Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийг нээлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний ээлжийг нээлээ

Хорин хоёр төрлийн 94 мянга гаруй мод, буттай, зүлэг, цэцэгтэй, усан оргилуур, хүүхдийн тоглоомын тал байтай “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” эзгүй тал дээр амилан босож, нийслэлчүүдийн ая тухтай амьдрал, амралт зугаалгын бүс байгуулах төлөвлөгөө бодит ажил хэрэг болж байна.

2009 онд Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр санаачилж, ИТХ-ын төлөөлөгчид дэмжин шийдвэр гаргаж, хайрган хөрстэй, шарилж битүү ургасан талбайд 1.0 тэрбум төгрөгийн анхны хөрөнгө оруулалт хийж байхад татвар төлөгчдийн мөнгийг элсэнд булах нь, хотын хаяанд цэцэрлэгт хүрээлэнтэй болж, тэнд мод ургана гэдэг гонжийнжоо гэх маягийн үг энд тэндээс дуулдаж байсан.

Тэгвэл Засаг дарга Г.Мөнхбаяр зорилгоо биелүүлдэг, эхлүүлснээ хэрэгжүүлдэг гэдгээ нотолж чадаж байна.

Хотын хог хийсэн очдог, хоосон газар хайсан барилгынхны нүдэнд л өртөж байсан эзгүй газарт өдгөө цоо шинэ цэцэрлэгт хүрээлэн босож, ус оргилж, мод бут урган, цэцэглэж байна. Бүрэн ашиглалтад орох үедээ 1280 га талбайг хамрах энэ хүрээлэнгийн эхний ээлжийн 55 га-д тохижилтын ажил хийснээр Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг дангаар эзэлж байна гэсэн тооцоог өнгөрсөн хавар гаргажээ. Түүнээс хойш дахиад 6.0 га-г зүлэгжүүлж, мод суулгасан байна. Тэгэхээр хотын маань амьд байгалийн дөрөвний нэгийг эзлэх ногоон орчин тэнд бүрэлдсэн гэсэн үг юм.

Өчигдөр нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үзэмжит сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн нээлт болов. Нээлтэд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүс, энэхүү төслийг санаачлагч Г.Мөнхбаяр, гардан хэрэгжүүлэгч Б.Саранчимэг, хамтран ажиллаж байгаа гадаадын төсөл, хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл болох Сөүл хотын төлөөлөгчид, нийслэлийн иргэд оролцов. Сүхбаатарын талбайгаас 2.1 км зайтай, Туул голын хөвөөнд орших тус хүрээлэнд эхний ээлжинд 24 метр өргөн, 230 метр урт боржин чулуун төв талбай, зам байгуулжээ. Төв замын хажуугаар лэд гэрэл, түшлэгт сандал байрлуулж, гацуур тэргүүтэн моддыг ургуулан, тойруулаад өнгө өнгийн цэцэг тарьсан нь нүд булааж байв. Талбайн голд 40 метрийн голчтой, 360 градус эргэн оргилдог, усан оргилуур ашиглалтад орлоо.

Энэхүү усан оргилуур яваандаа хөгжимтэй болох юм байна. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийнхэн багачууддаа зориулж 10 гаруй тоглоомтой талбай тохижуулсан нь цаашид нэмэгдэх аж. Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг “Ийм сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болж байгаадаа баяртай байна. Иргэд, аж ахуйн нэгжүүд энд улам олон мод тарьж, арчлан ургуулаасай. Урьд нь бидний тарьсан мод богинохон хугацаанд ямар сайхан ургасныг харахад таатай байлаа” хэмээв. Мөн энэ өдөр Сөүл хотын нэрэмжит бичил цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол боллоо. 1.6 га бичил цэцэрлэгт хүрээлэнг Сөүл хотынхон өөрсдийн хөрөнгөөр бүтээж, улсынхаа өв, соёлыг харуулсан тохижилтын ажил хийх юм байна.

300 машины авто зогсоол, гурван км тойрог бүхий дугуйн болон гүйлтийн зам, теннис, сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа тус хүрээлэнгийнхэн эхлээд байгаа бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцож байгаа Г.Мөнхбаярын багийнхны эрхэм зорилго болгон хөтөлбөртөө дэвшүүлсэн “Инженерийн шийдэлтэй-ногоон хот” байгуулах их ажлын нэгэн эхлэл нь энэ ажээ.

Т.САЙНБУЯН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж