Машин угаагчдад замаа эвдүүлсээр байх уу?

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Машин угаагчдад замаа эвдүүлсээр байх уу?

Зуны дэлгэр цаг ирсэнтэй зэрэгцэн алчуур даллан зогсох машин угаагчид зам даган гарч ирдэг зуршилтай болоод нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байна. Жил бүр замын сангаас татвар төлөгчдийн мөнгөөр нийслэлийн замыг засч сайжруулдаг ч эвдэн сүйтгэгчид буюу "цагаан алчууртнууд" дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд эвдэн сүйтгэх ажлыг хийдэг боллоо. Ялангуяа Баянгол дүүргийн харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын зам дагуу сүүлийн арваад жилийн турш иргэд ил задгай машин угааж байгаа билээ. Одоо ч гэсэн тэд явган хүний зам дээр савтай ус байрлуулж, мотороор шүршин машин угаасаар байгаа. Түүнээс нь болж тэр хавийн зам эвдэрч, осол гарах хэмжээнд хүрсэн.

Энэ талаар сурвалжлахаар манай сурвалжлах хэсэг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн автобусны буудлын орчимд машин угааж байгаа иргэд болон албан хүмүүстэй уулзлаа. Юуны түрүүнд ил задгай машин угааж байгаа иргэдтэй уулзаж, зөвшөөрөлтэй эсэх, хэдэн жил тэнд ажиллаж байгаа талаар асуусан ч үр дүнд хүрсэнгүй. Учир нь тэнд машин угааж байгаа хүмүүс биднийг элдвээр харааж, асуултад хариулахаас татгалзсан юм. Уг нь эдгээр хүмүүст ил задгай машин угааж, зам эвдэж, явган хүний замаар ч алхаж болохооргүй болтол шавхай тарихыг хэн ч зөвшөөрөөгүй байлтай. Гэтэл хаврын урь орсон цагаас эхлэн цагаан алчуураа даллаж зогссоор л байна. Хамгийн сонирхолтой нь дүүрэг, нийслэлээс хэн ч тэдэнд хариуцлага тооцож үйл ажиллагааг нь зогсоохгүй байгаа юм. Машин угаагчидтай уулзсаныхаа дараа бид Баянгол дүүргийг зорив. Дүүрэг дээр очиход энэ талаар тодорхой мэдээлэл өгөх ёстой албаны хүмүүс эзгүй байлаа.

Тиймээс албан хүмүүстэй утсаар холбогдож, иргэд ил задгай машин угаах эрхтэй эсэхийг тодруулсан юм. Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Очирсүм хэлэхдээ, "тэр хүмүүст дүүргээс зөвшөөрөл өгдөггүй. Харин ч жил бүр Замын цагдаа, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран олон үйл ажиллагаа явуулдаг ч амжилт олохгүй байна" гэсэн юм.

Энэ хэсгийн зам машин угааж буй хүмүүсийн усанд идэгдээд, эвдэрч муудан энхэл донхол болсон зам тээврийн осол ч гарч болох төвшинд хүрсэн гэдгийг дахиад нэг сануулахад илүүдэх юун. Нөгөөтэйгүүр ганц авто замыг эвдээд зогсохгүй Нийслэл хотын өнгө төрхийг доройтуулж, явган хүний замыг ч мөн эвдэж дуусч байгаа. Хэрвээ авто замын эвдэрлээс болж томоохон осол аваар гарлаа гэхэд хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь сонин. Зам эвдсэн машин угаагчид уу, хяналт шалгалтыг муу хийж буй байцаагч уу, эсвэл Баянгол дүүргийн удирдлагууд уу. Бас л бодох асуудал.

Манай сурвалжлах хэсэг Баянгол дүүргээс гарч Чингэлтэй дүүргийг зорьсон юм. Учир нь ил задгай машин угаадаг хүмүүс олон байдаг өөр нэг газар бол тус дүүрэг. Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс нь мөн л ил задгай машин угаадаг хүмүүстэй хариуцлага тооцож торгоод, ус шүршигч моторыг нь хурааж аваад хөөдөг ч бас л уг ажил нь амжилт олдоггүй гэнэ. Учир нь нэг удаа тэдгээр хүмүүсгийг хуулийн дагуу арга хэмжээ авч торгодог ч нэг их тоодоггүй маргааш нь дахиад л ажилдаа гардаг байна.

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын хэлтсийн байцаагч М.Наранцэцэг "Ил задгай нийтийн эзэмшлийн замд машин угаадаг газар хяналт шалгалтаар очоод эхний хүний моторыг нь хураагаад авахад бусад хүмүүс нь зугтаад алга болчихдог. Хувь хүн болон байгууллагаас өдрийн 5000 төгрөг өгөөд зориулалтын бус утсаар тог аван ажилладаг учир өнгөрсөн жил эрчим хүчний байцаагч нартай явж цахилгааныг нь салгасан. Гэтэл замын урд тал нь Сүхбаатар дүүргийнх, хойд тал нь Чингэлтэй дүүргийн харьяа байдаг болохоор замын нөгөө талаас цахилгаанаа аваад л ажиллаад эхэлсэн. Мөн ил задгай замын дагуух газар машинаа угаалгаж байгаа жолооч нарт хариуцлага тооцох маягаар замын цагдаагийн газартай хамтран ажиллах бичиг явуулсан ч хариу ирээгүй. Энэ жил ил задгай машин угаадаг хүмүүсийг хянаж шалгаагүй, тийм төлөвлөгөө гараагүй байгаа. Иргэдээс санал гомдол ирээд, шалгалтаар явах төлөвлөгөө гарвал тодорхой ажил хийгдэх байх" гэлээ.

Уг нь заавал иргэд санал гомдол гаргахыг хүлээн суулгүй Нийслэлийн хөгжил, иргэдийн эрх ашгийг уландаа гишгэх болсон хэсэг хүмүүсийн энэ үйл ажиллагааг яаралтай зогсоох нь тэдний хийх ёстой ажил, үүрэг. Тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцоож торгоод, ус шүршигч моторыг нь хурааж аваад хөөдөг ч хэд хоноод ажлаа дахин эхэлдэг гээд орхих нь залхуурч байгаагийн шинж бусуу. Мэргэжлийн хяналтын байцаагчид нь өдөр болгон шалгаж чаддаггүй юм гэхэд ядаж долоо хоногтоо нэг удаа хянаад, торгоод байвал эдгээр хүмүүс хууль зөрчөөд байлгүй хоолныхоо мөнгийг олох өөр ажил хийх нь лавтай. Иймд Баянгол дүүргээс ил задгай машин угаагчдын үйл ажиллагааг таслан зогсоох талаар зохион байгуулж буй ажлаа илүү эрчимжүүлэх шаардлагатай байна.

Өнөөгийн ханшаар нэг км хатуу хучилттай замыг тэрбум төгрөгөөр барьж байгаа тухай мэргэжилтнүүд хэлдэг. Гэтэл ил задгай газар машин угаадаг хэдхэн хүний үйлдлээс болж олон нийтийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Зориулалтын авто угаалгын газруудыг бодвол ил задгай машин угаагчид арай хямд үнэ санал болгодог. Гэхдээ хэдхэн төрөг хэмнэх гэж ил задгай газар, чулуутай бохир усаар машинаа угаалгаснаар хохирох тохиолдол гардаг. Мөн машин дотроосоо эд зүйлээ алдаж хохирсон иргэд цөөнгүй байгаа тухай цагдаагийн газраас мэдээлдэг.

Тиймээс иргэд өөрийнхөө болон нийтийн эрх ашгийн төлөө ил задгай машин угаагчдаар үйлчлүүлэхээс татгалзах хэрэгтэй. Нэг ч хүн үйлчлүүлэхгүй бол тэд зам эвдэж, хөрс бохирдуулахаа болих нь дамжиггүй. Хэдийгээр ажилгүйдэл ядуурал газар авч, ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт өсч байгаа энэ үед өөрсдийгөө ажлын байраар хангаад, хоолны мөнгөө залгуулж байгаа хүмүүсийг буруутгах аргагүй. Гэхдээ олон нийтийн эрх ашиг нэг хүнийхээс ямагт илүү байдгийг хаана хаанаа бодолцох цаг болжээ.

Ж.ОТГОНМЯГМАР

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж