Англи, Франц өрсөлдөгчөө яллаа

Хуучирсан мэдээ: 2012.06.16-нд нийтлэгдсэн

Англи, Франц өрсөлдөгчөө яллаа

“Евро-2012-ын “D” хэсгийн ээлжит тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Талбайн эзэн Украйн болон Францын шигшээ багийн тоглолт 00.00 цагт Донецк хотноо эхэлсэн ч ширүүн борооны улмаас, тамирчдын аюулгүй байдлыг хангах үүднээс тоглолтыг түр завсарлуулсан юм. Ингээд 58 минут саатсан тоглолт дахин үргэлжилж, довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй Францын шигшээ багаас жигүүрийн тоглогч Жереми Менез, хагас хамгаалагч Йоан Кабай нар гоолдсоноор “Гурван өнгөтнүүд” тэмцээний эхний хожлоо авчээ. Тэд нээлтийн тоглолтод Английн шигшээ багтай тэнцэж, оноо хуваасан билээ.

Францын шигшээ баг ийнхүү 23 тоглолтод дараалан хожигдоогүй амжилтын эзэн болж буйгаас гадна домогт Мишель Платини, эсвэл  Зинедин Зидан нарын эрин үеэс хойш тэдэнгүйгээр анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд хожил авсан нь энэ юм.

Английн багийн тухайд өнгөрсөн шөнө Шведийн багийг 3:2 харьцаатай хожсон байгаа. Эхний тоглолтод талбайн эзэн багт 2:1-ээр хожигдсон Скандинавийн баг ийнхүү тэмцээнийг хэсгийн шатнаас орхих нь тодорхой болсон юм. Шведийн багас Глен Жонсон /49’/, Улоф Мельберг /59’/ нар гоолдсон бол Английн шигшээ багаас Энди Кэрролл /23’/, Тео Уолкотт /64’/, эцэст нь 78 дахь минутад залуу довтлогч Дэнни Уэлбэк хожлын гоолыг оруулжээ. Тэд ийнхүү томоохон тэмцээн, уралдаанд Шведийн шигшээ багийг анх удаа хожиж буй ажээ.

Английн шигшээ өдгөө Францын багийн адил дөрвөн оноотой, гэхдээ гоолын зөрүүгээр хэсэгтээ хоёрдугаар байрт бичигдэж байна. Хэсгийн сүүлийн тоглолтоо харьцангуй сул өрсөлдөгч гэж болох Украйны багтай хийх тэдний хувьд үндсэн довтлогч Уейн Рүүни нь эргэн ирнэ. “Евро-2012”-ын хоёр тоглолт өнжих шийтгэл хүлээсэн Рүүни багтайгаа нэгдсэнээр тэд сүүлийн тоглолтдоо тэнцэхэд л шөвгийн наймд шалгарах юм.

“D” хэсэг:

1.    Франц – 4 оноотой
2.    Англи – 4
3.    Украйн – 3
4.    Швед – 0

Өнөөдрөөс хэсгийн сүүлийн бөгөөд шийдвэрлэх тоглолтууд эхэлнэ. Ингэхдээ хэсгийн хоёр тоглолт хоёул 02.45 цагт нэгэн зэрэг эхлэх юм. Хуваарь ёсоор өнөөдөр “А” хэсэгт багтсан Чех vs Польш, Грек vs ОХУ-ын шигшээ багийн тоглолт болно.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж