-Таныг юу чимдэг вэ?

-Харин юу юм бол оо. Магадгүй инээмсэглэл байх.

-Яагаад ингэж хэлэв?

-Хэн нэгэнтэй харилцахдаа хамгийн түрүүнд инээмсэглэлээрээ угтдаг болохоор тэр байх.

-Та дээхнэ “Намайг миний өгзөг чимдэг” гэж хэлж байсан байх аа?

-Миний давуу тал өгзөг. Тиймээс би тэгж хэлсэн юм. Эмэгтэй хүн сайхан өгзөг, хөхтэй байхыг хүсдэг. Ээжийн талынхан сайхан өгзөг, хөхтэй болохоор надад нөлөөлсөн байх.

-Тайзан дээр эвгүй байдалд орж байсан удаа бий юү?

-Байхгүй. Цаашдаа ч битгий тохиолдоосой.

-Гадаадын загварын агентлагтай хамтарч ажиллаж байсан уу?

-Үгүй. Гэхдээ оюутан байхад тийм санал ирж байсан. Тухайн үед боломж бүрдээгүй. 

-Нүцгэн зургаа авхуулж байсан уу?

-“Ирмүүн” агентлагтай хамтран ажиллаж байхдаа зураг авахуулж байсан. Эмэгтэй хүн гоо үзэсгэлэнгээ яагаад нуух ёстой гэж. Харин порно мэтийн сэдэлтэйгээр бол  авахуулж байгаагүй.

-Тийм санал ирвэл зөвшөөрөх үү?

-Тухайн үеийн байдлаас болно доо. 

-Сексийн талаар хэр нээлттэй ярилцдаг вэ?

-Дургүйдээ ярихгүй гэдэггүй. Энэ бол хайртай хосуудын хамгийн дотно таашаал.  
-Таныг төрийн шагналт, дуучин Д.Болдын нэг дууны клипэнд тоглосныхоо дараа их хэмжээний мөнгө нэхсэн гэж сонсогдсон?

-Үгүй. Би одоо л сонсч байна. “Бонита” дууны клипэнд тоглосны дараа энэ мэдээлэл гарсан юм болов уу.

У.БАЯРСАЙХАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" СОНИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж