Орос нүүрсний экспортоо Хятад руу хандуулна

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Орос нүүрсний экспортоо Хятад руу хандуулна

Өнгөрсөн сараас эхлэн Оросын уул уурхайн салбар дахь хувийн хэвшлийн томоохон компани болох En+ групп Хятад руу эрчим хүчний нүүрс экспортолж эхэлжээ. Учир нь нүүрсний зах зээл сүүлийн хугацаанд улам “суларсаар” байгаа тул экспортоо Хятад руу чиглүүлэх бодлого баримталж буйгаа En+ группын Ерөнхий захирал Андрей Чурин мэдэгджээ. Оросын хувьд Хятадтай тус улсын нүүрсний гол нийлүүлэгчид болох Австрали, Индонезоос харьцангуй ойр оршдог ч тээвэрлэлтийн хувьд асуудалтай байгааг тэрбээр тэмдэглэжээ. Тус группын нүүрсний салбар компани одоогоор Хятад руу 5 сая тонн нүүрс экспортлох боломжтой ч дэд бүтцийн бэрхшээл тулгамдсан асуудал болоод байна. 2016 он гэхэд En+ жилдээ 20 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. Өнгөрсөн жил  En+ 16.6 сая тонн нүүрс олборложээ.

Тус групп Тавантолгойн Баруун Цанхийн хэсэг дэх Стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт Оросын төмөр зам, Суэк зэрэг компаниудтай оролцохоор хэлэлцээр хийж буй билээ. Гэвч тус компанийн Ерөнхий захирал Андрей Чурин “Бидний хувьд энэхүү тендер хэрхэн явагдаж байгаа нь тодорхойгүй байгаа. Шалгаруулалт тодорхойгүй тендерт оролцох нь амаргүй байна. Тендерийн явц тун улстөржсөн шинжтэй байгаа. Бид улс төржсөн зүйлд тоглохоосоо илүүтэй нүүрс олборлохдоо хавьгүй сайн” гэжээ.

Үүнээс үзэхэд Монголын талд оросууд аль хэдийнэ “тунирхахд” эхэлжээ. Гэхдээ Баруун Цанхийг “Эрдэнэс Тавантолгой” компани бие даан олборловол хувьцааны үнэлгээ нь илүү дээшлэх магадлалтайг мэргэжилтнүүд зөвлөж байгаа. Нөгөөтэйгүүр “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ олон улсын зах зээлд хүргэх асуудал одоо хэр нь нарийн тодорхой болоогүй байгаа цагт оросуудтай харилцаагаа сайнаар хадгалах нь чухал гэдэг нь эргэлзээгүй.

Хамгийн тодорхой зүйл гэвэл оросууд нүүрсний зах зээлээ өргөтгөхөөр зэхэж байна. Гэвч төмөр замын дэд бүтцийн хөгжлийг сайжруулах ажил оросуудад үлджээ. Ийм үед “Эрдэнэс Тавантолгой”-н олон улсын зах зээлд хүрэх гол сонголт эхний ээлжинд Орос гэхээсээ урьдаар Хятадаар дамжих хувилбар илүү бодитой болж мэдэх юм. Гэсэн ч транзит тээврийн асуудал дээр Монгол-Хятадын тал нэгдсэн шийдэлд хүрэх тал дээр нааштай шийдвэр битгий хэл сураг чимээ ч байхгүй байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж