Монголын нүүрс Австралийг “гомдоож” байна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Монголын нүүрс Австралийг “гомдоож” байна

Ази тивийн түүхий эдийн зах зээлд ноёрхлоо тогтоосон Австрали улсад нэгэн том өрсөлдөгч гарч ирж буй нь Монгол Улс.

Бид Хойд Ази буюу энэ тивийн түүхий эдийн хамгийн том хэрэглэгчийг Австралиас урвуулан авах боломжтойгоороо австра­личуудыг гомдоох үүд хаалга нээлттэй байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд бүс нутгийн төдийгүй дэлхийд түүхий эдийн эрэлтээрээ тэргүүлэгч Хятадын коксжих нүүрсний импортын 44 хувийг монголчууд хангасан аж. Харин австраличуудын хувьд энэ тоо 22 хувь байжээ. Дээрх харьцаа улам холдох шинжтэй байгааг шинжээчид онцолсоор байна. Учир нь дэд бүтэц маш сул хөгжсөн боловч Монгол Улс урд хөршийнхөө импортод томоохон нийлүүлэгч нь болж чадаж буй. Үүний зэрэгцээ удахгүй баригдаж дуусах Монголын шинэ төмөр зам австраличуудын хувьд хар дарсан зүүд нь болж байна.

Шинэ төмөр замын “буян”-аар Австралийн уул уурхайнхан Хятадаас гадна япон, солонгос үйлчлүүлэгчдээ ч монгол чонын аманд алдах эрсдэлтэй тулгарч буй. Австралийн Ньюкасл боомтоос Өмнөд Солонгос руу түүхий эд тээвэрлэхэд 17 өдөр шаардагддаг. Заримдаа цаг агаарын байдлаас болж тээвэрлэлтийн зардал ч өсдөг. Харин манай улсын барьж буй шинэ төмөр зам ашиглалтад орсноор Сибирийн далайн боомтуудад хүрэхэд гурав хоног зарцуулах ба тэндээсээ Япон тэнгис хүрэхэд дээрхээс ч бага хугацаа шаардах нь тодорхой болоод байна. Тиймээс газарзүйн тун ашигтай байрлал болоод ашигт малтмалын арвин нөөц нь Монголыг дэлхий нийтийн, тэр дундаа хөрөнгө оруулагчдын анхаарлыг зүй ёсоор татахад хүргэж буй. Хамгийн сүүлд гэхэд Сингапурын төрийн хөрөнгө оруулах агентлаг “Темасек” “Оюутолгой” төслийг гардан гүйцэтгэж буй Канадын “Айвенхоу Майнз” дахь эзэмшлийн хувиа 5.5 хувиар нэмэгдүүлсэн. Үүнээс долоо хоногийн өмнө Энэтхэгийн Ган төмрийн хэрэг эрхлэх газрынхан Монголд коксжих нүүрсний төсөл гүйцэтгэх талаарх гэрээг үзэглээд амжсан.

“Стандарт Чартеред” банкны үзэж буйгаар Хятад улс хойд хөрш буюу манай улсаас нийлүүлэх коксжих нүүрснийхэг хэмжээг нэмэгдүүлэх санаатай байгаа гэнэ. Учир нь Монголоос импортолж буй коксжих нүүрсний үнэ ханш нь далайн чанадаас импортолж буй бүтээгдэхүүнээс харьцангуй хямд буюу дунджаар тонн бүрийг нь 25 ам.доллараар авч буйг “Стандарт Чартеред” онцолжээ. Хэдхэн жилийн өмнө Хятадын импортын дулааны нүүрсний дийлэнхийг Австрали улс нийлүүлдэг байсан бол өдгөө Индонези Австралийг ардаа орхисон байна. Харин “Стандарт Чартеред”-ийн тооцоолсноор манай улс олборлож буй бараг бүх дулааны нүүрсээ урд хөрш рүү экспортлох төлөвтэй байгааг манай өрсөлдөгчдөд зарлажээ. Энэ хооронд Монголд үйл ажиллагаа явуулж буй Австралид төвтэй “Aspire mining” компанийн ашиг өсөх хандлагатай болж байна. Коксжих нүүрсний тогтоогдсон нөөцийн хэмжээгээрээ Монголд гуравдугаарт ордог ордын лицензийг эзэмшиж буй тус компанийн ашигт Мөрөн-Эрдэнэт чиглэлийн 406 км шинэ төмөр зам эергээр нөлөөлж магад хэмээн “Стандарт Чартеред”-ийнхэн үзэж буй. Дээрх төмөр зам баригдсанаар “Aspire mining” олборлосон ашигт малтмалаа Монголын төмөр замын гол шугамаар дамжих боломжтой болох юм. Дашрамд сонирхуулахад, манай улсын нөөц нь тогтоогдсон томоохон 10 ордын нийт үнэлгээ нь 2.75 их наяд ам.долларт хүрээд буй. Энэ нь дэлхийн тэргүүлэгч хөгжилтэй зарим орны эдийн засгийн хэмжээтэй нь тэнцэж байгаа аж.

А.АРИУНБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж