Хүүхдийнхээ амжилт бүрийг нь магт | News.MN

Хүүхдийнхээ амжилт бүрийг нь магт

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийнхээ амжилт бүрийг нь магт

 Хүүхэд-бидний амьдралын утга учир. Бид тэднийг хэрхэн хүмүүжүүлэх, тэдний төлөө юу хийж чадахаас ирээдүйд ямар хүн болж өсөх нь шалтгаалдаг. Хүүхдийн хүмүүжилд тоглоом чухал байр эзэлдэг. Харамсалтай нь эцэг, эх бүр үүнийг ойлгодоггүй. Тэгвэл бид хүүхэдтэйгээ хэрхэн тоглож болох талаар зөвлөгөө өгье.

1. Аюулгүй тоглоом. Хүүхдэд тоглоом сонгож авахдаа бие махбодь, оюун ухаанд нь ямар нөлөө үзүүлэх вэ. Мөн бэртэж гэмтэж болох хурц ирмэг, үзүүртэй эсэхийг бодож үзээрэй.

2. Аюулгүй орчин. Хүүхэд тоглох өрөөг урьдчилан судлаж, аюултай зүйл ойр орчимд нь байгаа эсэхийг шалгана. Хүүхдийг орчинд нь тааруулах биш орчныг хүүхдэд нийцүүлэх хэрэгтэй. Жишээ нь, шал цэвэрхэн, элдэв хог новшгүй байгаа эсэх. Дээрээс нь унаж, нурах зүйл, мөн цахилгааны утас, залгуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулж аюулгүй байдлыг бүрдүүлнэ.

3. Амжилт бүрийг нь магт. Магтаал хүүхдийн сэтгэхүйд эерэг нөлөө үзүүлдэг. Магтуулсан хүүхэд урамшиж, өөртөө итгэх итгэл нь бэхэжсэнээр амжилтад хүрэхийн баяр баясгаланг мэдэрдэг болно. Хүүхдээ бусад хүүхэдтэй хэзээ ч бүү харьцуул. Энэ нь хүүхдийн өөрийгөө үнэлэх үнэлэмжид сөргөөр нөлөөлдөг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, бүхнийг өөрийнхөөрөө хүлээж авдаг шүү дээ.

4. Өөрийгөө хайрладаг болоход нь тусла. Бие махбодио таньж мэдэн, түүнийгээ хайрладаг болгоход чиглэгдсэн тоглоомд түлхүү анхаарах хэрэгтэй. Хэрэв аав, ээж нь хүүгээ хайрлаж, энхрийлж байгааг мэдвэл аяндаа өөрийнхөө биеийг сайхан хэмээн ойлгож эхэлдэг. Ийм төрлийн тоглоомд биеэр хүрэлцэх бүх тоглоом багтана. Жишээ нь, хөл гарыг нь илэх, үнсэх гэх мэт.

5. Насанд нь тохирсон тоглоом. Зургаан сар хүртэлх хүүхэдтэй маш удаан хөдөлж тоглох хэрэгтэй. Анхны тоглоом – зөөлөн дуутай шажигнадаг тоглоом. Хамгийн гол нь хүүхдийн анхаарлыг татахуйц хурц өнгөтэй байвал сайн. Нэг нас хүрмэгцээ хүүхэд өөрөө тоглоомд сонирхолтой болж төрөл нь олширно. Алтан дүрэм ёсоор хүүхдийг өсч том болох тусам тоглоомыг улам бүр хүндрүүлж, ой ухаан, бие махбодийг нь хөгжүүлэх тал руу чиглүүлдэг.

6. Бие даасан байдал чухал. Хүүхэдтэй тоглож байхдаа тантай болон ганцаараа тоглох цагийг тэнцвэртэй болгохыг хичээ. Хүүхэд өөр бусадтай тоглох явцад харилцаа нь сайжирч, ганцаараа тоглох үед бие даасан байдал нь хөгждөг байна.

7. Харилцаа. Хүүхдийг төрсний эхний өдрөөс л түүнтэй ярилцаж байх нь чухал. Хүний ярьж байгааг сонсч, авиаг ялгаж танидаг болно. Аливаа зүйлийг нэрээр нь дуудаж, тэдний хэлсэн авиаг даган дуурайж, дуу дуулж өгөх нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэхэд том хувь нэмэр болно.

8. Эд зүйлстэй танилцуул. Гэртээ хүүхэдтэйгээ хамт багахан аялал хийж болно. Харж буй зүйлээ нэрлэж, тэр зүйлийнхээ тухай ярьж өгөх нь хүүхэд орчин тойрноо таньж мэдэх, өөрийн байр суурийг олж авахад тустай. Ингэснээр хэл ярианы хөгжилд ч чухал нөлөөтэй.

9. Угаалга. Хүүхэд өлчир чийрэг болж, өөрийн биеийг таньж мэдэн, хөдөлгөөнийг нь ойлгож авахад тустай.

10. Бөмбөг. Өдөр бүр тоглож байхдаа хүүхдээ том бөмбөг дээр суулгаад нааш цааш, хойш урагш хөдөлгөж тоглож байгаарай. Ингэснээр хүүхдийн тэнцвэрээ олох чадварыг хөгжүүлэх болно. Тэнцвэр олох чадвар нь суух, мөлхөх, алхах зэрэгт хэрэгтэй. Мөн дээрх дасгал нь хүүхдийг өндрөөс айдаггүй болгодог сайн талтай.

11. Аюулгүй байдлаа мэдрэх. Энэ мэдрэмж нь нуугдаж тоглох үед хүүхдэд бий болдог. Хүүхэд ээж, аав нь алга болж болох ч хожим заавал гараад ирнэ гэсэн ойлголттой болдог.

12. Янз бүрийн хэлбэртэй тоглоом. Бөмбөг, шоо, шажигнадаг тоглоом, автомашин, ном – анхны жилүүдээс тоглуулж эхэлнэ. Гэхдээ хүүхдэд нэг дор хэтэрхий олон тоглоом бүү өг. Тэд олон тоглоом дунд төөрч будилах нь элбэг. Бодит байдалд ойр, орчныг таньж мэдэхэд нь тустай тоглоом байвал сайн.
13. Сэтгэл хөдлөлөө хуваалц. Хэрэв гунигтай байгаа бол уйл. Харин баяр хөөртэй байвал инээмсэглэ, бүжиглэ. Гэхдээ аливаа сэтгэлийн хөдөлгөөнөө хүүхдэд ойлгогдохоор энгийн үгээр илэрхийлж байхыг зөвлөе. Энэ нь хүүхдэд аливаа сэтгэлийн хөдөлгөөнийг таньж ялгах, тэднийг үгээр илэрхийлэх чадамжтай болгодог.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

thx 2010-03-03 127.0.0.1

ih bayarlalaa shn zuvluguu bn heregjuulehiig bodno oo bayarlalaa

Avatar

eej 2010-03-03 127.0.0.1

sain zuvluguu bna mash ih bayarlalaahemj medeelel olj ugvul mash ih bayarlanaThanks

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж