Саудын Арабын угсаа залгамжлагчийг эцсийн замд нь үдэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Саудын Арабын угсаа залгамжлагчийг эцсийн замд нь үдэв

Хоёр хоногийн өмнө Женевт нас барсан Саудын Арабын угсаа залгалжлагч хунтайж Наиф бин Абдул Азиз аль-Саудыг лалын шашинтнуудын ариун хот гэгддэг Меккад оршуулжээ.

Өнгөрсөн жил Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж болсон Наиф нь ерөнхий сайдын орлогч, Дотоод хэргийн сайд байсан юм байна. Хунтайж Наифт олон орны төрийн тэргүүд, Саудын Арабын вангийн гэр бүлийн гишүүд эмгэнэл илэрхийлсэн байна.

Наифын оронд түүний дүү 76 настай хунтайж Салман угсаа залгамжлах эрхтэй болж магадгүй гэнэ. Саудын Арабт 1932-1953 онд орчин үеийн хаант засаглалын эхийг тавьсан ван Абдул Азиз ибн Саудын хөвгүүд угсаа залгамжлан тус улсын төрийн эрхийг барьдаг билээ.

Саудын Арабын ван Абдул Азизаас хойш түүний таван хүү вангийн угсааг залгамжилсан билээ.

Саудын Арабын угсаа залгамжилсан хунтайж Женевт эмчлүүлж байгаад нас барсан бөгөөд түүний шарилыг өнгөрсөн ням гаригт Женевээс Жедда руу аваачсан аж.

Саудын Арабын Дотоод хэргийн сайд байсан Наиф 9/11 халдлагыг зохион байгуулсан Аль-Кайдагийн бүлэглэлийг устган дарах тусгай ажиллагааг гардан явуулсан юм байна. Саудын Арабын ван 88 настай Абдуллагийн залгамжлагч болох угсаа залгамжлах эрх дараагийн хүнд тун удахгүй шилжинэ гэж ажиглагчид үзэж байна.

Наиф нь Саудын Арабын ван Абдул Азизийн хөвгүүд болон хайртай эхнэрийнх нь байгуулсан “Судаири долоо” хэмээх нөлөө бүхий улс төрийн бүлэглэлийн гишүүн байсан бөгөөд вангийн угсаа залгамжлах хөвгүүд бүгд 70-80 настай гэнэ.

Наифын дараагийн угсаа залгамжлагч хунтайжаар өргөмжлөгдөх магадлалтай Салман нь Саудын Арабын Батлан хамгаалахын сайд бөгөөд Эр-рияд хотын даргаар олон жил ажилласан юм байна.

Салман нь консерватив, шашны хатуу уламжлалыг дээдэлдэг байсан Наифыг бодвол илүү либерал үзэл баримтлалтай нэгэн гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж