Нэгдүгээрт, зочин дуучин манай Э.Амартүвшинтэй хамт Бээжинд “Опералиа” уралдаанд хамт оролцсон. Өөрөөр хэлбэл, Монголд дуурийн урлаг ямар түвшинд хөгжсөнийг өөрийн биеэр хараад ирсэн гадаад дуучин, тэрхүү уралдаанд түрүүлсэн уран бүтээлчийн эх нутагт, төрөлх тайзан дээр дуулах нь дуучны хувьд ч, үзэгчдийн тухайд ч сонирхолтой үйл явдал болно.
Хоёрдугаарт, Армен улсын Хөгжмийн дээд сургууль буюу эртнээс алдартай Консерватори нь монгол оюутнуудыг тэртээх 1970-аад оноос сургаж эхэлсэн. Хуучнаар ЗХУ-д хөгжмийн чиглэлээр суралцаж төгссөн монгол оюутнуудын бараг тал хувь нь Армений нийслэл Ереван хот дахь Консерваторийн бүтээгдэхүүн билээ. Хийлч, удирдаач, гавьяат жүжигчин Ч.Чинбат тус сургуульд сурч байхдаа Дуурийн театрынх нь симфони найрал хөгжимд ажиллаж байсан. Энэ мэт сэжмээр хоёр улсын хооронд тогтсон соёлын харилцаа олон жилийн уламжлалтай. Гэсэн хэдий ч монголчууд тэнд сурч боловсорч байснаас тус улсаас манайхыг зорьж ирсэн, тоглолт хийсэн уран бүтээлч гэвэл ердөө хийлч Р.Агронян. Тэрбээр одоогоос 30-аад жилийн өмнө манай улсад уран бүтээлээ толилуулж байснаас өөр уран бүтээлч ирж байгаагүй юм байна. Тэгэхээр соёлын өвөрмөц өв, урлагийн содон уламжлалтай уулын ард түмний төлөөлөл болсон дуурийн дуучин ийнхүү тенор хоолойтны шалгуур болсон Каварадоссийн дүрийг бүтээх гэж байна.
Дэлхийн дуурийн театруудын урын санд байнга байдаг цөөн дуурийн нэг бол Ж.Пуччинийн “Тоска” юм. Зохиолыг нь тухайн цаг үед дээдсийн хүрээнийхнийг бишрүүлж байсан Сара Бернар гэдэг дуучинд зориулж бичсэн бөгөөд дуурийн нээлт 1900 онд Ромын “Костанци” театрт болжээ.
Дуурийн үйл явдал 1800 оны зургадугаар сард өрнөнө. Зохиол түүхийн тодорхой нэгэн үеийн нийгэм, улстөрийн байдалд суурилдаг. Итали улс олон жилийн турш бие даасан хотуудаас бүрддэг байжээ. 1796 онд Францын арми Наполеоноор удирдуулан Италид цөмрөн орж ирээд тэнд төр засгаа тунхаглажээ. Тухайн улсыг долоон консул удирддаг байж. Тэдний нэг нь Чезаре Анжелотти. Тус улсыг хамгаалж байсан францууд 1799 онд Наполеоны цэргүүдэд бүслэгдээд байсан Римийг орхиж явжээ. 1800 оны тавдугаар сард Наполеон дахин Итали руу цэрэг оруулсан бөгөөд зургадугаар сарын 14-нд түүний арми Маренгод Австрийн армитай тулсан байна. Ялалтдаа тун итгэлтэй байсан австричуудын удирдагч Мелас элчээ Рим рүү илгээв. Гэсэн ч тэр оройдоо хүч нэмэгдүүлсэн Наполеон тулаанд яллаа юм байна. Мелас дахин элч илгээсэн ч нэмэр болсонгүй. Эдгээр үйл явдлын дараа италичууд Римээс явсан бөгөөд үүнээс хойш францууд 14 жил уг хотод эзэн суужээ. Энэхүү түүхийн зурвас үе “Тоска” дуурийн зохиомжийн суурь.
Дуурь сүмийн зураач Каварадосси шоронгоос оргон сүмд нуугдах гэж ирсэн хуучны нь анд, хотын дарга Анжелоттитой санамсаргүй таарч байгаагаар эхэлнэ. Каварадоссийн сэтгэлт бүсгүй, дуурийн дуучин Тоска найз залуу нь өөрөөс нь өөр бүсгүйн зургийг зураад байна уу даа гэж хардана. Гэтэл үүнээс ч илүү гай зовлон залуу хосыг хүлээж байж. Тоскад дурласан цагдаагийн дарга Скарпиагийн, Каварадоссиг зайлуулах гэсэн хорон санаа өөрийнх нь хүзүүгээр орооно. Өөрөөр хэлбэл Тоска бүсгүй хайртай Каварадоссийгоо аврах гэхдээ цагдаагийн даргыг хутгалж алдаг. Тэгмэгцээ цагдаагийн үхэхээсээ өмнө найруулсан байсан хорын учрыг ухаагүй бүсгүй даргын мэхэнд хууртагдан цаазын тавцанд зогсоо хайртай залуудаа “Одоо хуурамчаар алах дүр эсгэнэ” гэж шивнэх бөгөөд дотоод сэтгэлдээ хайрын галаар бадарч байх. Гэтэл буун дуу тас. Каварадосси үхнэ.