Монголчууд эртнээс багачууд хүүхдүүддээ үлгэр домог хуучлан өгч, түүгээр дамжуулан хүн байхын утга учрыг сургаж, эх нутаг, байгаль, эцэг өвгөдөө шүтэн дээдлэхийн учрыг ухуулан ойлгуулж ирсэн үлгэрч ард түмэн билээ. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Эрдэнэсолонго дээрх жишгийг орчин цагийн монгол гэр бүлүүд ч бас өвлөн үргэлжлүүлж байхыг билэгдэн "Ихэл хатны найман цагаан домог" туульсыг бичиглэн туурвиж, худалдаанд гаргалаа. Үр хүүхэд чинь амьд бүхнийг хайрлан энэрэхүйн эрдэмд багаасаа суралцаасай хэмээвээс эрхэм та дээрх домгуудыг үдэш бүр хүүхдүүддээ уншиж өгөөрэй. Орой бүр хүүхэд чинь сонирхолтой үлгэрээ үргэлжлүүлэн сонсохын тулд орондоо яаран орох биз ээ.
- Ээжийнхээ өвчнийг эдгээхээр асга хадат уулсыг даван ижийгээ үүрэн явсаар диваажин лугаа гайхамшигт цэцэрлэгт хүргээд мөнхийн рашаан хүртээж буй сайн хүүгийн тухай өгүүлэх "Ижий цагаан домог"…
- Хугацаа халаагүй албанд мордож, харийн газарт боолчлогдон зовж буй хань нөхрөө үнэнчээр хүлээн, уулыг уяртал, талыг тайтгартал, тэнгэрийг санааширтал ерөөл тальбин сүүгээ өргөсөөр буй сайхан ханийн тухай өгүүлэх "Ханийн цагаан домог"…
- Ноёнтой тэрсэж, номхонтой нөхөрлөдөг сэтгэл сайт анд нөхрөө хаацайлан хамгаалсаар амь юугаан өгч буй ачлал журамт анд нөхрийн тухай "Андын цагаан домог"…
- Олон хүний үрсийг зааглан ялгалгүй дэргэдээ авч, ажилд сурган, амьдралд бэлдэж, үлгэр домгийн сайхнаар үр ачаа өсгөн жаргаж буй ухаант хоёр буурлын тухай "Буурлын цагаан домог"…
- Эх нутаг, үр хүүхэд, хань бүл, эцэг эхийнхээ төлөө амь хайргүй тулалдсаар сөхрөн унах эрэлхэг баатрууд ээж нарынхаа бүүвэйн дуугаар эргэн хөл дээрээ босоод, энэ бүхэнд дэм болох уул усны эзэн савдагуудтай хамтран харийн түрэмгийлэгчдээс эх нутгаа чөлөөлж буй "Бүүвэй цагаан домог"…
- Амьд бүхний ээж, амьдрал бүрийн эхлэл босон ивгээлт наран нэгэн цагт хүмүүсийн дунд хэрхэн төрж, хэрхэн өсөж, хайр элбэрэлээрээ хүн төрөлхтнийг ивэн хайрлаж байсан тухай өгүүлдэг "Нарны цагаан домог"…
- Бидний эцэг өвгүүд, элэн хуланцууд ууландаа сууж, усандаа шингэж хожмын хожим, үеийн үед үр хүүхэд биднийгээ ивээж энэрсээр явдаг онцгой үйлийн тухай өгүүлдэг "Уул усны цагаан домог"…
- Эх нутгаасаа алсад зарагдан яваад, жилийн газраас төрсөн нутгийхаа зүг амь тэмцэн зүтгэсээр эргэн ирдэг шандаст хүлгийн тухай өгүүлдэг "Хүлгийн цагаан домог"…. гэх мэт өгөөжтэй, ухааралтай, сургамжтай түүхүүдийг домогчлон өгүүлэх энэхүү найман цагаан домог нь бидний уул усыг баясгаж, өвөг дээдсийн хэлж амжаагүй үгсийг сануулж, үр хүүхдийн маань сэтгэл зүрхэнд гэрэл гэгээ нэмэх биз ээ.
Жич: Энэхүү номын хавтасны зургийг манай зураач Агай урлаж, чимэг зургуудыг миний бие чадан ядан дөхүүлсэн бөгөөд цагаан бүхний тухай өгүүлэх "Ихэл хатны найман цагаан домог"-ийг олон нийтэд хүргэх ажлыг "Цалиг" хэвлэлийн газрын хамт олон маань гардан хийснийг талархан дурдмаар байна.
Алтайн уулсыг сэтгэлдээ зураглан байж бүтээсэн эдгээр домгууд танд болон танай гэр бүлийн сэтгэл зүрхэнд үнэтэй хувь нэмэр оруулах биз ээ хэмээн найдаж байна.
http://arslans.blogspot.com/