Г.Бадамрагчааг баривчилсныг эсэргүүцэж, мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Г.Бадамрагчааг баривчилсныг эсэргүүцэж, мэдээлэл хийв

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсээс кино найруулагч, СТА Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байгаа юм. Г.Бадамрагчааг цагдан хорих үед хууль бусаар байцаалт хийж, дарамт үзүүлсэн хэмээн түүний ах Г.Нороврагчаа, болон “Цагдаагийн тангараг” кинонд хамтран ажилласан жүжигчин Р.Анхням, Ж.Дорждагва, багш Л.Алдар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр таэквондогийн багш, кинонд орлон тоглогчдыг сургасан багш Л.Алдар “Г.Бадамрагчаа сүүлийн таван жил тулааны урлагийг харуулсан уран бүтээлд найруулагчаар ажилласан. 50 орчим залуугаас шилж сонгон, орлон тоглогчийн дүрд тоглуулахаар 10 залууг сонгосон юм. Тэднийг сургаж, төрийн эрхийг булаах бэлтгэл хийж байна гэж үзсэн юм шиг байна. Үнэндээ бэлтгэгдсэн залуус кино зураг авалтад оролцоод, одоо тус тусын ажлаа хийгээд л явж байна. Тагнуулын ерөнхий газраас нэг удаа намайг байцаалт өг гэж дуудсан. Яаруу очмогц намайг нэг цаг гаруй хүлээлгэсэн. Би гэм хийгээгүй тул айхгүй. Тиймээс хүлээлгүй ажил руугаа явсан. Одоо ч гэсэн ТЕГ-аас дуудвал очиж, байцаалт өгөхөд бэлэн байна” гэж байлаа.

“Цагдаагийн тангараг” киноны жүжигчин Р.Анхням “Би найруулагч Г.Бадамрагчаа ахтай 2007 онд анх “Үнсэлт” кинонд хамтран ажилласнаас хойш уран бүтээлийн төдийгүй гэр бүлийн анд найзууд болсон. Бид байнга холбоотой байж, хийхээр төлөвлөсөн, хийж бүтээсэн уран бүтээлээ байнга ярилцдаг байсан. Г.Бадамрагчаа ахыг баривчлагдсаныг эхнэртэй нь утсаар ярьж, анх мэдсэн. Ийм зүйл болсонд үнэхээр их харамсч байна. Уран бүтээлч хүн нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлд сэтгэл нь зовниж, уран бүтээлээрээ дамжуулж түүнийг олон нийтэд хүргэдэг. Г.Бадамрагчаа ах бол тийм л уран бүтээлчдийн нэг. “Цагдаагийн тангараг 2” кинонд би байцаагч бүсгүйн дүрд тоглосон. Л.Алдар багш 2003 оноос эхлэн надад таэквондогийн урлагаар багшилсан. Энэ киноны орлон тоглогчдыг бэлтгэж байхад би ч бас хамт сургуулилт хийж байсан. Өнгөрсөн 2011 оны өдийд бид зоорь, архины үйлдвэрүүдэд  кино зураг авалт хийсэн” гэв.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж