Оюутнууд энэ сарыг дуустал автобусаар үнэгүй зорчино

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Оюутнууд энэ сарыг дуустал автобусаар үнэгүй зорчино

Монголын оюутны холбоо, нийслэлийн Нийтийн тээврийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээнд “Нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутны виза карт зургадугаар сарын 31 хүртэл хүчинтэй” гэж заасан байдаг аж. Гэтэл их, дээд сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотойгоор зарим автобус, троллейбусны кондуктор оюутнуудын виза картыг хураах, бэлэн мөнгө төлөхийг шаардах тохиолдол багагүй гарч буй тухай оюутнуудаас гомдол ирэх болсон байна. Энэ асуудлаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс тодрууллаа.

-Оюутнуудын нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхийн хугацаа хэзээ дуусах вэ?

-Нийтийн тээврийн хэрэгслээр виза карт ашиглан үнэгүй зорчдог бүх оюутан зургадугаар сарын 31-нийг дуустал үнэгүй зорчих эрхтэй. Амарч, хичээл нь завсарласан их, дээд сургуулийн оюутан мөнгөө төлнө, амраагүй сургуулийн оюутан үнэгүй зорчино гэсэн ойлголт байхгүй. Мөн автобусны кондукторууд оюутнуудаас бэлэн мөнгө нэхэх ёсгүй.

-Бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд яах вэ?

-Бэлэн мөнгө нэхсэн тохиолдолд Нийтийн тээврийн газрын 11-323176 дугаарт мэдээлэл өгөх боломжтой. Мэдээллийн дагуу шалгаж үзээд, тухайн автобус компанид хариуцлага тооцох болно.          
                         

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж