Уртын дуу хэмээх яруу сайхан урлагийг дэлхий дахинаа сурталчлан таниулсан Монгол Улсын Гавьяат жүжигчин, уртын дуучин Г.Хонгорзул энэ сарын 26-д “Хөх тэнгэрийн зээ” биедаасан тоглолтоо хийх аж. Уртын дууны аялгуугаар газар тэнгэрийг уулзуулдаг хэмээн монголчууд билэгшээдэг учраас дээрх нэрийг өгсөн юм байна. “Ерөнхийдөө ард түмнийхээ сонсох дуртай, нийтлэг дуулж чаддаг бэсрэг уртын дуунуудаас гадна ардын богино болон харилцаа дуунуудыг түлхүү дуулна” хэмээн гавьяат маань онцолсон. Тэрбээр өмнө “Хэрлэнгийн домог”, “Их талын шуранхай”, “Домгийн хорвоо” тоглолтыг хийж байсан билээ. Дээрх тоглолт Дуурь бүжгийн эрдмийн театрт 19 цагаас болох аж. Дашрамд сонирхуулахад, ДБЭТ нь мэргэжлийн акустиктай орчин үеийн хэллэгээр бол амьд тоглолтонд хамгийн зохицсон Монголдоо тэргүүн тайз юм байна.
Б.Анхаа