Бетон зуурмагийн мэргэжилтнийг чанаржуулъя гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Бетон зуурмагийн мэргэжилтнийг чанаржуулъя гэв

Барилга, байгууламжийн голлох материал болох бетоныг чанаржуулах тухай өнөөдөр Монгол-Японы төвд гадаад, дотоодын барилгын салбарын мэргэжилтнүүд цуглан, ярилцлаа.

Барилгын салбар идэвхждэг зуны улирлын онцлогоос гадна сүүлийн жилүүдэд том бүтээн байгуулалт хийх болсноор орон сууцны үнэ болон барилгын материалын үнэ дагаад нэмэгдэж буй. Энэ учир шалтгааныг барилгын голлох материалтай холбон тайлбарлаж байгаа. Харин өнөөдөр барилгын голлох материалын нэг болох бетоны тухай ийнхүү хэлэлцэхээр “Premium concrete” компани, Барилгын инженерүүдийн холбоо болон барилгын бетонын үйлдвэрлэл явуулдаг компаниудын төлөөлөл, Тайвань, АНУ, Хонгконг улсаас барилгын материалын үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд гээд нийт 200 гаруй хүн ирсэн юм.

Бетон зуурмагаар туршлага хуримтлуулсан, үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Япон улсын тухайд улс орныхоо газар зүй, байгаль экологийн нөхцөл байдлаас шалтгаалан барилга, байгууламж нь ихээр эвдэрч, сүйддэг тухай өнөөдрийн хурлаар онцолж байлаа. Ялангуяа газар хөдлөлтөнд төмөр бетонон, модон тоосгон барилгууд нурах, даацын бус  бүтээцийн эвдрэл гардаг байна. Тиймээс ч энэ нөхцөл байдалтай уялдан Япон улс бетон зуурмагаа чанарын өндөр түвшинд хийдэг тул туршлагийг нь үнэлдэг ажээ. Нэг тод жишээ бол, Монгол Улсад Япон улсын буцалтгүй тусламжаар Нарны замыг хийж гүйцэтгэсэн билээ. Уг зам одоог хүртэл эвдрэл гэмтэлгүй байгаад хэн бүхэн ам сайтай байдаг. Тиймээс цаашдаа тус улсын бетон зуурмагийн ажиллагаа, технологиос судлах хэрэгтэйг хурлын үеэр санал бодлоо солилцлож байсан.

Хуралд оролцохоор ирсэн АНУ-ын Барилга, барилгын материалын мэргэшсэн зөвлөх Льюк М.Снеллээс зарим зүйлийг тодрууллаа.


-Монголын барилга байгууламжид ашиглаж буй бетон зуурмаг ямар байна вэ?

-Монгол улс бетоныг хийх материалыг дотоодоосоо бүрэн хангах боломжтой. Материалуудын хувьд  бол чанартай байгаа. Бетоныг сайн зуурсан л бол барилга заавал чанартай босно гэхгүй. Түүнийг хийж байгаа барилгачныг чадваржуулах хэрэгтэй байна.

-Бетон, зуурмагаар АНУ хэр туршлагатай вэ. Монголд хэрэгжүүлэх боломжтой ямар санал байгаа вэ?

-АНУ-д анх бетоныг 1870-аад оноос эхлэн хэрэглэсэн. Тэгэхээр бетон зуурч, барилга барихад  хангалттай туршлагатай гэж хэлж болно. Бидний амжилт дээр суралцахаас гадна алдаа оноог ажиглах нь зүйтэй.  Миний хувьд бетоныг яаж зохист температураар өвлийн улиралд хэрхэн чанартай хийх вэ гэдгийг судалж байна. Өөрөөр хэлбэл, бетонд явагдаж буй химийн урвалыг дэмжихийн тулд бетон дулаан байх учиртай. Үүний тулд ямар томъёогоор бодох хэрэгтэй тухай судалж байгаа юм. Мөн Монгол орон хүйтэн, уур амьсгал холимог учраас тэр талаараа судалгаа шинжилгээ хийвэл бид ч суралцаж болно шүү дээ. Энэ нь Монгол оронд хэрэгцээтэй технологи. Зарим хүмүүс үнсийг бетонд ашиглах тухай ярьж байна. Энэ нь монголд өргөн хэрэглэгдэхгүй байгаа ч Япон, Солонгос, АНУ өргөн хэрэглэдэг.

-Барилгын чанарт АНУ-ын Засгийн газраас хэрхэн зохицуулдаг бол?

-Манай улсын Засгийн газраас Авто зам  гүүрний чанар, барилгын даацад  төрийн хяналт тавьдаг. Харин яг барилгын материалын чанарын тухайд хувийн хэвшлийнхэн нь өөрсдөө хариуцдаг юм. Гэхдээ тэдгээр хувийн компаниуд бетоны үйлдвэрлэлээр гэхэд

Америкийн бетоны холбооноос гаргасан норм, дүрэм журманд захирагддаг.

Харин УИХ-ын тавдугаар сарын нэгдсэн чуулганаар барилгын салбарын үнийн өсөлтийг танахын тулд барилгын материал үйлдвэрлэх 12 үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Үүнд нийт 322 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Хэрэв энэ нь хэрэгжвэл барилгад хэрэгцээт материалуудыг импортоор оруулж ирж, үнийн давалгаанд ордог байдлаас гарах тухай албаныхан онцолж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж