”Хүрдэтийн агуй дахь түүхийн баримтыг Хятадууд устгалаа”

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

”Хүрдэтийн агуй дахь түүхийн баримтыг Хятадууд устгалаа”

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутагт орших Хүрдэт агуйн эртний бичээс дээр Хятадууд "Эрдэнэсээ авахаар ирлээ. Би эх орныхоо төлөө гавьяа байгуулна" гэх мэтээр бичиж түүхийн үнэт бичвэрийг устгасан мэдээлэл байна. Энэ талаар Монголын шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн Дундад зууны үеийн Монголын түүхийн салбарын эрхлэгч, доктор Ц.Цэрэндоржтой ярилцлаа.

-Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Хүрдэт агуйн түүхийн үнэт бичвэрүүд дээр хятад ханзаар элдэв зүйл бичсэн гэх юм. Үүнийг шинэжилж тогтоох ажлын хэсэгт ажиллаж буйн хувьд та бодитой мэдээлэл өгөх байх?

-Хүрдэт агуйд хятад бичээс байна гэсэн мэдээллийг өнгөрсөн оны аравдугаар сард авсан. Тодруулбал, түүхийн хүрээлэнгийн судлаачдыг Оюутолгойн соёлыг хамгаалах төслийн хүрээнд судалгаа хийж явахад нь нутгийн иргэд хятадууд агуйд юм бичсэн талаар хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, иргэдийн өгсөн мэдээллээр ийм агуй байдаг гэдгийг мэдсэн хэрэг. Мэдээллийн мөрөөр Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулууны ахалсан судлаачид очиж ажиллаад ирлээ. Хүрдэт агуй нь Ханбогд сумын төвөөс урагш 60 гаруй километрийн зайд оршдог. Нутгийн зарим иргэн Баянбулаг эсвэл Баянхошууны агуй гэж янз бүрээр нэрлэдэг юм билээ.

Агуйн хана, тааз гээд юм бичиж болох тэгш гадаргуутай бүрт нь 30 гаруй удаа хятад ханзаар юм бичиж тэмдэглэсэн байдаг. Харин монгол бичиг болон түвд бичгээр бичсэн маш цөөхөн. Энэ бичээсийг судалж үзэхэд XVIII зуунаас хойш бичигдсэн хятад бичээс бололтой юм. Тухайлбал, Найралт төв /1722-1735/, Тэнгэрийг тэтгэсэн /1735-1796/, Сайшаалт ерөөлт /1796-1820/ оны цол дурдагдаж байгаа нь эдгээр бичиг өөр өөр цаг хугацаанд бичигдсэн болохыг харуулж байна. Харамсалтай нь, 30 гаруй бичгээс цор ганцхан байсан монгол бичгээр бичсэн бичээс дээр 1-2 жилийн өмнө хятад ханзаар юм бичиж түүхийн үнэт олдворыг арилгасан байна.

-XVIII зууны үед бичсэн хятад ханзтай бичээст юу бичсэн байдаг юм бэ?

-Бичээс нь ерөнхийдөө байгалийн сайхныг бахдан өгүүлсэн шүлэг, арилжаа наймаа ашиг орлоготой байхыг хүсч ерөөсөн агуулгатай. Эсвэл энэ цаг хугацаанд элч би саатлаа гээд цэргийн бололтой албаны хүмүүс дайрч өнгөрсөн хугацаагаа тэмдэглэж үлдээсэн болохыг урьдчилан тогтоогоод байна. Энэ талаар нутгийн иргэдэд өвөг, дээдсээс нь ярьж өгснөөр тэр хавийн нутаг худалдааны зам дайрч өнгөрдөг, их хөлийн газар байсан бололтой юм. Тэр ч утгаараа худалдаачид болон цэргийн албаныхан аян замынхаа талаар агуйд тэмдэглэн үлдээсэн байх.

-Тэгвэл XVIII зууны үед монгол бичгээр бичсэн түүхийн бичээст хятад ханзаар саяхан бичсэн хэсэгт юу гэж өгүүлсэн байдаг юм. Хятадууд "Бид эх орондоо ирлээ. Эрдэнэсээ авахаар ирлээ" гэж бичсэн гэх юм?

-Агуйд байх 30 гаруй бичээс дотор монгол бичгээр бичсэн ганцхан бичвэр байсан. Харамсалтай нь, тэр бичээс дээр 1-2 жилийн өмнө бололтой хар өнгийн бэхээр бичиж өмнөх бичээсийг устгасан байна. Давхардуулж бичсэн хятад бичгийг яагаад саяхан бичсэн гэж үзэж байна гэхээр хялбаршуулсан хятад ханзаар бичсэн байдаг. Хятадууд эрт үед хялбаршуулсан ханзаар бичдэггүй байсан. Гэхдээ ямар ханзаар бичсэндээ чухал биш. XVIII зууны үеийн түүх дурсгалыг илтгэх онц чухал баримтыг мэдэгдэхийн аргагүй болтол арилгасанд харамсаад баршгүй. Энэ бол маш харамсалтай явдал. Нутгийн иргэд энэ талаар "2011 онд уул уурхайн хайгуулын хятадууд агуйгаар дайраад өнгөрсөн. Тэд л бичсэн байх" гэж мэдээлж байна. Ингэхдээ хар өнгийн бэхээр хоёр зүйлийг бичсэн байдаг.

Нэгдүгээрт, байгалийн сайхныг магтсан.
Хоёрдугаарт, "Говь нутагт эрдэнэсийн хөмрөг хайхаар ирлээ. Цаашдаа эх орондоо няцашгүй зүтгэж төр улсдаа гавьяа байгуулна" гэсэн бичиг байгаа юм.

-Устгагдсан монгол бичигт юун тухай өгүүлсөн нь харагдахгүй байгаа хэрэг үү?

-Уншигдахгүй байна. Цаг хугацааны хувьд ч асар их хугацаа өнгөрсөн учраас салхинд элэгдэж арилах дөхсөн байсан. Гэтэл дээрээс нь дахиад юм биччихээр бүр уншигдахгүй болчихож байгаа юм. Үгийн төгсгөлийг анзаарахад цэргийн агт зэргийг өгүүлсэн юм шиг байна. Магадгүй элчийн тухай ч бичсэн байж болох юм.

-Шинээр бичсэн хятад ханзыг арилгах боломжгүй юм уу?

-Хуучин бичгийг нь буцааж сэргээх боломжгүй. Сүүлд бичигдсэн ханзыг арилгахаар цаана нь байсан хуучин бичээс нь дагаад арилчихна. Угаасаа тэр бичиг нь бүдгэрч байсан учраас сэргээгдэх магадлал муу.

-Ер нь Хүрдэтийн агуй түүхийн хувьд ямар үнэтэй бүтээл болдог юм бэ?

-Өнгөрсөн жил нутгийн иргэдийн өгсөн мэдээллийн дагуу тэр агуйн тухай мэдсэн юм. Түүнээс биш түүхчид тэнд тийм үнэт олдвор байгаа гээд хайгаад явах боломжгүй. Нутгийн иргэдийн мэдээлэлд тулгуурлаж үнэт өвийг олж илрүүлж бүртгэдэг. Харамсалтай нь, нутгийн иргэд түүхийн үнэт мэдээлэл агуулсан уул хад, олдворын талаар мэргэжлийн байгууллагад мэдээлэхээсээ илүүтэй жуулчид гэх мэт хүмүүст мэдээлж байна. Агуйн тухайд том биш. 1.80 метр өндөр, дөрвөн метр урт агуй.

-Хүрдэтийн агуйгаас харахад энэ орчмын нутгийг цайны зам байсан гэдгийг тогтоосон гэх юм?

-Худалдаа буюу цайны зам дайрч өнгөрч байгаа бололтой юм. Гэхдээ энэ бол батлагдаагүй. Судалгаа дуусаагүй байна.

-Түүхийн үнэт олдвор сүйтгэсэн эзнийг олж тогтоох тухай цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу?

-Одоохондоо гаргаагүй. Харин Боловсрол, соёл шинжлэх ухааны яамныханд "Түүх соёлын дурсгалт газар сүйдсэн байна. Энэ талаар зохих арга хэмжээ авч өгнө үү" гэсэн бичиг өгсөн.

-Манай улсад ийм тохиолдол бүртгэгдэж байсан уу?

-Ер нь түүхийн хуучны дурсгал болон булш бурханыг тонох, олдворуудыг устгах нь элбэг байна. Харин түүхэн бичээстэй олдворыг устгасан нь анхны тохиолдол байх.

Д.БОЛОР

"ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж