Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

МСЭ зөвлөмж гаргав

“Сэтгүүлчид ёс зүйгээ баримталж, мэргэжлийн төвшинд ажиллах ёстой. Ялангуяа аливаа нэр дэвшигчийн сурталчилгааны багт ажиллаж байгаа сэтгүүлчид үүнийг анхаарах хэрэгтэй” гэж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн /МСЭ/ ерөнхийлөгч Б.Галаарид ярьж байна. Ингэж ярих болсон нь учиртай. Сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг хэрхэн ажиллах талаар есөн заалт бүхий зөвлөмжийг зургадугаар сарын 15-ны өдөр буюу өнгөрөгч баасан гаригт гаргасан ажээ.

МСЭ-ээс гаргаж байгаа зөвлөмжийн эхний дөрвөн заалт нь сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүйтэй, тэнцвэртэй, үзэл бодол, дүгнэлт, нэг талын байр суурь ороогүй мэргэжлийн бүтээл нийтлэх, нэвтрүүлэх, цацах ёстойг зөвлөжээ. Сүүлийн гурван заалт нь болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалж, хэрвээ төрийн ямарваа нэгэн байгууллагаас дарамт шахалт ирвэл нэн даруй МСЭ-д хандаж эрхээ хамгаалуулж болохыг зөвлөсөн байна. Мэргэжлийн эрх байтугай, сэтгүүлчдийн тухай үг дуугардаггүй байснаа бодвол сайн л хэрэг. Үүнд баяр хүргэх ёстой. Мэргэжлийн эрх тань зөрчигдөж байвал манайд хандаарай гэсэнд нь талархахаас өөр арга байхгүй. Гэхдээ зарим заалтууд нь тэр бүр амьдралд нийцээд байхааргүйг сануулахад илүүдэхгүй.

“Сонгуулийн үеэр нэр төрд халдсан, гүтгэсэн доромжилсон гэх гомдол хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн нэр дээр гарах нь ихэсдэг, үр дагавар нь ч таагүй байдаг тул та бүхэн аливаа мэдээллийг нийтэлж, нэвтрүүлэхээсээ өмнө үнэн бодитой эсэхийг сайтар нягталж, үзэл бодол, сэтгэл хөдлөл орсон дүгнэлтээс зайлсхийж, тэнцвэртэй байдлыг эрхэмлэнэ” энэ  бол гуравдугаар заалт. Тэртээ тэргүй сэтгүүлчдийн эвлэлийн ёс зүйн дүрэмд байдаг зүйлсийг сонгуулийн үеэр зөвлөмжилжээ. Уг нь номын дууг нь сонссон хүмүүс энэ заалтыг аль дээд сургуулийн нэгдүгээр дамжаанаас хойш заалгасан баймаар. Ийм заалтыг зөвлөмжиндөө оруулсан нь одоог хүртэл сэтгүүлзүй мэргэжлийн байр сууринаас ажиллаж байгааг нэг талаас сануулсан хэрэг.

Гэхдээ хоёр, гуравдугаар зүйл заатыг “ухаад, ухаад” ойлгосонгүй. Хурц зөрчилтэй үйл явдал болвол өөрсдийгөө хамгаалах, хувийн сэтгэл хөдлөлөө дарж, гуравдагч байр сууринаас буюу ажиглагчийн байр сууринаас хандаж бэлтгэх зэрэг ямарваа нэгэн цуглаан, эмх замбараагүй байдалд ажиллах талаарх зөвлөмжийг оруулжээ. Сонгууль гэдэг бол дөрвөн жилийн хугацаанд иргэдэд олдох ганц боломж. Энэ утгаараа чухал үйл явдалын нэг яах аргагүй мөн. Гэхдээ хурц, зөрчилтэй үйл явдал гэж заавал тодотгосныг нь ойлгосонгүй.  Харин МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид “Аливаа үйл явдал гарахыг үгүйсгэхгүй. Энэ нөхцөлд л хэрхэн ажиллахыг бид зөвлөмжиндөө тусгасан” гэж тайлбарлав.

“Хурц зөрчилтэй үйл явдлыг сурвалжлан мэдээлэхдээ үйл явдалд авталгүй, сэтгэл хөдлөлөө дарж, ямагт хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандах”. Тэртээ тэргүй нэгдүгээр заалтан дээрээ тусгасан зүйлсийг энд давхар хөнджээ. Хэрвээ сэтгэл хөдлөлөө дар гэвэл дэлхийн халуун цэг дээрх үйл явдлыг сурвалжилж байгаа сэтгүүлчид юу болж таарах вэ? “Ямарваа нэгэн үйл явдлыг сурвалжилж байгаа бол сэтгэл хөдлөлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь дүгнэсэн, үзэл бодол оруулсан гэсэн үг огтоос биш” гэж CNN-ийн алдарт сэтгүүлч Клаудиа Аманпур нэгэн цагт хэлж байсан удаатай. Энэ зөвлөмжид хамгийн чухал нэг асуудлыг оруулаагүй орхичихож. Сонгуулийн сурталчилгааны үеэр ямарваа нэгэн нэр дэвшигчийн сурталчилгааны багт ажиллаж байгаа сэтгүүлчдийг мэргэжлийн зүгээс хэрхэн ажиллахыг зөвлөхөө мартжээ. Сүүлийн жилүүдэд сонгуульд нэр дэвшигчийн сурталчилгаан дээр ажилладаг сэтгүүлч тухайн редакцид мэргэжлийн бүтээлээ хийдэг тохиолдол ажиглагдаж байгаа юм. Гэхдээ үүнийг зөвлөмжөөрөө ч, ёс зүйн дүрмээрээ ч заасангүй хэвээр.

МСЭ-ээс нэг иймэрхүү зөвлөмжийг гаргажээ. Сэтгүүлчдийг хэрхэн ажиллахыг зөвлөж байгааг нь харвал сайшаалтай ч, чухам иймэрхүү зөвлөмжийг Ардчилсан орнууд, чөлөөт сэтгүүл зүйтэй газар гаргадаг эсэхийг мэдэхгүй. Ямар ч байсан энэ заалтуудыг мөрдөж ажиллахыг хэвлэл, мэдээллийн байгууллагуудад сануулъя. Товчоор хэлбэл ёс зүйн дүрмээ л дагах хэрэгтэй болж.

Б.Галаарид: Сэтгүүлч мэргэжилтэй олон хүн
 улстөрд орж байгааг дэмжих хэрэгтэй


МСЭ-ийн ерөнхийлөгч Б.Галааридаас цөөн асуултад хариулт авлаа.

-Намуудын сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж байгаа сэтгүүлчдийг хэрхэн ажиллах ёстой вэ гэдгийг зөвлөх боломж байгаагүй юу? Яагаад гэвэл сурталчилгаа хийж байгаа сэтгүүлч тухайн редакцидаа давхар ажиллах тохиолдол их байна л даа?

-Улстөрийн намын сонгуулийн сурталчилгаанд орж ажиллаж байгаа сэтгүүлчдийг энэ зөвлөмжид оруулаагүй байгаа. Яагаад гэвэл, тухайн сэтгүүлчид аливаа нэр дэвшигчтэй харилцан тохиролцоод, үнэ хөлсний үндсэн дээр сурталчилгааны багт нь орж ажиллахыг заах, хориглох ямар ч боломж байхгүй. Гэхдээ нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Сурталчилгааны багт орж ажиллаж байгаа сэтгүүлчид ёс зүйгээ сайн баримталж, мэргэжлийн төвшинд ажиллах ёстой гэдгийг мартаж болохгүй.

-УИХ-д нэр дэвшиж байгаа сэтгүүлч нөхдөө дэмжиж ажиллана гэсэн байна. Энэ хүмүүсийг хэрхэн дэмжих юм бэ? Тэдний өмнөөс Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сурталчилгааг нь хийнэ гэсэн үг үү?

-Сурталчилгаанд нь орж ажиллана гэсэн үг огтоос биш. Бид адилхан сэтгүүлч хүмүүс. Мэргэжил нэгт нөхөд минь улстөрд орж байгаад баяр хүргэх ёстой, дэмжих ёстой гэсэн утгаар л оруулсан байгаа. Түүнээс биш нэр дэвшигчдээс мөнгө аваад, лоббидоод байна гэсэн үг биш. Үүнд нэг зүйлийг бид өөдрөгөөр харах ёстой. Шийдвэр гаргах төвшинд сэтгүүлч мэргэжилтэй олон хүн орж байж, хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээлэлд ээлтэй хууль батлагдах болно. Тиймээс л бид дэмжиж байгаа юм.

-"Глоб интернэшнл" төрийн бус байгууллагаас зөвлөмж гаргасан байсан. Танайхтай утга нэг. Гэхдээ агуулгын хувьд тэс ондоо. Энэ зөвлөмжийг та олж харав уу?

-Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний, хууль эрх зүйн орчны язгуур эрх ашгаас гарсан мэдэгдэл гэж ойлгож байгаа. Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл буюу гүтгэх, доромжлохтой холбоотой зүйл, заалтыг хасуулж чадна гэдгээ амлаж байгаа хүмүүсийг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байсан. Энэ бол маш зөв. Яагаад гэвэл эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэтгүүлчдийг баривчлах тохиолдол маш их гардаг. Ийм хэргүүдийг иргэний журмаар шийддэг байх ёстой.  
 

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж