Мах магнаг болсон нь ченжүүдийн буруу биш

Хуучирсан мэдээ: 2012.06.15-нд нийтлэгдсэн

Мах магнаг болсон нь ченжүүдийн буруу биш

Сүүлийн үед монголчуудын хамгийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох махны үнэ хадаад байна. Ердөө хагас жилийн өмнө нэг бүтэн хонь авах мөнгөөр өнөөдөр ганц гуя авч хүрэхтэй үгүйтэй болжээ. Алдааг бусдаас хайх, бусдыг буруутгах амархан. Харин учир шалтгааныг нь ухан олж, шийдвэрлэх арга гарцыг хайх нь амаргүй.  Миний бодлоор махны үнийн огцом өсөлтөд ченжүүд буруугүй ээ. Бас хэдэн малаа гэж халуунд халж, хүйтэнд хөрч, өөрийгөө ч мартан амьдарч яваа малчид буруугүй.  Хэдэн малаа зараад, малчдын гар дээрээ авч байгаа мөнгө ч сараар биш өдрөөр өсч байгаа махны үнэ шиг нэмэгдээгүй. Махны үнэ тасралтгүй нэмэгдээд байгаа нь мах бэлтгэл, тэр дундаа махны экспортын буруу бодлоготой салшгүй холбоотой. Монголчууд 180-200 мянган тонн махыг дотооддоо хэрэглэж, 15-20 мянган тонн мах экспортолж байна. Нийт махны 5 орчим хувийг л үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, бусад нь ченжүүдийн сүлжээгээр дамжин бидний гар дээр ирдэг. Нийт үйлдвэрлэж байгаа махны 24,5 хувь нь үхрийн мах байдаг, энэ нь махны экспортын 90 орчим хувийг эзэлдэг. Гэтэл монголын мал сүргийн 50 хувь нь ямаа, монголчуудын иддэг махны дөрөвний нэг нь л ямааных байдаг.  Нэгэнт махны экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэгийн хувьд үхрийн махны эрэлт хэрэгцээ зах зээл дээр ямагт өндөр байх нь ойлгомжтой, түүнийг дагаад үнийн өсөлт ч байх нь зүй. Харин бусад махны үнэ түүнийг дагаад зохиомлоор хөөрөгдөн өсч буйг судалж, шинжлэх газар алга.

Социализмын үед Монгол улс малаа амьдаар нь гаргаж, махыг нь хямдханаар экспортолдог байсан нь эдийн засгийн хувьд бидэнд хохиролтой наймаа байсан. Өнөөдөр ч мах бэлтгэл, борлуулалтын буруу бодлого хэвээрээ л байна.  Махны үнийг барихын тулд жил бүр татвар төлөгч та, бидний мөнгөнөөс өчнөөн хөрөнгө төсөвлөж, нөөцийн мах бэлтгэдэг болоод олон жил өнгөрлөө. Түүхий эдийн бирж байгуулах тухай ч ярьж эхэллээ. Түүхий эдийн бирж байгуулах бол асуудлын нэг л тал. Бирж байгууллаа гээд өнөөдрийн бэрхшээл өргөс авчихсан юм шиг арилчихгүй ээ. Яагаад гэвэл жин дээр хэлбэлзэх махны үнэ өнөөгийн нийгэмд бугшчихаад, бидний анзаарахгүй байгаа томоос том сүүдрийг илчилж байгаа юм. Монголчуудын 30 хувь буюу 750- 800 мянган хүн хоол тэжээлээсээ илч тэжээлээ авч чадахааргүй ядуу зүдүү амьдарч байна.

Монголын нийгэмд өнөөдөр шударга хуваарилалт, шударга өрсөлдөөний механизм ус агаар мэт үгүйлэгдэж байна. Хэрвээ нийгэмд шударга хуваарилалтын механизмыг тогтоож чадаад, төр оролцох юмандаа оролцоод, зохицуулах зүйлээ зохицуулаад явбал “мах магнаг болох” учиргүй ээ. Тэр цагт монгол хүн бүр эрхэлсэн ажилтай, шударга хөдөлмөрөөрөө дэвжсэн амьдралтай, аз жаргалтай, амгалан тайван амьдарна гэж би боддог.

И.НАРАНТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж