Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ тавтай морил, нийслэлчүүд ээ

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Үндэсний цэцэрлэгт хүрээлэндээ тавтай морил, нийслэлчүүд ээ

Хайргархаг хөрстэй, шарилж дүүрэн хоосон талбайд 2009 онд нийслэлийн удирдлагууд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” байгуулах шийдвэр гаргаж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Тэгвэл нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлсэн, нийслэлчүүдийг эрүүл, аюулгүй орчинд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүхий тохижилтийн ажлууд түрүүчээсээ дуусч өнөөдөр хэсэгчилсэн талбай ашиглалтад орлоо.

Өнгөрсөн хугацаанд 55 га талбайд хамгаалалтын хашаа барин, усалгааны системийг хийж, 90 мянга гаруй мөд сөөг тарьж, жилийн дөрвөн улиралд усалгаа арчилгааг тогтмол хийж байгаа юм. Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хаалганы чиглэлийн өргөн чөлөөнд 24 метр өргөнтэй боржин зам тавьж, түүнийг дагасан гэрэлтүүлэг, цахилгааны дэд станц болон бусад тохижилтын ажлыг бүрэн хийж, 40 метрийн радиустай усан оргилуурыг ашиглалтанд орууллаа.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэсэгчилсэн нээлтэд оролцож хэлсэн үгэндээ нийслэлийн төр захиргааны байгууллагынхан иргэдийнхээ тав тухтай, эрүүл орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээнгүйлэн зүтгэж, Улаанбаатарчуудын сайхан амьдрах боломжууд үе шаттай нээгдэж байгааг онцолсон.

Тус цэцэрлэгт хүрээлэн дэх чийрэгжүүлэлтийн талбай, 300 амтомашины зогсоол, 3 км тойрог зам бүхий дугуйн болон гүйлтийн замын ажлуудыг ирэх 9 сар гэхэд дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж