Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

Заяа охин 14 настай. Бие нь зодуурын сорвитой, сэтгэл нь зовлонгийн шархтай, амьдрал нь гунигт түүхтэй, аав нь архичин намтартай, өөрөө янхан нэртэй, өрөөлд бол явдалтай гичий. Нэр нь Охин заяа ч, нидэр дээрээ хүүхэн тавилан. Түүнд хүүхэд нас байгаагүй, тэр хүн шиг амьдарч үзээгүй, нүдэнд нь жаргалын цог гэрэлтсэн нь үгүй, нүүрэнд нь баярын инээмсэглэл тодорсон удаагүй.

Задгай…гийнхан гэх уулын оройд салхи нэвт сийгэсэн умгар оромжинд “Би ийм нүгэлт орчлонд төрөхийг хүсэхгүй байна” гэсэн шиг чарлан төрсөн Заяа охин 14 жил зовлонд нүдүүлж өссөн. “….би хүсч байна…..” гэж дотроо шивнэдэг ч гаднаа ил хэлсэн нь нэгээхэн ч үгүй. “…. би хүсэхгүй байна…” гэж байнга хэлдэг ч хариуд нь хараалгуулна, зодуулна. Хөхүүл байхад нь ээж нь гудамжинд тэвэрч суугаад, “Нялх хүүхэдтэй хүнд буян болооч” гэж гуйлгачлахдаа охиноо ашигласан. Заяа юм ойлгох насанд хүрсэн байсан бол “би хүсэхгүй байна” гэж хэлэх л байсан. Хэлд орохын цагт нь гудамжаар явуулж гуйлгачин болгосон. “Би хүсэхгүй байна” гэж хэлсэн, хараалгуулсан, зодуулсан. Хүүхэд юм хойно гэнэн цайлган сэтгэлээр л гүйж очоод “ахаа, эгчээ дүүдээ мөнгө өгөөч” гээд л гуйчихна. Айж ичих ч үгүй. Арай томроход нь дүүг нь үүрүүлээд хамтад нь “ажиллуулсан”. Амьтан хүнээс санаа зовдог болсон нас учраас анхандаа ичдэг байсан. Алсаас хянаад зогсох ээж нь ирээд “олигтойхон мөнгө гуйж чадсангүй…… гэрээс зайлаарай….. чам шиг юмыг тэжээх гэж зовж байна……. туйлдаж ядарч байна…… эхийнхээ ачийг мэддэггүй зулбасага…..” зэргээр уурлаж нэг, уйлж нэг, гуядаж нэг, гуйж нэг хэлэхэд нь амандаа “би хүсэхгүй байна шүү дээ” гэж шивнэсэн ч аргагүйн эрхэнд дүүгээ бодоод гуйлгачилсан. Үнэндээ ээж нь түүнийг тэжээдэг ч юм биш. Харин ч Заяа л гэр бүлээ тэжээнэ. Аав нь яахав дээ архичин. Авчирсныг нь идэж уугаад л хэвтэж байна. Бас болоогүй зодож нүднэ. Хутгаар зүснэ, ганжингаар балбана, үсдэж чирнэ, хананд савна, зуухан дээр суулгаж арьсыг нь түлсэн удаа ч бий. Охин үүрийн цагаан гэгээнээс үдшийн бүрий хүртэл “ажиллачихаад” хүний хөл татрахын цагт ахиад өөр “ажил” хийнэ. Тэр нь хог түүх. Тэгээд хэсэгхээн унтана. Унтах л түүний хувьд бүх зовлонгоос түрхэн зуур ангижрах ганц арга. Үзсэн ганц жаргал нь тэр.

Арван нас дөнгөж шүргэж явахдаа Заяа урьдын зовлон “зовлон” биш байсныг мэдсэн. Түүний амьдралыг жинхэнэ там болгосон явдал тэр үеэс л эхлэсэн. Аав нь түүний биеийг үнэлэх болов. Арав гаруйхан насны охинтой “унтах” нь эрүүл мэндэд сайн, нас уртасгаж залуужуулна гэх дэмий яриа ч нэрмээс нэмэв. Биеэ үнэлэгчдийн нас нь залуужах тусам нь үнэ нь ихэсдэг нь гай тарьж, “үйчлүүлэгч”-дийн тоо ч ихсэв. “Ах аравтай охин сонирхохгүй биз, жоохон үнэтэй 100 мянга” гээд телевизийн нууц камер байгааг анзааралгүй хээвнэг зогсох залуугийн яриаг сонссон л биз дээ та нар.

Ахиад хоёр жил өнгөрөхөд байнгын архи уух аав нь нас барж, харин ээж нь хялбар замаар их мөнгө олох аргыг нь үргэлжлүүлж охиныхоо амьдралыг золиослосоор л. Заяа охиныг монголчууд тоохоо болихын цагт барилга дээр ажиллах хятадуудад “зарах” болов. Энэ үед охин өнөөх л үгээ хэлсээр “Би хүсэхгүй байна, ялангуяа хятадуудад бол бүр үгүй”. Гэвч амьдрал, ээж хоёр нь түүний өөдөөс “битгий хуц” гэж хэлсэн юм. Өдөржин барилга дээр ажиллаад усанд орох нь битгий хэл нүүрээ ч угаагүй хар хөлс нь цувсан хятадын дор нь охин нас нь талхилагдсаар Заяа 14 насны босгыг давсан. Одоо түүнд ухрах зам байхгүй. Ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдаръя гэсэн ч нийгэм түүнийг хүлээж авахгүй. Хүлээж авах нь битгий хэл харааж зүхнэ, ална тална гэнэ. Яагаад гэвэл тэр хятадуудтай “янхандсан”. Яагаад гэвэл тэр төрийг бузартуулсан. Охид ариун бол төр ариун шүү дээ….. “хөөрхөн” сэтгэж байгаа юм шүү…

Зарим нэг эргүү тэнэг малнууд нь хятадтай унтсан бол үсийг нь хусна гэж хөөрцөглөнө. Төрийн төлөө, улсынхаа төлөө, нэр хүндийнхээ төлөө яасан их санаа тавина вэ тэд?! Харамсалтай нь асуудлыг оюун ухаанаараа биш цээжээ дэлдсэн сэтгэл хөдлөлөөрөө хэзээ ч шийдэж чадахгүй гэдгийг тэд хэзээ ч ойлгохгүй. Яагаад гэвэл төрөөс түрүүлээд тэдний бяцхан тархи бузар бодолдоо, дорой сэтгэхүйдээ бузартчихсан болохоор тэр.

Фэйсбүүкээр нэгэн зураг “од” болж байна. Цаашаа хараад зогссон нүцгэн охин, дээрээ төөрөлдсөн монгол охид гарчиг, хажууд нь аягүй мундаг уран үгсийн цуглуулгатай шүлэг. Утга нь даанч ядуу, бодит амьдралаас хэт тасархай. Годгор монгол охидын ухамсар, горзгор хятад эрийн зугаа болчихож, бүсгүй хүний үнэ цэнэ шуналын хөлд үрэгдэж, бүүвэйн дууны хоолой тачаалын мунхагаар хашгична….. Биеэ үнэлэхгүйгээр амьдралаа аваад явчих бололцоотой, мөнгөтэй ч шуналдаа хөтлөгдөж, хялбар аргаар мөнгө олж, зугаа цэнгэл хөөсөн, дуртайдаа хятадуудтай унтаж, дуу алдан дур тавьж хэвтэх годгоносон, үнэ цэнээ алдаж, төрөө бузарласан охины тухай….. Гэтэл бодит байдал тийм биш. Бодит байдал бол Заяа охин. Тэр үнэ цэнээ алдахыг хүсээгүй, тэр хайртай төрийг чинь бузарлахыг хүсээгүй, тэр нэр төрийг тань сэвтүүлэхийг хүсээгүй, түүнд шунал байхгүй, түүнд ухамсар гэж юу болох тухай хэн ч хэлж өгөөгүй, мэдэх ч үгүй, тэр годгоноогүй, зугаа цэнгэл хөөгөөгүй, зугаацаж, цэнгэж үзээ ч үгүй, тэр бүү хэл инээж ч байгаагүй. Үзэн ядаад байгаа хятадуутай чинь унтахыг бүр хүсээгүй. Тэр зүгээр л амьдралын төлөө тэмцсэн, өдөр хоног өнгөрөөх өмх хоолны төлөө, дүүгийнхээ төлөө, зүгээр л зодуулахаас айсандаа эцэг эхийнхээ шахалтаар л энэ бүгдийг хийсэн. Эцэст нь үсээ хусуулах дээрээ тулж, төр бузарласан, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулсан ялд унасан. Уг нь тэр юуг ч буруу хийгээгүй, тэр үүнийг хүсээгүй, хүсээгүй зам руу “ариухан төр” алхаж оруулсан.

Ганц нэгхэн эмэгтэйг эс тооцвол хятадуудтай унтаж хэвтээд байгаа гэх тэр охид бүсгүйчүүд ч мөн адил “арван цаасаар бузарлаж зүрхээ сийчин, аавынхаа ясыг хэмлэж, улсынхаа үндсийг мөхөөх”-ийг хүсээгүй. Зүгээр л Заяатай адил биш гэхэд өөр нэгэн шалтгаан хүсээгүй зүйлийг нь хийлгэхэд хүргэсэн. Хамгийн гол нь тэдэнд сонголт байгаагүй. Сонголтыг нь эцэг эх нь, төр засаг нь, нийгэм нь сонгох ухаан суугаагүй байхад нь сонгочихсон юм. Тиймээ тэр хүсээгүй, тэд ч хүсээгүй, Охинзаяа хүсээгүй юм шүү, өөр бусад нь ч хүсээгүй. Хүсэх ч үгүй гэдэгт би итгэдэг. Төр ариун бол охид ариун гэдэгт ч итгэдэг.

Б.МЭРГЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж