-Урьдчилж санал өгөх шаардлагатай иргэд байвал энэ удаагийн сонгуулиар яах вэ?
-Энэ удаа урьдчилж санал өгөх гэсэн ойлголт хуулиараа байхгүй. Тиймээс ийш тийш явж байгаа цэргийн албан хаагчдад урьдчилж санал өгнө гэсэн асуудал байхгүй. Харин цэргийн албаа суурин хааж байгаа сонгуулийн насны иргэд сонгуульд оролцоно. ,Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, цагдаагийн байгууллагад захиргааны журмаар баривчлагдсан, албадан саатуулагдсан, цагдан хоригдсон хүмүүс байдаг. Тэдний гэм бурууг шүүх шийдээгүй тохиолдолд сонгуульд оролцох эрхтэй.
Цэргийн албан хаагчид болоод саатуулагдсан иргэдийн нэрсийг санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө тухайн харьяалах байгууллага нь харьяа нутаг дэвсгэрийн хэсгийн хороонд хүргүүлнэ. Хэсгийн хороонд ирсэн нэрсийн жагсаалтыг үндэслэж тухайн хэсгийн нэрсийн жагсаалтад оруулж саналыг нь өгүүлнэ. Харин цагдан хоригдож буй хүмүүсийг цагдан хорих газраас гаргаж санал өгүүлэх боломжгүй. Тэдний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар урьдчилан авах хуулийн зохицуулалт бол бий.
-Тухайн үед эмнэлэгт хүргэгдсэн хүний саналыг яах вэ. Сонгуулийн өдөр саналаа өгч амжилгүй гэнэт эмнэлэгт хэвтсэн хүн байвал яах вэ?
-Хуулиараа бол боломж хязгаарлагдмал. Яагаад гэвэл хуульд биеийн эрүүл мэндийн улмаас биеэрээ санал хураах байранд ирж чадахгүй сонгогчид эмнэлгийн магадлагаатай байх ёстой. Тэгээд санал хураалтаас таваас доошгүй хоногийн өмнө зөврийн хайрцгаар санлаа өгөх хүсэлтээ гаргах хуулийн зохицуулалттай юм.
-Таваас дотогш хоног үлдээд байхад өвдвөл саналаа өгч чадахгүй юү?
-Таваас дотогш хоног үлдвэл яахыг зохицуулсан зүйл хуульд байхгүй. Яагаад тав хоногийн өмнө гэсэн бэ гэвэл тав хоногийн өмнө хүсэлтийг нь авч, нэрсийг нь нягталж байж сонгуулийн хэсгийн хороо зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хүмүүсийн нэрийг жичид нь батлах шаардлагатай. Тэр жагсаалтад дахин өөрчлөлт оруулах үндэслэл байхгүй. Жагсаалтад орсон хүмүүс санал авах байранд биеэрээ очиж санал өгөх боломжгүй хүмүүс гэсэн үг. Хуулиараа жагсаалтыг таваас дотогш хоногт өөрчлөх боломжгүй.