Бээжинд хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XX уралдаанд оролцож, тэргүүн байрыг нь хүртээд эх орондоо ирсэн түүнийг ДБЭТ-ынхан болон сэтгүүлчид театрын үүдэнд угтаж авсан юм. Э.Амартүвшин мэргэжлийн багштайгаа зэрэгцэн суугаад хэвлэлийнхний асуултад хэрхэн хариулсныг сонирхуулъя.
-Уралдааны талаарх албан ёсны мэдээлэл төдийлөн байсангүй. Нэг бол 1000-аад дуучин оролцсон, үгүй бол 600-гаад гэсэн тоо байгаа юм. Тодруулж ярина уу?
-Энэ уралдааныг дэлхийн том хотуудад зохион байгуулсаар ирсэн. Сая 20 дахь нь Бээжинд болж өнгөрлөө. Мадрид, Парис, Токио, Москва зэрэг том хотод болж байжээ. Үүнд жил бүр олон орноос 1000-аад дуучин оролцох мэдүүлгээ бичлэгээр өгч ирсэн юм билээ. Тэднээс эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 дуучин шилж тайзнаа өрсөлдүүлэхээр урьдаг уламжлалтай. Энэ жилийн тухайд 19 орны шилдэг дуучид өрсөлдлөө. Эхний шатнаас 20-ыг хоёрын даваанд авч үлдсэн. Харин гуравдугаар шатанд нь 13 дуучин үлдээж тэргүүн байрын төлөө симфони найрал хөгжимтэй дуулуулж өрсөлдүүлсэн. “Опералиа” бол үнэхээр том, бүр агуу уралдаан юм гэдгийг ойлголоо. Оролцогчдын чансаа, зохион байгуулалт, дуучдыг хүндэтгэж байгаа байдал нь үнэхээр аль ч уралдаантай зүйрлэхээргүй. Зорилго нь орон орны шилдэг залуу дуучдыг гаргаж ирэх, дэмжих, нэр хүнд, карьерийн хувьд өсгөх зорилготой. Төгсгөлийн шатанд АНУ, Хятад, ОХУ, БНСУ, Итали, Финланд, Канад, Монгол гэсэн орны дуучид тэргүүн байрын төлөө өрсөлдсөн. Тэгхэд энэ удаа шүүгчид уралдааны түүхэнд байгаагүй шийдвэр гаргасан. Анх удаа тэргүүн байрын шагналыг хувааж олголоо. Энэ нь байрыг хуваасан хэрэг болохоос шагналыг хуваасан гэсэн үг биш юм.
-Тэргүүн байр эзэлсэн хоёр дуучин эн тэнцүү байсныг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болох уу?
-Болно. Нэгдүгээр байр эзэлсэн нөгөө уран бүтээлч Америкийн дуучин. Маш өвөрмөц, дэлхий дээр ховор контртенор хоолойтой. Эрэгтэй хүн хэрнээ эмэгтэй хүн шиг дуугардаг, 13 наснаасаа энэ чиглэлээр хичээллэж суралцсан гэсэн. Дуулж байгаа нь ердөө л хөгжим шиг сонсогддог.
-Өөр ямар хүчтэй өрсөлдөгч байсан бэ?
-Шилмэл 40 дуучин тус бүртээ улс орондоо шилдгүүд. Тэдэн дундаас Нео Алдо гэж БНСУ-ын мундаг баритон, Роман гэж надтай хамт Германы Дрезденд болсон уралдаанд гуравдугаар байр эзэлсэн дуучин байсан. Туркээс гайхалтай гоё баритон иржээ. Энэ уралдаан хэцүү, сэтгэл санааны хувьд дарамттай байлаа. Нэг л түгшээд байсан. Магадгүй олон орны шилдгүүд цугласан байсан болохоор тэр биз ээ. Сүүлдээ гайгүй болсон л доо.
-Ямар бүтээлүүд дуулав?
-Эхний шатанд С.Рахманиновын “Алеко” дуурийн Алекогийн ари, Лион Кавало дуурийн пролог, мөн Испанийн нэгэн хошин дуурийн ари дуулсан. Хөтөлбөрт заавал дуулахаар заасан дуу л даа. Хоёрдугаар шатанд Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттогийн ари дуулсан. Шийдвэрлэх гуравдугаар шатандаа намайг дахиад Риголеттогийн аригаа дуулчих гэж Доминго өөрөө нэрлэж өгсөн. Зөвлөснөөр нь дуулаад түрүүллээ.
-Яагаад заавал Риголеттог гэсэн юм бол?
-Энэ ари надад зохиж байна гэсэн. Нөгөөтэйгүүр нас залуу дөнгөж 26-тай байж ийм хүнд ари дуулж байгааг гайхаж байна, гэхдээ чадна гэсэн. Бусдаас ялгарах гарц гэж үзсэн байх л даа.
-Үнэхээр хүнд ари юм уу?
-Ер нь бол дуучид нас 40 гарч байж, хоолойгоо нэлээд суулгаж байж барьж авдаг ари. Буруу дуулбал дахиж дуулахаа байтлаа эрсдэх аюултай. Миний хувьд бол оюутан байхаасаа нухсан болохоор өөрийн болгосон, хоолой ч дассан. Зан чанар, дотоод хүнтэй маань тохирдог бүтээл байгаа юм. Тийм болохоор уралдааныг төвөггүй давж гарлаа. Ц.Ерөө багш маань багаас бэлтгүүлж байсны үрээр өнөөдрийн амжилтад хүрлээ.
-Та түрүүн америк дуучны онцлогийг их сайхан тодорхойлж хэллээ. Түүн шиг таны тухай тэнд хэн нэгэн тодорхойлж ярьсан байх. Хэн юу гэж байв?
-Домогт дуучин Доминго миний тухай ярьсан байсан. Өнгө гоётой, хүч сайтай, өвөрмөц дуучин байна гэсэн байна билээ. Миний өссөн орчин нөхцөл, хоол унд, агаар усны тухай ярилцсан байсан. Бас монголчууд мах их иддэг тухай ч ярьцгаасан байна билээ.
-Домог болсон дуучинтай хэр ойр байсан бэ?
-Үргэлж л хамт байсан. Нэг дор бэлтгэл сургуулилалт хийгээд л, хамт хооллоод л. Эхэндээ ч энэ бүхэнд итгэхгүй сандарч байсан л даа. Ойртохоор л өвдөг чичирч, гар салгалаад байсан. Сүүлдээ дасаад, яаж сайн дуулах тухайгаа л боддог болсон.
-Та орос менежертэй гадаад агентлагт хамаардаг болжээ?
-С.Молчанов гэж мундаг сайн менежерийн удирддаг “Smоlart” агетлагийн дуучин болсон, би. Намайг энд ажлаа тайван хийж байхад тэр хүн уралдаан, арга хэмжээнүүдийн ажлыг зохицуулж байдаг. Энэ уралдаанд зуучилж амжилттай оролцуулсан түүнд маш их баярлаж байна. Сонирхуулахад өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Пласидо Домингогийн нэрэмжит “Опералиа” уралдаанд оролцохыг урьж байна гэсэн урилга ирсэн. Миний төрсөн өдрийг тохиолдуулан гэнэтийн бэлэг барьж байна гээд баяртай мэдээ илгээсэн байсан. Би их баярласан.
-Амраад одоо оролцоогүй уралдаан үлдсэнгүй гэж дуучид ярьж байна, үнэн үү?
-Уралдаан ч байгаа л даа. Оролцох уу, үгүй юу гэдэг л байна. “Кардиффийн” хэмээх BBC-гээс зохион байгуулдаг уралдаанд оролцох төлөвлөгөө бий. Гэхдээ энэ талаар ярих эрт байна.
-Та зун юу хийх вэ?
-Нутагтаа тухтай очиж амрах төлөвлөгөөтэй.
-Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
-Баярлалаа. Миний амжилт бол эрдэмтэн олон багш нар, театрын хамт олон, төгөлдөрч хуурч Б.Солонго багш зэрэг олон хүний хүчин зүтгэлийн үр дүн юм шүү. Гуравдугаар шатанд гараад ирвэл очиж дэмжинэ гэж амласандаа хүрч, очиж дэмжсэн театрын захирал Б.Сэргэлэнд талархал илэрхийлье.
-Ингэхэд энэ том уралдаанд оролцох зардал, санхүүгийн асуудлыг зохицуулахад хүндэрл гарав уу?
-Энэ уралдаан агуу юм гээд байгаа нь учиртай. Бүх зардал цаанаасаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин