улсын Төрийн дууллыг Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргалсайхан,
Б.Сарантуяа, Т.Ариунаа, СТА дуучин Дашдондог нар дуулж олон нийтийн
хүртээл болгосон. Мөн тэдэнтэй яг адилхан хувцасласан бяцхан хүүхдүүд
маш чадварлаг дуулж байгааг та бүхэн сонссон бизээ. Тэд Монголын
хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нар бөгөөд Эх үрсийн
баярыг тохиолдуулан тэдэнтэй уулзаж ярилцлаа.
Б.Энхсайхан: Намайг сонгосонд нь маш их баярладаг
Б.Энхсайхан
Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяатай адилхан хувцас өмсч
дуулсан охин. Тэрбээр өдгөө “Монгень” цогцолбор сургуулийн долдугаар
ангийг дүүргээд байгаа аж. Зургаан настайгаасаа хүүхдийн дууны олон
уралдаан тэмцээнд оролцсон тэрбээр нэг жил дууны дугуйланд суралцаад
Төрийн дууллаа дуулах боломжтой болсондоо ихэд баярладан. Дууны
дугуйланд нийт 200 гаруй авьяастай хүүхдүүд хичээллэдэг ч тэр дундаас
багшийнхаа анхаарлыг татсан түүнд багш нь дуулах санал тавьсан гэнэ.
Тэрбээр сонсгол сайтайн дээр хоолойн цар, чадлаараа авьяасыг мэдэрдэг
багшийнхаа анхаарлыг гарцаагүй татсан нь ойлгомжтой. Энэ жил дууныхаа
дугуйланд явалгүй ерөнхий эрдмийнхээ хичээлийг түлхүү анхаарья хэмээн
шийдсэн охин үүнийхээ үр шимийг ч хүртэн энэ жил онц суралцсан аж.
Төрийн дуулал дуулсанд нь аав ээж нь маш их баярлаж найз нөхөд нь ч их
халуун дотно угтаж авсан хэмээн охин ярьж байлаа. Б.Энхсайхан дуулах
маш сонирхолтой бөгөөд ирээдүйд дуулах ур чадвараа хөгжүүлж дуучин
болох хүсэлтэйгээ хэлж байлаа. Сүүлийн үед хүүхдийн гэх тодотголтой
кино бараг үгүй болсон. Саяхан нээлтээ хийсэн “Мөрөөдлийн зүгт ”киноны
дууг Б.Энхсайхан найз Ж.Халиунтай хамтарч дуулсандаа баяртай байгаагаа
хэлж байлаа.
Б.Тэлмэн:Орос, Итали хэлээр дуулах надад их сайхан байсан
Б.Тэлмэн
хүү дөрөвдүгээр ангиа төгсч байгаа гэсэн ч аль эрт тайзны хүн болжээ.
Тэрбээр төрийн дуулал дуулж байх үеийнхээ нэг хөгжилтэй зүйлээр яриагаа
эхэлсэн юм. Төрийн дуулал дуулахад тэднийхээ хамгийн бага нь буюу
дөнгөж II ангид суралцаж байсан аж. Дөрвүүлээ зэрэгцэж зогсоод баруун
гараа зүрхэн тушаа аван дуулах тэр хэсгийн зураг авах гэтэл хүүгийн
нуруу намдаад байсан гэнэ. Яаж өндөр болох билээ хэмээн гайхаж байсан
хүүгийн асуудлыг “DX” продакшнийн ах эгч нар нь маш хурдан шийдсэнд хүү
тухайн үедээ их гайхаж байсан гэсэн. Хүүг студийн арын хананы өнгөтэй
адил өнгийн сандал дээр гаргаад л дуулуулсан гэнэ. Гайхсан учир нь хүү
энэ хэдхэн өдөр яаж хурдан өсөх вэ хэмээн өдрийн бодол болж байсан
гэдэг. Хүү дууны дугуйланд суралцаад дөрвөн жил болж байгаа гэнэ.
Тэрээр зөвхөн дуулаад зогсохгүй бас “Cood boys” хамтлагийн гишүүн аж.
Хүүхдийн ордны үе тэнгийн найз нөхөддөө “Та нар бидэнтэй” тайлан
тоглолтоо хамтлагаараа тавьсан гэнэ. Гэхдээ зөвхөн монгол бус итали,
орос хэлээр дуулсан нь бас ч их авьяас шаардсанаас гадна бие, наснаас
нь хэтэрсэн оролдлого хэрэгтэй байснаа нуусангүй. Хүү “Мөрөөдлийн зүгт”
киноны гол дүрд тоглоод мэргэжлийн хүмүүсээс багагүй өндөр үнэлгээ
сонсоод байгаа гэнэ. Хүүгийн авьяас багаасаа илэрсэн бөгөөд хүүхдийн
дууны “Бяцхан цох” CD гаргахаар шалгаруулалт хийхэд түүний дуулсан дуу
тэргүүлсэн аж. Кинонд тоглох бас хэцүү бөгөөд клип хийлгэхээс эрс
ялгаатай байдгийг кино зураг авалтын үед мэдэрлээ хэмээн хүү хэзээний
кино од мэт ярьж байсан. Авьяаслаг хүү СТА дуучин Дашдондогийн “Бага
насны дүр”-хийг бүтээхдээ төрийн дууллаа яг өөрийнхөөрөө дуулахыг
хичээсэн хэмээн хэлж байлаа. Клип хийлгэхэд зөвхөн дуугаа дуулдаг
байсан бол кинонд үнэмшилтэй жүжиглэхээс гадна текстээ цээжлэх дуулах,
бүжиглэх гээд олон зүйлд хүч сорьсон аж. Гэсэн ч хүү энэ бүхний ард
гараад найзууддаа баяраар нь үзүүлэх кинотой болгож чаджээ. Хүү
ирээдүйгээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг хүсч байгаа
ч хичээл сургуульдаа хичээнгүйлэн суралцаж онц гарснаа хэлж байсан юм.
Би Ардын жүжигчин П.Дамчаа гуай шиг жүжигчин болмоор байна
Э.Мөнхбаатар
хүү ийн ярьж байхад нь мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл нүдэнд нь гэрэлтэж
байсан. Энэ хүүг хүүхдүүд төдийгүй томчууд ч сайн мэдэх болсон.
“Боловсрол суваг” телевизийн хөтлөгч болоод удаж байгаа энэ хүү “Гэрт
хүн үлдэв”, “Цод”, “Нартай өрөө” гэх мэт хүүхдийн нэвтрүүлгийг
чадварлаг хөтөлдөг. Нийслэлийн 45 дугаар сургуулийн наймдугаар ангийг
төгсч байгаа ч биеэр жижигхэн тэрбээр энэ насандаа байхгүй их ажлыг
амжуулдаг нь ярианаас нь илт байсан. Түүнийг хүүхдийн холбогдолтой зар
сурталчилгаанд тоглуулахыг олон хүн хүсдэг аж. Хүү хичээлдээ явах,
нэвтрүүлгээ хөтлөх, дугуйландаа суралцах “Cood boys” хамтлагийнхаа
бэлтгэл хангах гээд гээд өдөртөө бараг чөлөө зав гарахгүй ажилладаг
гэнэ. Хилийн дээс аль эрт давж үзсэн хүү Оросын хэд хэдэн хотоор
тоглолт хийн, цөөнгүй уралдаан тэмцээнд оролцоод амжжээ. Дууны
дугуйланд хичээллээд найман жилийн нүүр үзэж байгаа хүүд анх Монголын
үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгт оролц гэсэн саналыг
С.Ганчимэг багш нь тавьснаар жүжигчин, уран бүтээлчдийн анхаарлыг зүй
ёсоор татсан гэнэ. Хүүг чадварлаг ярьж, дуулж байгааг Амбий анзаараад
зүгээр өнгөрөөсөнгүй. Хошин урлагийн “Захиалгат инээд ” хамтлагийнхан
анхааралдаа аван хүүгээс олон талын авьяас чадварыг нь шалгасан аж.
Ийнхүү шалгуулсны эцэст тус хатлагийн гэрээт жүжигчин болж ажиллаж
байсан аж. Хүү хамгийн анх 45 мянган төгрөгний цалин авч байжээ.
Баярлахдаа ээждээ болоод өөртөө амттай гэх бүхнийг аваад дуусгаснаа
баяр хөөртэй ярьж байлаа. Хүүгийн удамд урлагийн хүн байгаа эсэхийг
сонирхоход “Аав маань дуучин байсан” хэмээн хариулсан юм. Хүүгийн аав
бурхан болсон бөгөөд хүү авьяаслаг аавынхаа үргэлжлэл болох хүсэлтэй
гэнэ. Хүү маш завгүй зарим үед хичээлдээ очихгүй байх тохиолдол байдаг
ч зарим нэг багш нар нь хичээлээ орхилоо хэмээн дургүйцдэг ч миний
ирээдүйн төлөө ингэж байгаа юм хэмээн хэвлүүхэн хэлж байсан. Олон сайн
сайхан, авьяаслаг хүмүүсийн дунд байгаа түүнд мэргэжлээ сонгоход бас
хэцүү байгаа бололтой. Тэрээр дуучин болохгүй гэнэ. Компьютер графикч
болвол телевизийнхээ Даамиа ах шигээ болно гэнэ. Харин найруулагч
болвол н.Болд найруулагч шиг хүн болно гэв. Харин жүжигчин болвол
Ардын жүжигчин П.Дамчаа гуай шиг чадварлаг хүн болж эсрэг талын дүрийг
амилуулахыг хүсдэгээ нуусангүй.Тэрээр “Мандухай цэцэн хатан” киноны
Эсмэл тайжийн дүргийг бүтээсэнг нь хараад бишрэн шүтсэн гэнэлээ.
Ялангуяа түүний маш чадварлагаар эсрэг дүр бүтээж байгааг хараад ийн
бодох болсон гэнэ. Төрийн дуулал дуулахдаа Жаргалсайхантай адил болох
гэж урт үс хайснаа хөгжилтэй ярьж суусан.Чөлөөт цаг гарах л юм бол тэр
сагс тоглохыг хичээдэг гэсэн.
Урлаг, сурлагаа хослуулж амжилттай байгаа минь ээжийн ач
Гавьяат
жүжигчин Т.Ариунаатай адил хөх өнгийн даашинз өмсөн төрийн дуулал
дуулдаг охиныг Ж.Халиун гэдэг. Тэрээр 23 дугаар сургуулийн наймдугаар
ангид орох аж. Хамтарч Төрийн дуулал дуулсан энэ дөрвөн хүүхдээс
хамгийн их өссөн нь тэр байсан. Хоёр жилийн өмнө төрийн дуулал дуулж
байхдаа өмсч байсан хувцсаа өмсөхөд Ж.Халиуных хувцас багадсан байсан
гэнэ. Охин анх Хүүхдийн ордны дууны дугуйланд ороход С.Ганчимэг багш нь
ритм их сайн хүүхэд байна хэмээн хэлж байсан гэдэг. Охин дугуйландаа
маш дуртай явдаг байсан ч аав ээжтэйгээ Солонгос улсад гурван жил
амьдраад ирэхэд сургуульд орох нас нь аль эрт болсон байжээ. Охин
солонгос хэлийг мартахгүй гэхдээ гадаад хэлний сургалттай сургуульд А
үсэг мэдэхгүй орсон аж. Гэсэн хэдий ч уйгагүй хичээж сурсны ачаар одоо
санаа зовох зүйлгүй болжээ. Охин эмээгээ маш сайхан дуулдаг хүн байсныг
дурсч байсан. Долоо хоногт гурваас дээш өдөр дугуйландаа явдаг охинд
зав маш бага байдаг гэнэ. Тэрбээр хүүхдийн олон дууг дуулж “Бяцхан цох”
хүүхдийн дууны CD-ний 25 дууны хоёр дууг өөрөө дуулж 20 гаруй дуунд нь
хоолой хийсэн аж. Охин хоолойгоо студид бичүүлсээр 24 цаг хүрэх
тохиолдол цөөнгүй байдаг. Ээж нь тухайн өдөр хийх ёстой ажлаа хийж
дуусгах ёстой хэмээн хичээлийг нь үргэлжлүүлэн давтуулж шөнийн хоёр цаг
хүртэл суулгадаг байжээ. Охин тухайн үедээ ээждээ бага зэрэг гомдож
байсан ч сурч мэдсэн зүйл нь маргааш нь хэрэг болж байгааг мэдэрснээ
хэлээд “Би хичээлдээ ч сайн бас дуугаа дуулж маш олон зүйл амжуулж
амжилттай байгаа минь ээжийн минь ач” хэмэээн ярьж байсан. Охин
Солонгос багшийгаа хайрлан хүндэтгэдэг аж. Олон улсын байгууллагын
шугамаар ирсэн багш нь түүнд цаг зав гарган хэл сурахад нь маш их
анхаардаг бөгөөд багшийнхаа зааж өгсөн дуугаар солонгос дууны уралданд
оролцон II байр эзэлжээ. Охин “Мөрөөдлийн зүгт” киноны дууг дуулж
киноны нээлтэд оролцсондоо их баяртай байгаа аж. Охин ирээдүйд эдийн
засгийн чиглэлээр суралцан эх орондоо ихийг бүтээх хүсэлтэй байгаагаа
бидэнд хэлсэн.
Одоогоос хоёр жилийн өмнө хамтарч
дуулсан гэх авч бидэнтэй уулзсаныхаа дараа хөгжимгүйгээр дуулахад яг л
бичлэгт орох гэж байгаа мэт алдалгүй дуулж байсан тэд. Хувцаснууд нь
яльгүй багадсан хүүхдүүд Төрийн дууллаа дуулсандаа тэр дундаа анх удаа
хүүхдүүд дуулж клип хийлгэсэн анхдагч болсноороо маш их бахардаг гэсэн.
Тэднийг цэцэрлэгт байхад багш нар нь Төрийн дуулал зааж сургасан
байсан ч шинэ үгээ дор нь цээжилж ийнхүү дуулж олны хайр хүндэтгэлийг
хүлээсэн аж. Тэд хэдхэн жилийн дараа Монголдоо төдийгүй дэлхийн тавцанд
эх орныхоо нэрийг гаргасан авьяаслаг хүмүүс болох нь дамжиггүй. Зүрхэн
тушаа гараа байрлуулж “Жавхлант манай орон мандтугай” хэмээн дуулж
байгаа бидний хойч ирээдүй болсон эдгээр авьяаслаг хүүхдүүд болон бусад
хүүхдүүддээ баярын мэнд хүргэж, аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг
хүсье.
Х.Оюунсүрэн /2008 оны 6 сарын 2/