”АН-ын гомдлыг хэлэлцэнэ”

Хуучирсан мэдээ: 2012.06.18-нд нийтлэгдсэн

”АН-ын гомдлыг хэлэлцэнэ”

УИХ-ын сонгууль болоход арав хоног үлдээд буй. Энэ удаагийн сонгуулийн бэлтгэл ажил хэр байгаа болон цаг үеийн асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнтэй ярилцлаа.

-Удахгүй УИХ, НИТХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Бэлтгэл ажил хэр байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо УИХ, НИТХ-ын сонгуулийн зохион байгуулалт дээр гол анхаарлаа хандуулж байна. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь  анх удаагаа УИХ болон НИТХ-ын сонгуулийг давхар өгнө, мөн санал хураалтыг автоматжуулсан системээр явуулах юм. Тиймээс одоогоор гол асуудал нь сонгуулийн санал авах техник, тоног төхөөрөмжийг бэлэн байдлыг хангах болоод байна. Мөн саналын хуудсыг хэвлүүлж тойргуудад хүргэх гэсэн гол гол ажлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Тухайлбал, хэвлэх үйлдвэр дээр 24 цагаар жижүүрлэн саналын хуудас хэвлүүлж, мөн СЕХ-ны агуулахад санал тоолох машиныг шалган, туршиж, гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байгаа. Сонгогчийн бүртгэл хяналт явуулах компьютер болон бусад тоног төхөөрөмжид тодорхой програмуудыг суулгах, сонгогчийн нэрийн жагсаалтыг нийтдээ 2946 компьютерт суулгах ёстойгоос одоогоор 700 гаруйд нь суулгасан. Нэрийн жагсаалтыг 1400 компьютерт суулгах бөгөөд бусад компьютерүүдийг нэгдсэн системд холбочих юм. Үндсэндээ иргэн санал өгөхөд бүх зүйлийг бэлэн болгох хуваарийн дагуу ажил явагдаж байна.  Аймгуудад санал тоолох машиныг энэ долоо хоногтоо багтааж тараах ёстой. Энэ долоо хоногт цаг агаарын нөхцөл хүндэрч, бороо орно гэж байгаа. Бид саналын хуудсыг нисдэг тэрэг ашиглан хүргэж байгаа учраас хэрэв цаг агаар муудвал хүргэлт хойшлох магадлалтай. Тиймээс бид цаг агаарын саатлаас өмнө саналын хуудсыг бүх тойрог, хэсэгт хүргэхээр ажиллаж байна.

-Сонгогчид саналаа хэрхэн өгөх талаар мэдээлэл бага  байна. Иргэдээс ч энэ талаар тайлбарлаж өгөөч гэсэн хүсэлт ирж байна. Энэ тал дээр СЕХ яаж ажиллаж байна вэ?

-Одоо саналын хуудас, тоног төхөөрөмжүүдийг суурилуулаад дуусч байна. Үлдэж байгаа хугацаанд сонгогчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор телевиз, радио болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бид саналын хуудсыг хэрхэн бөглөх талаархи мэдээллийг олон нийтэд тарааж байна.  Мөн хэвлэмэл материалыг ч тарааж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төслийн шугамаар 400 мянган тараах хуудас, 20 мянган ширхэг зурагт хуудас тараагдаж байна.  Одоо бидний хийх  ажил сонгогчын боловсролд анхаарлаа хандуулах юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай, хараа муутай иргэд саналын хуудсыг бөглөхөд төвөгтэй байгаа гэсэн. Тухайлбал, хараа муутай хүн бөглөхдөө илүү дутуу бөглөх, зурах гэх мэт асуудал гарахаар юм билээ?

-Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэд өөрийн итгэмжлэгдсэн хүнтэйгээ хамт санал өгөх боломжтой. Үүнийг хуулинд нь ч тусгасан, өмнөх сонгуульд ч мөн итгэмжлэгдсэн хүний хамт санал өгдөг байсан.  Тухайн тойргийн хороондоо итгэмжлэгдсэн хүнийхээ материалыг өгснөөр сонгуульд санал өгөхдөө тойргийн хорооноос зөвшөөрсөн итгэмжлэгдсэн хүний хамт санал өгөх боломжтой. Санал өгөхдөө сонгосон нэр дэвшигч, намынхаа өмнөх дугуйг харлуулах юм. Үүнийг бид өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дүрсжүүлэн иргэдэд мэдээлэл болгон түгээж байгаа. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хэд хэдэн шаардлагууд нэмэгдсэн. Тухайлбал, санал авах байранд тодорхой тооны бүхээгийг тохижуулан байршуулах ёстой гэсэн заалт бий. Үүний дагуу СЕХ ажиллаж байгаа. Нөгөө талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд саналаа хэрхэн өгч байгаад төрийн бус байгууллагууд мониторинг хийх эрхтэй болж байгаа. Хэд хэдэн төрийн бус байгууллагууд СЕХ-той хамтарч ажиллаж байна. Хараа муутай иргэдэд зориулсан томруулдаг шил тавих, тэргэнцэртэй иргэдийг орж гарахад боломжтой налуу шат зэргийг тухайн дүүрэг, хороо, аймаг сумдын нөөц бололцоогоор хангаж өгөхийг үүрэг болгосон.

-Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-аас өгсөн нэрийн жагсаалтын дагуу саналын хуудас хэвлэж байгаа юу. Нийт хэдэн саналын хуудас хэвлэгдэх вэ?

-Сонгуулийн ерөнхий хороонд УБЕГ-аас өгсөн нэрийн жагсаалтад үндэслэн нийт нэг сая 930 мянга 782 ширхэг саналын хуудас хэвлэхээр баталсан. Орон нутгийн саналын хуудас хэвлэгдэж дууссан. Нийслэлийн иргэдийн саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Нийслэлийн иргэд энэ жил хоёр талтай саналын хуудас бөглөх юм. Эхний хуудсанд УИХ-ын сонгуульд оролцож буй нам, нэр дэвшигчийн нэр,  нөгөө талд нь НИТХ-ын хуралд нэр дэвшигч болон намын нэр байх юм.

-Зарим хэсгийн хороодод нэрийн жагсаалтад өөрчлөлт орж байгаа гэсэн. Яг ямар өөрчлөлт орж байгаа юм?

-Сонгуулийн тухай хуулийн дагуу цэргийн анги нэгтгэл, Шүүхийн шийд­вэр гүйцэтгэх газар болон цагдаагийн байгууллага,  тухайн байгууллагад ажил­лаж буй сонгуулийн насны иргэ­дийн мэдээллийг холбогдох хорооддоо хүсэлт гаргаж, УБЕГ-т хүргүүлсэн байгаа. Энэ дагуу холбогдох хэсгийн сонгогчдын нэрийн жагсаалтад өөрч­лөлт оруулж байна. УБЕГ-аас санал ирүүлс­ний дагуу саналаа өгсөн сон­гог­чийн иргэний үнэмлэхэд тэм­дэглэгээ хийхээр болсон. Өөрөөр хэл­бэл, 1999 оны загвар болох хуучин иргэний үнэмлэхтэй иргэдийг саналаа өгсний дараа баруун дээд буланд нь тэмдэглэгээ хийхээр болсон. Мөн УИХ-ын 36-р тоот тогтоолын дагуу хуучин үнэмлэхтэй 25, 45 нас хүрсэн хугацаа нь дууссан иргэдийг сонгуульд хугацаа нь дууссан үнэмлэхээр нь санал өгүүлэхээр шийдвэрлэсэн. УБЕГ нь нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг хийж, алдаагүй байх үүргийг хүлээсэн. УБЕГ-аас хуулийн дагуу манайд өнгөрсөн гуравдугаар сард нийт сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгээр нь гаргаж өгсөн. Энэ нэрсээс 6000 гаруй иргэний бичиг баримтын зөрчил, регистрийн дугаар буруу бичих, нэг тоо зөрүүтэй байх гэх мэтийн мэдээлэл нь ойлгомжгүй, дутуу байсныг нягталж, хянаарай гэж УБЕГ-т хүсэлт тавьсан. Орон нутгаас цэргийн анги нэгтгэл, ШШГЕГ, цагдаагийн газар зэрэг байгууллагаас ирүүлж байгаа сонгогчдын нэрийн жагсаалтыг тухай бүрт нь УБЕГ-т хүргүүлж, энэ асуудлыг зохих жагсаалтыг нь шийдвэрлэхээр хамтарч ажиллаж байна. УБЕГ зохих мэдээллүүдийг нь ч гэсэн өгч бай­гаа. Мөн иргэд ч гэсэн  өөрсдөө хая­гийн тодотгол, нэрийн жагсаалтад ор­сон эсэхээ шалгаад УБЕГ-т хандах бо­ломжтой. Нэрийн жагсаалтад ороо­гүй, алдаатай мэдээлэлтэй иргэд хүсэл­­тээ энэ сарын 18-н хүртэл УБЕГ-т гаргаж болно.

-Нэг айлын хаяганд олон хүн нэмж бүртгэх, өмнөх айлынх нь хүмүүсийг хасалт хийгээгүй гэх мэт гомдлууд бас ирж байгаа гэсэн. Сонгогчдын нэрийн жагсаалтад давхардахгүй, нэг хүн зөвхөн нэг хэсгийн хороонд бүртгүүлж чадаж байгаа юу. Үүн дээр СЕХ ямар хяналт тавьж байна вэ?

-Дан ганц мэргэжлийн байгууллагууд бус иргэд үүнд идэвхитэй оролцох хэрэгтэй. Нүүсэн, хаягаа сольсон хэрнээ бүртгэлээ хийлгээгүй гэх зүйлс олон гарч байгаа юм билээ. Тиймээс сонгогч, саналаа хаана, аль хэсгийн хороонд өгөх зэргээ өөрсдийн санаачлагаар сонгуулиас өмнө нэг нягтлаад үзэх хэрэгтэй. Шинэ хаяган дээр бүртгүүлээгүй бол хуучин хороондоо очиж тайлбар хийж, саналаа өгнө гэдгээ хэлж, тайлбарлах хэрэгтэй байгаа юм. Иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Манайх бол УБЕГ-аас өгсөн нэрийн жагсаалтын дагуу ажиллана.  Нэрийн жагсаалтад нэг хүн хоёр газар бүртгэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Хамгийн гол нь иргэдийг давхардуулахгүй байх гол шалгуур нь хурууны хээ байгаа юм. Хурууны хээгээр таниулаад саналаа өгнө.

-Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа дууссан. Нийт хэдэн нэр дэвшигч, бие даагчид энэ удаагийн сонгуульд оролцож байна вэ?

-Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн хуулийн нэр дэвшигчдийг бүртгэх журмын дагуу, хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ бүртгэлээ. Энэ талаар албан ёсоор сонин, хэвлэлээр нийтэд мэдээлсэн байгаа. Нийт 11 нам, хоёр эвслээс тойрогт 354, үүнээс 84 нь эмэгтэй, бие дааж 26 нэр дэвшигч сонгуульд өрсөлдөнө, үүнээс  тав нь эмэгтэй нэр дэвшигч байгаа. Жагсаалтаар 190 нэр дэвшигч бүртгэгдсэнээс 90 нь эмэгтэй бөгөөд нийт дүнгээрээ 544 нэр дэвшигчийг энэ удаагийн сонгуульд оролцохыг нь зөвшөөрч, бүртгэсэн. Хамгийн залуу нэр дэвшигч нь 26 настай бол хамгийн ахмад нь 71 настай.

-Нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж байгаа гэх мэдээлэл хэр ирж байна вэ, Үүнийг яаж шийдвэрлэж байна вэ?

-Нэр дэвшигчдийн талаархи мэдээл­лийг хамгийн түрүүнд тойргийн хороодод гаргах ёстой, хуулийн дагуу. Гомдол гаргасан иргэн тойргийн хорооны шийдвэрийг хангалтгүй гэж үзвэл СЕХ-нд хандах ёстой. Одоогоор СЕХ-нд ирсэн гомдлууд бага байна. Тойргийн хороод дээр гомдлууд ирж байгаа. Зарим иргэд хуулиа мэдэхгүйгээс шууд СЕХ-нд гомдол гаргаж байгаа. Үүнийг нь бид нягтлаад харьяа тойргийн хороонд нь шалгуулж, шийдвэрлүүлж байна.

-Мессэж бичих, нэгж тараах зэрэг нь сонгуулийн хууль зөрчиж байгаа хэрэг мөн биз дээ.Тухайлбал,  Орхон аймагт нэр дэвшигч О.Содбилэг хүмүүсийн гар утас руу нэгж тараа­сан, Сонгинохайрхан дүүрэгт нэр дэв­шигчдээ 50 сая төгрөг өгч нэрээ татахыг хүссэн гэх мэт мэдээлэл гараад байгаа?

-Сонгуулийн тухай хуулийн 35.15.10-т заасны дагуу  сонгогчдын саналыг татах зорилгоор өөрөө болон бусдаар дамжуулан, хүмүүнлэгийн, буяны, шашны байгууллага болон төрийн бус байгууллага, сангийн нэрээр халхавчлан  сонгогч, түүний гэр бүлийн гишүүнд мөнгө тараах, эд материалын тусламж, хүнсний болон бусад эд барааг тараах гэх мэт зүйлийг хуулинд тусгасан. Хэрэв энэ хуулийг зөрчвөл тухайн зөрчлийг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна гэх мэтээр хуулиндаа нарийн заагаад өгсөн. Хэрэв сонгогч баримт, нотолгоотой гомдол гаргавал үүнийг нь сонгуулийн хуулийн дагуу шалгаж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Одоогоор СЕХ-нд нэр дэвшигчидтэй холбоотой гомдлууд ирээгүй, харин тойрог, хэсгийн хороодод ирж байгаа. Үүнийг нь тухай бүрт нь хуулийн дагуу шийдвэрлээд явж байна. Өөрөөр хэлбэл, иргэдээс баримттайгаар нэр дэвшигч хууль зөрчсөн асуудал гаргасан бол үүнийх нь дагуу шалгаж, шийдвэрлэх хууль бий. Мөн иргэний гомдол үндэслэлгүй, баримтгүй гүтгэлэг байх юм бол хууль заасан эрүүгийн хариуцлага хүлээх заалт ч бий.

-Сонгогчийн санал нууц байх ёстой. Гэтэл МАН гадаадад байгаа иргэдийн саналын талаархи мэдээл­лийг олон нийтийн хэрэгслээр ярь­сан байсан. Энэ талаар гомдол ирсэн гэсэн?

-Ардчилсан намаас МАН-ын нэвт­рүүлгээр гадаадад байгаа иргэд МАН-д илүү их санал өгсөн талаар ТВ-9, ТВ-5 телевизүүдээр гарсан гэсний дагуу гомдол ирүүлсэн. Мөн Шударга ёс эвслээс  гомдол ирсэн байгаа. Сонгогчийн санал нууц байх ёстой. Тэр дундаа гадаадад байгаа иргэдээ анх удаагаа тоолсон. Тэдний саналын дүн энэ сарын 28-ны сонгуулийн дүнтэй хамт олон нийтэд ил болох ёстой. Ардчилсан намаас ирсэн энэ гомдлыг бид хуулийн дагуу СЕХ-ны хурлаар шийдвэрлэнэ.

-Ер нь ирсэн гомдлуудыг хэд хоно­гийн хугацаанд шийдвэрлэх ёстой юм бэ?

-Гомдол ирснийг хянан шийдвэр­лэнэ гэж хуулинд зааснаас тэд хоногийн дотор шийдвэрлэх ёстой гэсэн зүйл байхгүй.

-Намын жагсаалтад орсон зарим хүмүүсийн байрыг сольсон талаар мэдээлэл, гомдол ирсэн үү?

-Ийм мэдээллүүд хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр гарсан байсан.   СЕХ бол албан ёсоор намуудын нэр дэвшигчдээс ирсэн жагсаалтын дагуу  үйл ажиллгаа явагдана. Бидэнд ирсэн албан ёсны жагсаалтын дагуу явна. Ямар үндэслэлээр ийм мэдээлэл яваад байгааг мэдэхгүй байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж