Египетийн парламентыг тараахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Египетийн парламентыг тараахыг уриалав

Египетийн Дээд шүүх парламентын доод танхимыг тарааж, дахин сонгууль явуулахыг уриалсан нь тус улсад дахин аюулын харанга дэлдэж орхижээ. Тус улсын дээд шүүх ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь үе шат эхлэхэд ердөө нэг хоног дутуу байхад парламентын сонгууль Үндсэн хууль зөрчсөн гэж мэдэгдсэн гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард 24-нд Египетийн ерөнхийлөгчийн сонгууль болоход 13 нэр дэвшигчийн хэн нь ч сонгогчийн 50 хувиас дээш санал авч чадаагүй юм. Хамгийн олон санал авсан “Лалын ахан дүүс” намын нэр дэвшигч Мохамед Мурси, “Эрх чөлөө, шударга ёс” намын нэр дэвшигч, Хосни Мубаракийн үед Ерөнхий сайд байсан Ахмед Шафик нар маргааш сонгуулийн хоёрдугаар шатанд өрсөлдөх гэж байгаа билээ. Египетийн дээд шүүхийн уриалгыг “Лалын ахан дүүс” намын нэр дэвшигч “хүндэтгэж үзэх ёстой” гэж мэдэгдсэн бол улс төрийн бусад хүчнүүд эсэргүүцэж, цэргийн эрхтэн, дархтанууд эрх мэдлийг эргүүлэн авахыг санаархаж байна гэж үзэж байгаа гэнэ. “Лалын ахан дүүс” намын өөр нэгэн улс төрч парламентын дахин сонгууль явуулвал Египет харанхуй ангал руу унана гэж ярьжээ. Хосни Мубаракийг огцруулсны дараах парламентын анхны чөлөөт сонгуульд “Лалын ахан дүүс” нам сонгогчдоос 46 хувийн санал авсан юм. Хэрэв Дээд шүүхийн уриалснаар парламентын сонгуулийн үр дүнг хүчингүйд тооцвол шинээр сонгогдох ерөнхийлөгч парламент ч үгүй, Үндсэн хууль ч үгүй ерөнхийлөгч болно гэж зарим улс төрчид анхааруулсан байна. Дээд шүүхийн дээд уриалга тус улсын парламентын хамгийн том нам болох “Лалын ахан дүүс” намын гишүүдийг хилэгнүүлж байгаа аж. “Лалын ахан дүүс” намын ард Египетийн цэргийнхэн буй хэмээх мэдээлэл гарсан ч батлагдаагүй юм.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж