“Үхлийн” хэсгийг Герман тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

“Үхлийн” хэсгийг Герман тэргүүлэв

Германы шигшээ багийн залуу тоглогч Ларс Бендер Данийн багийн эсрэг шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулав. Львов хот, Украйн. /2012.06.17/

“Евро-2012”-ын “үхлийн” гэгдэх В хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж, Герман болон Португалийн шигшээ баг шөвгийн наймд өрсөлдөх өрсөлдөх эрхээ авлаа. Голландын эсрэг хийсэн тоглолтод Криштиан Рональду дубль хийснээр португальчууд 2:1 харьцаатай өрсөлдөгчөө ялж, хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон бол Германы баг мөн 2:1 харьцаатай Данийн шигшээг буулган авсан.

2010 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Голландын шигшээ баг ийнхүү хэсгийн гурван тоглолтод бүгдэд нь хожигдож, нэр төрийн ганц ч оноогүй нутаг буцах болж байна. Эсрэгээр “Германы машинууд” 100 хувийн амжилтаар хэсгээ манлайлав. Тэд шөвгийн наймд 2004 оны тивийн аварга Грекийн багтай тоглох бол Португалийн шигшээ баг “А” хэсгийн тэргүүн баг Чехийн шигшээтэй таарч тоглох билээ.

“Евро-2012”-ын нээлтийн тоглолтоо Данийн багтай хийж, 1:0-ээр хожигдсоноос хойш сэргэлт авч чадаагүй Голландын багаас Рафаэль ван дер Ваарт 11 дэх минутад гоолдож, багтаа давамгайлал авчирсан. Нөгөө талд Германы шигшээ Данийг хожиж, өөрсдөө Португалийн шигшээг хоёроос дээш гоолын зөрүүтэй хожвол хэсгээсээ шалгарах боломжтой байсан “Нисдэг голландчууд” харамсалтай нь хаалгандаа хоёр гоол алдсанаар хэсгийн шатнаас тэмцээнийг үдэж байна. Криштиан Рональду 28 дахь минутад тооны харьцааг тэнцүүлж, улмаар 74 дэх минутад ялалт дагуулсан гоолыг оруулжээ.

Герман болон Данийн багийн тоглолтын тухайд Лукас Подольски 19 дэх минутад тооны харьцааг нээсэн. Шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтод оролцож буй Подольскийн гоолоос хойш ердөө таван минутын дараа Микаэль Крон-Дели тооны харьцааг тэнцүүлсэн юм. Германы шигшээгийн хувьд тэнцээ хангалттай байсан ч 80 дахь минутад “Леверкузен”-ий хагас хамгаалагч Ларс Бендер шигшээ багийнхаа төлөө анхны гоолоо оруулж, “Германы машинууд” 100 хувийн амжилтаар хэсгийн шатыг өндөрлүүлэх боломжтой болжээ. Тоглолтын дараа Бендер AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Германы багийн төлөө миний анхны гоол байсан болохоор онцгой мэдрэмж төрж байна. Бид гоолын төлөө зүтгэж байсан. Гэтэл яг өмнө маань гоолын боломж харагдсан. Бас азтай ч байлаа” хэмээн ярьжээ.

Харин өнөөдөр “С” хэсгийн шийдвэрлэх тоглолтууд болно. Дэлхийн аварга Испанийн шигшээ баг Хорваттай, харин Италийн шигшээ өрсөлдөөнөөс хэдийнэ хасагдсан Ирландын багтай тоглоно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж