Армяны тенортой гайхамшигт “Тоска”

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

Армяны тенортой гайхамшигт “Тоска”

Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, дэлхийн хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдыг бишрүүлсээр. Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавигдаж, уран бүтээлчдийн бяр, чадлыг шалгахаас гадна сонгодог урлагт дуртай үзэгчдийн мэлмийг баясгасаар байна. Энэ дундаас Ж.Пуччинийн “Тоска” дуурийг УДБЭТ-ын театрын тайзнаа өчигдөр дахин амилууллаа. Энэ удаагийн “Тоска” дуурь нэгэн гайхалтай бэлгийг сонгодог урлагийн үзэгчдэд дэлгэсэн юм. Энэ бол Армяны шилдэг тенор Ованес Айвазян. Тэрбээр “Тоска” дуурийн гол дүр, зураач  Марио Каварадоссийн дүрийг Монголын шилдгүүдийн хамт нэгэн тайзнаа толилуулсан. Монголын дуурийн театр дэлхийн төвшинд хүрсэн, бахархам гэдгийг энэхүү тоглолт дахин мэдрүүлсэн гэж болно. Энэ өдрийн гялалзсан од нь Армяны тенор байсан. Хоолойны хүч чадлаас гадна жүжиглэлт маш сайтай тэрбээр үзэгчдийг “Тоска”-д “оруулсан” юм. Мөн монголын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа 100 хувь дүрдээ уусдаг, гайхалтай жүжиглэлттэй нэгэн. Тэрбээр энэ үдшийн бас нэгэн шигтгээ нь байлаа. Түүнчлэн “Тоска” дуурийн хорон санаат түшмэл Скарпьяг үзэгчид үзэн ядтал нь амилуулж чадсан эрхэм бол баритон Ц.Баттөр.

Ер нь сүүлийн үед Монголын дуурийн дуулаачид олон улсын тэмцээн уралдаанаас ганзага дүүрэн ирж, тэр тусмаа шилдгээр тодорч байгаа нь манай дуурийн театрын чадал чансааг харуулж байгаа гэхэд болно. Тиймдээ ч энэ үдэш  “Тоска” дуурийн өмнө театрт хуран чуулсан хүн бүрийн ярианы гол сэдэв нь Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны тэргүүн байр эзэлсэн Гавьяат жүжигчин, баритон Э.Амартүвшин байсан. Мөн өнгөрсөн мягмар гаригт дуурийн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан  Ч.Энхтайван ОХУ-ын Липецк мужид зохиогдсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдаанд амжилттай оролцон хоёрдугаар байрт шалгарсан гээд дуурийн театрт цугласан олны ярианы гол сэдэв тэдний амжилтууд байсан юм. Тэд Монголын дуурийн дуулаачдын чансааг дэлхийд таниулсан хэмээн дуурийн хорхойтнууд бахархан ярьж суугаа нь сонсогдсон.

Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллика нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театрт тогложээ. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн байна. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, уг дуурь бүтсэн аж. “Тоска” нь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн, хартай, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын дүрийг хөгжмийн аялгуугаар маш тодорхой гаргаж өгсөн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг ихэд татаж, одоо хэр нь бишрүүлсээр байдаг билээ. “Тоска” дуурийн үйл явдал, өрнөл нь хөгжмийн хэлээр шууд буухаас гадна төгсгөлийн эмгэнэлт хэсэг нь хүний сэтгэлийг сэрт хийлгэм гайхалтай. Тиймдээ ч мэргэжлийн талаас асар их ур чадвар шаарддаг гэдэг. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа “Тоска” дуурь 30 гаруй жилийн хугацаанд тавигдахад Польш, Оросын дуучин ирж дуулж байжээ. Мөн Ардын жүжигчин Б.Жавзандулам, Гавьяат жүжигчин А.Дашпэлжээ болон гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа нар тоглож байсан юм.

Түүнчлэн, өнгөрсөн оны нэгдүгээр сард Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийн ДБЭТ-ын тайзнаа тавихад Скарпьяд Италийн баритон Париде Пандолфо тоглож байсан бөгөөд түүний хамт дуурийн театрын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа Тоскад хувиран Кавардоссид Ц.Доржсүрэн нар тоглон симфони найрал хөгжмийг Италийн удирдаач Роберто Салвалаио дохиж байсан билээ.

Сонирхуулахад, Монголын дуурийн тайзнаа “Тоска” 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглогдож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Ч.Жамсранжав ажиллаж байжээ. Тухайн үед АЖ А.Хавлааш, АЖ Х.Уртнасан, Гавьяат жүжигчин Д.Банди гээд энэ салбарын суутнууд тоглож, үзэгчдэд хүргэсэн байдаг. Түүнээс хойш энэ дуурьт олон уран бүтээлчид хүчээ сорьж ирсэн билээ.

Зургийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж