Өнөөдөр дэлхийн нийт хүн амын 47 хувь буюу 2.6 тэрбум хүн ундны усаар гачигдаж, өдөр бүр 30 гаруй мянган хүүхэд усны хомсдлоос үүдэлтэй өвчин эмгэгээр хорвоог орхидог гэх. Бүр наашлуулбал манай өмнөд хөрш болох БНХАУ- ын олон мужид цэвэр ус хомсдол үүсэж, 2008-2011 онд гурван сая гаруй иргэнээ зөвхөн бохир уснаас үүдэлтэй өвчнөөр алдсан байна. Тус улсын нэгэн цахим хуудаст “Цэвэр ус хоол хүнсэндээ хэрэглэх үе бидний аав, ээжээр дууссан. Бид бохир усыг дахин цэвэршүүлж, зарим орны зөвхөн хөдөө аж, ахуйдаа ашигладаг усыг хүнсэндээ хэрэглэж байна. Харамсалтай нь энэ ус ч өндөр үнэтэйн дээр хомс байгаа нь биднийг түгшээж байна” гэж тэмдэглэжээ. Ийм эмгэнэлт дүр зураг Ази, Африкийн 37 оронд ердийн үзэгдэл мэт болоод даруй арван жил болж буй. Усгүйн зовлонд бүрэн нэрвэгдсэн улс орнуудын жагсаалтыг тэргүүлэгч Африкийн мужууд дахь сэтгэл эмтрэм дүр зургийн тухай энд бичих нь илүүц биз. Энэтхэгийн Мумбай, Хятадын Бээжин тэргүүтэй томоохон 20 хотын тэрбум гаруй иргэн 20 жилийн дараа гэхэд цэвэр усны нөөцийн эрэлд “хатаж”, гачигдалд орох тухай судлаачид дурдсан. Үүнийг дэлхийн дулаарал, уул уурхай болон бусад үйлдвэржилт, хүмүүсийн буруу хэрэглээнээс үүдэлтэй хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна. Дэлхийн ихэнх улс ундны усны нөөцөө хэрхэн хамгаалах, арвижуулах тухай бодол, төлөвлөгөөнд толгойгоо гашилгаж байна. Харин манайханд бидний үр хойч ундны усны гачигдалд нэрвэгдэх, цаашилбал гэрийнхээ ойролцоох шалбаагнаас ус тунгаан ууж суух тухай төсөөлөл ч алга.
НҮБ-ын нэгэн тайланд манай улсыг дэлхийн дулаарлын нөлөөг хамгийн их амсаж буй орны нэг хэмээн онцлохын хажуугаар “Монгол орны нийт газар нутгийн 82 хувь нь мал ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж байгаа ба энэ нь Төв Азийн хувьд хамгийн томд тоооцогдох экологийн доройтлыг үүсгэж, ирэх хэдхэн арван жилд л нийт газар нутгийнх нь 80 хувь бүрэн цөлжилтөд өртөж энэ нь тус улсын усны хомсдолын гол шалтгаан болно” гэжээ.
Монгол Улсын усны нийт нөөц 608.000 сая шоо метр ба бид жилд 500 сая шоо метр ус хэрэглэдэг байна. Усны нийт хэрэглээнийхээ 91 хувийг гүний усны нөөцөөсөө хэрэглэж байгаа нь хамгийн аюултай зүйл аж. Юу гэхээр үйлдвэржилт, бүтээн байгуулалт нэмэгдэх тусам гүний усны нөөц барагдаж, ирэх 20 жилд нөөцөө шавхах аюултайг олон орны судлаачид хэлж байна.
Хэдийгээр Монгол Улс дэлхийн усны гурвын гурван хагалбарын эхэнд байрлалтай ч нийт усны 73 гаруй хувь нь гаднын нуур, далай руу урсдаг учир бид ундны усны хомсдолд орохгүй гэх баталгаагүй билээ. Үүний дээр жил ирэх тусам гол горхи, нуур цөөрөм ширгэж байгаа нь аюулын харанга дэлдэх өдрийг улам ойртуулж байна. Саяхан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй хэдэн гишүүн “50121 гол байснаас 31 нь, 3732 нуур, цөөрмийн 1161 нь, 90431 булаг шандны 2096 нь ширгэсэн” тухай мэгдээлэл хийсэн. Цаашид гол мөрнийг ширгээхгүй байхын тулд бид юу хийх ёстой вэ?
“Битгий хайлаач, биднийг бодож”
Энэтхэгийн Нью-Дели хотын “Жавхарал Неру” их сургуулийн эрдэмтэд Гималайн нурууны мөсөнд өнгөрсөн онд судалгаа хийж байхдаа ингэж дуу алдсан гэдэг. Гималайн нурууны "Ганготри" мөсөн гол 10 жилийн өмнөхөөсөө 850 метрээр багассаныг тогтоожээ. Энэ нь жил бүр 17 метрээр цаашид үргэлжлэн хорогдоно гэдгийг илэрхийлж байгаа аж. Байдал энэ хэвээр үргэлжилбэл 30 жилийн дараа Гималайн мөсөн голоос эх авдаг мөрнүүдийн сав газарт хүчтэй үер болно. Дараа нь дэлхийн хүн амын 60 хувь нь оршдог Ази тив бүхэлдээ усны гачигдалд орж, цаашлаад бусдыг ч “уруу татна” гэж тэд тэмдэглэжээ.
Усны хомсдолтой ч гачигдахгүй
Усан цэнхэр гариг дээр усны хомсдол гэж байхгүй. Харин цэвэр усны хомсдол л гэж бий. Орчин үеийн шинэ технологи давс хужрыг нь салгаад, цэвэр ус гаргаад авчихдаг болжээ. Өнөөдөр дэлхий дээр 300 сая хүн дэндүү их давстай далайн болон давсархаг гадаргын усыг аргагүйн эрхэнд хэрэглэж байна. Арван жилийн өмнө энэ тоо хоёр дахин их байсан билээ. Давсгүйжүүлэлт анх 1970-аад оны үеээс Зүүн азид хийгдэж үүнээс хойш дэлхийн 150 оронд тарсан. Ирэх зургаан жилийн хугацаанд өдөр бүр 13 тэрбум галлон буюу Колорадогын нэг голтой тэнцэх хэмжээний усыг давсгүйжүүлж, дэлхийн усны хэрэгцээнд нийлүүлэх аж. Гэвч ирээдүйд хүн ам өсөхийн хирээр газар тариалан, үйлдвэрлэл өргөжиж, ундны ус нэмэгдэнэ гээд бодоод үзвэл дээрхи арга нь амь тариа болохоос нөхцөл байдлыг сайжруулахгүй нь тодорхой юм. Гэхдээ л ундны усгүй байснаас л дээр.
Энд нэгэн урам хайрлам жишээг онцолмоор байна. Камбож улсын нийслэл Фном Пень хот арван жил ч хүрэхгүй хугацаанд усны алдагдлаа 73 хувиас зургаан хувь хүртэл бууруулж чадсанаар Лондон, Парис болон Лос-Анжелес хотуудаас ч илүү усны хэмнэлттэй хэрэглээг бий болгожээ. Фном Пень хотын Засгийн газрын харьяа Ус Түгээлтийн газрын дарга Сонн Чан 1993 онд ажлаа хүлээж авсан даруй эрс шийдэмгий томоохон цогц өөрчлөлтүүдийг хийж эхэлжээ. Тусламжийн байгууллага, хөгжлийн банкуудаар дамжуулан эвдэрч элэгдсэн усны шугам хоолойг шинэчлэн сольж, хээл хахуульд автсан ур чадваргүй ажилтнуудаа хайр найргүй халах замаар дэд бүтцийн асуудалдаа огцом эргэлт гаргаж чадсан байна. Ингэснээр хяналт, зохион байгуулалт сайжирч иргэд ундандаа цэвэр ус бүрэн хэрэглэж чадах болжээ.
Эцэст нь хэлэхэд, хүн төрөлхтөн ундны усны гачигдалд орж, байгаль дэлхий хатаж эхлэхийг эрдэмтэн бүр өөр өөрсдийн дүгнэлтээр гаргалаа. Ундны усны хомсдол нүүрлэх нь тодорхой, гарах гарцыг Камбожоос эрье.
Эх сурвалж: mongolianeconomy.mn