Армяны тенор “Тоска”-д дуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Армяны тенор “Тоска”-д дуулна

Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Дуурийн голд дүр болох Каварадосси зураачийг Армян улсын авьяаслаг тенор Ованес Айвазян амилуулах юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдааны шилдэг 20-т багтсан бөгөөд Бээжингээс шууд Монголын дуурийн театрыг зорин ирсэн юм.

ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн ОХУ-ын Москва хотод төвтэй, олон улсын залуу уран бүтээлчдийг дэмжих “Smolart” байгууллагын захирал Сергей Молчанов нар өнгөрсөн 2011 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд энэ хүрээнд авьяаслаг уран бүтээлч Ованес Айвазян манай улсад зочилж байгаа юм.

“Тоска” дуурийн гол дүр, зураач  Марио Каварадоссийн ари бол гоё драматик тенор хоолойтны мөрөөдөл төдийгүй дуурийн урлагт дуртай хэн бүхний сонсохыг хүсэн хүлээдэг аринуудын нэг билээ. Түүний хамт Тоска дуурийн гол дүрд дуучин эмэгтэй Флория Тоскад Соёлын тэргүүний ажилтан, сопрано Б.Эрдэнэтуяа, тэмцэгч Чезаре Анжелоттид О.Хүрэлбаатар, нууц цагдаагийн газрын дарга гүн Скарпьяд Соёлын тэргүүний ажилтан, баритон Ц.Баттөр, Тахилчны дүрд басс Б.Алтанхуяг, шүүгч Шарронд Э.Бумхүү, хамба ламд басс О.Батбаатар, малчин хүүд сопрано Ш.Гантуул нар хамтдаа тоглоно. “Тоска” дуурийг энэ удаад Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдан, ДБЭТ-ын симфони найрал хөгжим эгшиглэх юм.

Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллихи нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгооос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг. Манай ДБЭТ-ын тайзнаа 1982 оны нэгдүгээр сарын 9-нд анх тоглож байжээ

Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар ирсэн юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж