ОХУ, Польшийн шигшээ “Евро-2012”-ыг орхилоо

Хуучирсан мэдээ: 2012.06.17-нд нийтлэгдсэн

ОХУ, Польшийн шигшээ “Евро-2012”-ыг орхилоо

Хөлбөмбөгийн хорхойтнууд, мэргэжилтэн, экспертүүдээс өндөр үнэлэмж авч, өөрсдөө ч итгэл төгс “Евро-20102”-ыг зорьсон ОХУ-ын шигшээ баг болон тэмцээнийг хамтран зохион байгуулагч Польшийн шигшээ багууд хэсгийн шатнаас тэмцээнийг өндөрлүүллээ. Эсрэгээр тэмцээний “А” хэсэгт тус хоёр багтай өрсөлдсөн Чех болон Грекийн багууд шөвгийн наймын эхний эрхүүдийг авлаа.

Хэсгийн хамгийн сүүлийн буюу гурав дахь тоглолтын өмнө Оросын шигшээ баг хэсгээ тэргүүлж байсан, тэд Грекийн багтай тэнцэхэд л хасагдах шатанд шалгарах боломжтой байсан юм. Гэтэл 2004 онд тивийн аваргаар анх удаа тодорсон Грекийн шигшээгийн ахлагч Георгис Карагунис тоглолтын эхний хагас өндөрлөх мөчид гоолдсон нь тоглолтын цорын ганц гоол байж, грекүүд ялалт байгуулжээ. Тоглолтын дараа багийн ахлагч “Бид нутгаасаа гарахдаа “Манай ард түмэн хүнд хэцүү байдалд байгаа энэ үед бид бүх хүч чадлаа дайчлах болно” гэж амласан. Өнөөдрийн ялалт тэдэнд маань инээмсэглэл, баяр хөөр бэлэглэсэн гэдэгт итгэж байна. Грекийн шигшээ багийн төлөө, эх орныхоо төлөө, дэлхийн өнцөг булан бүрт байгаа нутаг нэгтнүүдийнхээ төлөө үүнийг хийж чадсандаа баяртай байна” хэмээн өрийн хямралд автаад буй эх орныхоо талаар ярьжээ.

ОХУ болон Грекийн багууд ижил дөрвөн оноотой хэсгийн шатыг өндөрлүүлсэн, ингэхдээ хойд хөршийн баг гоолын зөрүүгээр илүү байсан ч хоорондын амжилтыг харьцуулж, грекүүд хожсон тул ийнхүү хэсгээсээ шалгарах эрхтэй болсон юм.

Харин тэмцээнийг зохион байгуулагч Польшийн шигшээ багийн тухайд сүүлийн тулаанд хожиж гэмээнэ шөвгийн наймын эгнээнд багтах байсан. Гэтэл Чехийн шигшээ багийн хагас хамгаалагч Петр Йирачек 72 дахь минутад өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааснаар багтаа ялалт авчирчээ. Ийнхүү нээлтийн тоглолтод Оросын шигшээд 4:1-ээр хожигдож, тун тааруу эхлэл тавьсан ч сүүлийн хоёр учраагаа хожсоноор Чехийн шигшээ зургаан оноотой хэсгээ тэргүүлэв. Тэд шөвгийн наймд “В” хэсгээс хоёроор шалгарсан багтай таарах учиртай. Өрсөлдөгч нь чухам хэн байх вэ гэдгийг өнөө шөнийн тоглолт тодруулах билээ.

Өнөөдөр Португаль ба Голланд, Дани болон Германы шигшээ багийн тоглолт 02.45 цагаас эхэлнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж